Мэдээ

Б.НАМИНЧИМЭД: ХОЁР Л ЗҮЙЛИЙГ ХОРВОО ӨӨРЧИЛЖ ЧАДААГҮЙГ БИ АНЗААРСАН… ТЭР БОЛ НӨГӨӨ ГУТЛЫН ӨСГИЙ

НӨГӨӨ ӨСГИЙ… /Өгүүллэг/  Түүнд нэр бий л дээ. Гэхдээ би нэрээр нь дуудмааргүй, зүгээр л ТЭР гэж нэрлэмээр санагдаад байдаг юм. Яагаад гэвэл, юуны түрүүнд Тэр тун аятайхан нэртэй, (хожмоо мэдэхнээ нь жинхэнэ нэр нь өөр юм шиг билээ,

тэр жинхэнэ нэрээ үхтлээ нууцалдаг учир би гурван жилийн турш янз бүрийн мэх хэрэглэж байж арайхийн мэдэж авсан болно) гэвч тэр нэрээр нь дуудахаар нэг л танихгүй хүн шиг болчихоод болдоггүй юм. Нөгөө талаар адил нэртэй хүн мэр сэр бий тул бас андуурагдаад байж ч юу магад. Тийм бол миний энэхүү бичлэг бараг хилс явдал болно шүү дээ.

Түүнээс ч илүү ноцтой шалтгаан нь энэ цаг үед элбэг таарах болсон “тэр”, “тэр”, “тэр” гээд тал бүр тийшээ бараг харалгүй заачихад яг оноод байж болмоор тийм шинж төрхүүд түүнд бүр нэг хуран цугласан тул тэдгээр олон “тэр”-үүдийн шинж тэмдэгтнүүд өөрсдийгөө мэдэж авцгааг гэсэн нэг тэрсүүт бодол ч байна. Хэрвээ түүнийг тодорхой оноосон нэрээр нь нэрлээд бичээд байх аваас адил төстүүд нь өөрсдөөсөө хөндий үзэж ойлгоод байж ч мэднэ.

За олон тайлбар яах вэ, өгүүлэх түүхээ эхлэе. Өдийд юм даа, хаврын нэгэн нозоорсон өдрийн үд өнгөрч байв. Хаалга зөөлхөөн тогших шиг болов. Хүмүүс янз бүрээр хаалга тогшдог юм. Зарим нь бөмбөр мэт түг түг хийтэл хоёр гуравхан дэлсээд хаалга хүчтэй түлхэнэ, зарим нь хоорондоо зайтай түг…., түг…, түг…, хэмээн хариу хүлээх мэт цохиод чимээгүй болчихно,

зарим нь аргадаж буй мэт аяархан, зүсрээ борооны түрүүч мэт ч байна, тогшдоггүй шуудхан хаалга тархийтэл түлхэж орж ирдэг нь ч байна. Бүр зарим нь ганцхан түншиж орхих. Хүн болгон адилгүй хаалга тогшдог агаад тэр бүрдээ тэд өөр өөрсдийн зан төрхөө илэрхийлэх билээ. Харин ийнхүү мэдэгдэхтэй үгүйтэй цохидог хүн манай байгууллагад ганцхан Самдан гуай байсан юм.

Самдан гуай эхлээд тун аяархан гурвантаа тогшоод, хэсэг чимээгүй болно, тэгээд дахиад цохино, “Ор ор” гэж хэлсний дараа ёс юм шиг дахиад заавал гурав тогшсоны эцэст сая л нэг юм хаалга чихран алгуурхан онгойж, цаанаас нь наран гарах мэт мишээж улаа бутарсан малигар шар царайгаа сая нэг юм цухуйлгадагсан. Ажилтай үед бухимдмаар.

Заримдаа би тэсэлгүй “Орооч ээ, орооч” гэж наанаас нь бархирах үе ч байлаа. Гэхдээ, бурхан өршөөг, үүдний жижүүр хийж байсан тэр ах хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарсан хийгээд жилийн өмнө бурхан болсон билээ. Би тэрхүү сонсогдохтой үгүйтэй зөөлхөн тогшилтыг сонсоод өнөөх талийгч ах юуны түрүүнд санаанд орсон боловч, эрхгүй зүүрмэглээгүй тул лавтай өөр хүн гэдгийг нь тааварлав.

