Цаг үе

Эмч нар тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ

Эрүүл мэндийн ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэхийг шаардаж, Төв талбайд суулт зарлаад 10 гаруй хонож байгаа билээ. Тэгвэл энэ онд тэдний цалинг хоёр дахин нэмэх боломжгүй байгаа талаар Засгийн газраас мэдээлээд буй юм.

Тэгвэл эмч нар өнөөдөр Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буй талаараа мэдээллээ.

Эмч нарын төлөөлөл “Нийгмийн түншлэлийн хүрээнд салбарын яамтай хамтын хэлэлцээ байгуулсан. Одоо цалин мөнгийг нэмэгдүүлэхийг шаардаж байна. Эмнэлгүүд төсөв байхгүй гэх шалтгаанаар эмч нарын ээлжийн амралтын мөнгийг хоёр хувааж өгч байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөхгүй байна. Илүү цагийн мөнгийг нь ч өгөхгүй эмнэлэг бий. Наадмын амралтын өдрүүдэд ч бид суултаа үргэлжлүүлнэ. Энд хүний эрүүл мэнд, амь нас эрстэх юм бол цалин нэмэх асуудлыг шийдэхгүй байгаа төр хариуцлага хүлээнэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 56 мянган эмч ажилчид монгол улсын гурван сая хүнийг эрүүл, энх байлгахын төлөө цаг наргүй ажиллаж байхад цалин хангалтгүй байна. Тиймээс ҮАБЗ-ийг хуралдуулаад, эрүүл мэндийн алба хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна” гэлээ.

Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Тэвчээр алдарч байна. Хөдөө орон нутгаас ч эмч нар тэмцлийн өөр хэлбэрт шилжихийг шаардаж байна. УИХ-ын гишүүдээс эхлээд ихэнх нь гэртээ сууж байгаа. Гэтэл эмч нар гэртээ харих цаг наргүй ажиллаж байна. Тиймээс эмч нар УИХ-ын шийдвэрт хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Энэ асуудлыг битгий улс төржүүлээрэй. Хаврын чуулганыг дахин хуралдуулж, долдугаар сарын 1-нээс цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гэхдээ энэ олон хүний бухимдлыг барьж хорьж дийлэхгүй байна. Ажил хаях шийдвэрийн гүйцэтгэх зөвлөл гаргасан” гэлээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button