ЗөвөлгөөЭрүүл мэнд

ДЭМБ ТААМАГ ДЭВШҮҮЛЭВ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад баасан гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн ц.а.р т.а.х.л.ы.н “х.у.р.ц үе” хэзээ өндөрлөх талаар өөрийн таамгийг дэвшүүллээ. ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулалтад хамруулах нь нэн тэргүүний зорилт болоод байгааг энэ үеэр мэдэгдсэн байна.

Хэрвээ ингэж чадвал энэ онд багтаан коронавирусийн ц.а.р т.а.х.л.ы.н “х.у.р.ц ү.е”-ийг өндөрлүүлэх боломжтойг тэр хэлжээ. Тухайлбал дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулж чадвал цар тахлын оргил шат энэ оны дундуур буюу зургаа, долдугаар саруудын үед өндөрлөх боломжтой гэнэ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий даяар 10 тэрбум гаруй тун вакциныг улс орнууд хүн амынхаа дархлаажуулалтад ашигласныг Гебрейесус мэдээлжээ. Гэхдээ вакцины тэгш хүртээмж харилцан адилгүй байгааг тэр анхааруулсан байна.

Тухайлбал дэлхийн нийт хүн амын талаас илүү хэсэг нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан боловч Африк тивийн хүн амын 84 хувь ганц ч тунд хамрагдаагүй байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын Африк тивийг хариуцсан салбараас 70 хувийн зорилтод хүрэхийн тулд вакцинжуулалтын хурдаа өнөөдрийнхөөс 6 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэдэгдэж байв.

Цар тахал өндөрлөхтэй холбоотой таамгууд гарсаар байна. Тухайлбал, Цагаан ордны эрүүл мэндийн ахлах зөвлөх, доктор Энтони Фаучи “The Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа “COVID-19 цар тахал дуусах шатандаа орсон” гэх байр суурийг илэрхийлсэн байна.

Гэхдээ тэрээр “COVID-19” цаашид улирлын чанартай томуугийн адил тодорхой бүс нутаг, хүн ам дунд тогтмол дэгддэг “эндемик” өвчлөл бус халдварын тархалтыг байнга хянах шаардлагагүй “тэнцвэрт” түвшинд хүрнэ гэж үзэж байгаа юм.

Учир нь хүн амын дийлэнх нь вакцинд хамрагдаж, халдвар аваад эдгэрэх замаар вирусийн эсрэг сүргийн дархлаа бий болохын зэрэгцээ эм, эмчилгээний шинэ нээлтүүд нэвтрэхийн хэрээр ковидын тархалт,өвчлөлийг хянах боломж улам сайжирч байгаа аж.

Ингэснээр цаашид ковидын эсрэг арга хэмжээг Засгийн газрууд бус илүүтэй орон нутгийн удирдлагууд болон хувь хүнд өөрт нь хариуцуулах боломж бүрдэж, ойрын ирээдүйд хөл хорио, урьдчилан сэргийлэх хязгаарлалтууд өнгөрсөн түүх болж үлдэнэ гэжээ.

Дэлхийн хэмжээнд Омикрон хувилбарын тархалт өнгөрсөн сард оргил түвшинд хүрч, цар тахал эхэлснээс хойших хамгийн том давлагааг үүсгэсэн. Тэгвэл сүүлийн хоёр долоо хоногийн байдлаар дийлэнх улс оронд халдварын тохиолдлын тоо эргээд буурах хандлага ажиглагдаж байгаа юм.

Гэсэн ч доктор Энтони Фаучигийн хувьд вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүд, эрсдэлт бүлгийн иргэд болон өндөр настнууд халдварт өртөх эрсдэл өндөр байгааг онцолсон байна. Харин бусад иргэдийн хувьд 4-5 жилд тутамд вакцинд хамрагдах замаар халдвараас сэргийлэх боломжтой болно гэж үзэж байгаа аж.

Б.Ирээдүй

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button