– Ор ор… гэж нозоорон сууснаа нуух гэхдээ дориухан дуугарваас – Орж болох уу, Ерөнхий эрхлэгчээ хэмээх нь тун бүгдхэн сонсогдоод, хаалга аяархан онгойж, эхлээд сөрвөгөр бор халимагтай дух цухуйв. Тэгснээ гярхай байж мэдэхээр гялталзсан, тогтворгүй онигор нүд харагдав.

Тэр хос нүд өрөөн доторхыг маань хормын дотор хэдэнтээ эргэлдүүлэн сэгсэрч үзсэнээ, над дээр түр саатаад, дахиад л ийш тийш гөлөн гөлөн гэх нь ер яг л алганы хонхорт буй мөнгөн ус мэт. Нөгөө том дарга, хэн ч билээ, түүний нүд ч энэний хажууд нэн амгалан тогтуунд орно.

Араас нь навшгардуу хамар, даргавардуу, ховдог, бас эрээгүй бүдүүлэгдүү шинжийг илэрхийлэх зузаан уруул, үзүүртээ ялимгүй шөмбөгөрдүү бөөрөнхий эрүүтэй нүүр царай бүтэн гараад ирлээ. Мөнгөн ус шиг байнга холбирох харц нь над дээр тогтох аядсанаа гэнэтхэн намиатаад, анивчаад эхэлдэг юм.

– Орж болох уу? Ерөнхий эрхлэгч ээ… Хаалга тогшсон шигээ бараг дуулдамгүй шахам зөөлхөн сонсогдсон ч түүний дуу хоолой нэг л зэвүүцэм, дотор зарсхиймээр байсныг л би сайн санадаг юм. Би юм хэлсэнгүй, зүгээр л толгой дохив. Болхидуухан улаан эрээн зангиа, багадсан бор саарал костюмтэй, сүрхий гүзээлж яваа дунд эргэм насны эр аж.

Үс нь оройгоосоо нэлээн шингирчээ. Цамцных нь шазалзсан товчнуудын дундуур урт урт хар үстэй цагаан гэдэс нь цухуйжээ. Нэг л үзсэн царай. Гэвч би ер нэр өгч чадсангүй. Тэр тийм л нийтлэг төрхтэй л дээ. Нэрийг нь хэлэхгүй, Тэр гэж өргөмжлөөд буйн бас нэг учир ч энд явна. Бүтэн биеэрээ орж ирснийхээ дараа дахиад,

– Орж болох уу, Ерөнхий эрхлэгч ээ? гэж байна. Энэ үгийг гурвантаа хэлсэн, дээр нь нэгэнт ороод ирсэн хүнд би юу хэлэх вэ дээ, хошигномоор санагдаад, – Та нэгэнт ороод ирчихсэн хойно одоо би яалтай гэсэн авч, яагаад тэрийг мэдэхгүй, хошигнол наргиа биш, харин их эвгүй бүдүүлэг зэвүүцэнгүй аястай болчихов.

Өнөөх эр түүнийг минь ер тоосонгүй, эсвэл анзаараагүй ч байж магад, өрөөнд минь гүн нойрсож буй хэн нэгэн байгаа ба түүнийг сэрээхгүй гэсэн мэт толгойгоо, бүр цээжээ хүртэл тонголзуулан сэм сэмхэн гэтэн алхалсаар ширээний минь өмнүүр өнгөрөөд бүр цонхны дэргэд хүрэв. Тэгснээ эргээд бичиг цаасны тавиурын урдуур гарч, тэнд бяцхан саатсанаа пиджакаа өлгөсөн өлгүүрийн дэргэд хүрэв.

Ямар нэгэн юм өрөөнөөс минь хайж буй мэт байх ажээ. Бие нэг л эвгүйцээд явчихав. Сая нэг арьсан буйдангийн яг голд очоод санаа нь амарсан мэт лаг хийтэл сууваа. Миний санаа сэтгэл ч дагаад жаахан амсхийв. Өрөөн дотуур минь тийн аялж байх хооронд би түүний гутлыг сүрхий анзаарсан юм. Анзаарахгүй байхын ч аргагүй, шороо тоостой, халцарч, шамбийсэн атлаа өсгий нь бараг бүтэн ажээ.

Дандаа ийнхүү гэтэх мэт явдгыг нь гарцаагүй нотолж байх аж. Ер хүний гутлын өсгий, өлмийний элэгдэл эзнийхээ төлөв байдлыг илэрхийлэх нь байдаг юм шүү. Ихэнхдээ манайхны гутлын өсгий нь хойноосоо, гэхдээ гадна талруугаа майжийх маягтай элэгдсэн байдаг. Тийм элэгдэл бол эзнийхээ ил цагаан санаа бодолтой, шулуухан зантай, бас жаахан залхуудуу, залхаг ч байж магадгүйг илтгэнэ.

Элэгдэл их байх хэрээр тийм зан чанар илүү хүчтэй илэрдэг. Тэд тэвчээртэй, яриа хөөрөө сайтай, ер нь бол дажгүй, гэхдээ ажил хариуцуулах, бас хамтрахдаа баахан хатуу шаардлагатай байхгүй бол боломгүй байдаг юм. Тэд бас үг даахдаа тун сайн. Хар бурууг санах нь бага.

Хааяа нэг хоёр өсгий дотогшоо элэгдсэн гутал таарах, тийм бол тэр гутлын эзэнтэй зөөлөн, тун болгоомжтой харьцахыг шууд сануулна. Нулимс бол энүүхэнд, за тэр нь даамжирвал гомдол, өширхлийн гал ч асаж магад.

Харин хоёр өсгий нь хоёул нэг талруугаа ханарч элэгдсэн бол тун өвөрмөц, гэхдээ зүүн тийшээ юу, баруун тийшээ юу гэдгээсээ шалтгаална. Жигдхэн элэгдсэн нь нэн ховор, тийм хүмүүс тун цэмцгэр, сахилга баттай байх боловч ханилгаа талдаа маруухан гэх мэт. Яагаад би ингэтлээ өсгий сонирхдог болсон бэ гэвэл нэг хууч үгнээс л болсон юм.

“Сүнсгүй хүн өсгийгүй” гэж ер юу ч гэсэн үг юм бүү мэд, нэг тийм оньсого таавар шиг. Их л нууцлаг. Тиймээс л тэр байх даа. Мөн тоостой, тоосгүй, шөвгөр, балтгар хэлбэр загвар гээд гутал ер нь эзнийхээ талаар ихийг хэлдэг дээ. За, за би ямар гутлын өсгийгөөр хүний зан чанар тодорхойлогч биш. Үүгээр амаа татсан нь дээр байх.

Гол нь би тэгтлээ элэгдсэн атлаа өсгий нь бараг бүтнээрээ байгаа гуталтай таарч байгаагүй болохоор тун ихээр гайхах минь аргагүй шүү дээ. Тиймээс л гутлын өсгийний тухай нуршихад хүрэв. Тэрний гутлын өлмийг лав доороос нь тэмтэрч үзвэл нялх хүүхдийн зулай шиг нимгэрчихсэн гэдэгт би хэдээр мөрийцөхөд ч бэлхэн байсан юм, тэгэхэд.

Харамсалтай нь надтай мөрийцөх этгээд өнөөх өвөрмөц элэгдэлтэй гутлын эзнээс өөр өрөөнд минь байж таарсангүй билээ. Хаалга үүд, өсгий төдийхөн ярьсаар гол зүйлээсээ хөндийрчихөж, уучлаарай. Гол нь тэр сугандаа сүрхий зузаан хавтсыг тас хавчуулаастай байсныг хэлэх хэрэгтэй. Тэгээд суугаад, өнөөх хавтсаа өвөр дээрээ нямбай гэгч тавьж, дотроос нь хэдэн хуруу зузаан бичиг цаас гаргаж ирэв.

Мөнгө тоолж буй аятай сурмаг гэгч нь ирэмч, уруулаа бувагнуулан тоолоод, яг хорин долоо болонгуут зогсож, түүнээ нэг талаас нь өргөж, над руу дэвүүр аятай савчуулан харуулав. Ид шидийн гэмээр ийм үзүүлбэрийг өрөөндөө үзэх нь ховор тул би баясгалантайяа харан, юу болохыг нь хүлээн тэрчээртэй сууж байлаа.

Тэгснээ алгуурхан босож, өнөөх 27 хуудас цаасаа дэвсээр, ялимгүй бөхийж, надруу урсах мэт сэм сэм дөхөж ирэв. Яг л миний хамар дээр суугаа ямар нэгэн ялааг цохих гэж буй мэт, магадгүй би түүнд ширээний цаадах сандал дээр суугаа томоос том ялаа болж харагдсан ч байж болох юм. Гэнэтхэн бие зарсхийж, эрхгүй гэдийж цахаддаг юм байна.

Тэгэж тэгэж өмнөө овоолсон байсан элдэв бусын сонин, бичиг цааснууд дээр түүнээ падхийтэл тавиад, – За эрхэм ноён Ерөнхий эрхлэгч ээ, та үүнийг нэг болгоож хайрлана уу? – гэснээ өнөөх дуулдахгүй шахам намуухан дуу хоолой нь гэнэтхэн шахмал бүдүүн болж, өөрөө ч гээдийн ирснээ “Өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалд хийсэн гүн гүнзгий дүгнэлтүүд болон хямралаас богино хугацаанд гарах оновчтой мэргэн саналууд” гэв.

Бараг өдөр бүр шахам иймэрхүү “гүн гүнзгий” байтугай улс эх орноо хормын дотор сэхээнээс гарган цэнгэлийн манлайд хүргэх “аугаа гайхамшигт” санал, дүгнэлтүүдтэй халз тулж суудаг зовлонт үйлтэйн хувьд харин энэ удаад төдийлөн сандарсангүй.

– Та суу суу, би таны энэ гүн гүнзгий мэргэн дүгнэлттэй маргааш гэхэд танилцаад хариу өгье гэлээ. Тэгээд утсыг нь нүүрний нэг булан дээр тэмдэглэж аваад үлдэв. Түүний хэмжээний бүдүүвтэр хүн гэхэд санаанд багтамгүй нахилзан мэхэлзэж, ухарсаар бөгсөөрөө гарч одлоо. “Ёох ёох” гээд би энгэр заамаа яран, салхивчаа улам том онгойлгон түр амсхийснээ сайн санадаг юм.

Тэрхүү 27 хуудас гүн гүнзгий дүгнэлтүүд, оновчтой мэргэн саналуудтай маргааш үд гэхэд арай гэж танилцаж дуусаад, учиргүй хийсвэр, поп биш, амьдралд ойр байж болох хэдийг нь сугалан, нэг хагас хуудас хэмжээнд шахаж танаад сонинд нийтлэх боломжтой болохыг түүнд дуулгав.

– Эрхэм таны тааллаар болъё. Мэдээж та эхний удаад учраас жишээ болгон заримаас нь нийтэлж буйг би маш сайн ойлгож байна. Дараа үргэлжлүүлэх буй за гэж байна. Үгүй, энэ чинь юу гэчихэв ээ. “Жишээ болгон” гэнэ үү? Миний хэлснийг ойлгосонгүй юу, би ойлгуулж чадсангүй юу, юу болсныг мэдэлгүй өнгөрлөө.

Уг нь ийм мэт этгээд сонин хүмүүсээс хааяа заримдаа хачин гойд ганц нэг санаа гялсхийх нь байдаг ч ерөнхийдөө гялсхийх байтугай бултайх юмаар хомс байсан хэрэг л дээ. Гагцхүү бүхэл бүтэн 27 хуудас гүйлгэж харсан цаг заваа л үнэлсэн юмсан. Ер сонины аль нэг буланд нөхөөс болгоод оруулчихсан байхад болхоор л юм. Харин мань эр өөртөө бол их итгэлтэй буй ажээ.

Ер тэр мэтийн учрыг олох гэх аваас амьдрал хайран. Мань эр өөрийнх санал, дүгнэлтүүд нийтлэгдсэн дугаараас 250 ширхэгийг худалдааны үнээр нь худалдан авна гэсэн учир нэмж хэвлэв. Гэхдээ түүний хуучирч муудсан гутал, хавь солиогүй, загвар нь хоцорсон костюм мэтийг нь санаад, хэвлэлийн үнээр өгсөнд, гар барьчихаад хүчтэй сэгсрэн удаан зогссон юм.

Тэгэж байхдаа ч өнөөх мөнгөн ус шиг нүд нь гялтганан, миний хавь ойрыг нэгжин гүйцээж билээ. Тэрбээр энэ мэтээр сар тутам шахуу манайд зочлох болж, “гайхамшигтай, оновчтой, мэргэн” санал дүгнэлтүүдээрээ намайг залхтал булах болов. Эхэндээ ч анхнаасаа яах гэж нүүр өгөв дөө, тэр үед нь л тэрхүү 27 хуудсыг базаж үнгээд нүүр лүү нь шидчихдэг байж гэж бодогдоход хүрч байж билээ.

Залхмаар байсан шүү. Гэхдээ л би яаж ийгээд тэрхүү залхаам бичлэгүүдийн ихэнхийг нь танаж, шахаж, өөрчилж, өөрийн санаагаа хавчуулж, засаж нухсаар нэг юм болгоод сардаа нэг удаа сониныхоо аль нэг сул зайд нийтэлсээр байлаа. Миний нэг нэн сул тал тэр. Надаас өөр эрхлэгч байсан бол хэдийнэ хилэгнэн уурлаад, өшиглөн хөөгөөд гаргачих байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Эрхбиш салбарынхаа тогоонд нэлээд хэдэн жил болсон учир тэднийхээ ерөнхий чиг хандлагыг бол мэднэ л дээ. Аа, тийм. Нэг зүйлийг мартах нь. Тэр өөрийнх нь бичвэр гарсан дугаар бүрээс юутай ч багадаа 250, заримдаа 500 ширхэгийг хэвлэлийн үнээр авсаар байлаа. Чухам хаана очиж тарааж, эсвэл зарж байсныг ёстой сонирхож байсангүй.

Хааяа манай нягтлан дургүйцэж, та ядахдаа талыг нь худалдааны үнээр өгч байгаач гэж байж билээ. Гэтэл хачирхалтай нь жил гаруйн дараагаас өнөөх бичвэрүүдийн хуудасны тоо илт цөөрч, арав хорь биш, гурав дөрөв болов. Дахиад жилийн дараагаас гар хүргүүлэх нь багасаад ирлээ дээ. Сүүлдээ санаа зовж, түүнд бичлэгийн шагнал гээд хэд гуравхаан төгрөг өгдөг ч болов.

Ер бичлэгийн ямар ч дөргүй, авьяас таг, туршлага ч нойль, дөнгөж сургуулийн танхимаас ирсэн шал ногооноороо залуусыг зургаан сар нухахад яаж ийгээд мэдээ бичээд сурчихдаг л юм. Зургаан жил нухахад нийтлэл, сурвалжлагадаа бол гал алдуулахгүй шүү. Түүнтэй харьцуулахад Тэр их хурдан өслөө. Жил орчмын дараа намд элслээ гэж надад баяр хөөртэй мэдэгдэж байсныг нь сайн санаж байна.

Түүнээс дахиад жилийн дараа дүүргийн ИТХ-ын гишүүн болов. Бас дөрвөн жилийн дараа НИТХ-ын гэх мэтээр шат ахисаар л байлаа. Дүүргийн ИТХ-д байхад нь би ажлаасаа гарсан тул түүнээс хойш бичиж нийтлүүлэх үйлс нь хэр өөдрөг байсныг хэлж мэдэхгүй. Юутай ч сардаа биш гэхэд улиралдаа нэг удаа боломжийн юм биччихдэг болчихсон байлаа. Удалгүй УИХ-д ч нэр дэвшив.

Тэр бүрд тэр улам өөрчлөгдсөөр байгаа нь нүдэн дээр илэрхий байлаа. Юуны өмнө бор халимаг нь хар болов. Гүзээ нь татарч, жавхайгаад ирэв. Ямагт гялалзсан лакан шөвгөр хар шаахай, шинэлэг загварын тайлтай костюм, час улаан зангиатай, хааяа заримдаа цэцгэн хээтэй хөх эрвээхий зангиатай ч харагдах болов. Дуу хоолой нь бүр ч их өөрчлөгдлөө.

Өнөөх нам зөөлөн дуу сураггүй болоод, өөртөө итгэл төгс эрмэг хонгор дуутай ч боллоо. Тонголзон хол хол алхаж, доогуур харж явахаа байчихаад, байшингийн орой ширтэсхийн, цэх алхдаг болсон гэх мэт. Бас миний анзаараагүй их олон юм өөрчлөгдсөн байх. Хааяа орой үдэш ТВ асаахаар тэнд өнөөх гүн гүнзгий мэргэн оновчтой санаануудаа итгэл төгс ярьсаар л суудаг юм.

Саяхан нэг уулзалт дээр санамсаргүй таарлаа. Хурууны маань үзүүрээс сулхан атгаад, “Чи ч бас хатуу эрхлэгч байсан шүү. Миний мөн ч олон бичлэгүүдийг дарсан даа. Гэхдээ би чамд их баярладаг” гээд ярвайх аястай гэдийснээ “Чухам намайг тэгэж дарж байсны чинь ивээлээр би улам шаргуу тэмцсэн юм. Тиймээс өнөөдөр юутай ч өөрт чинь баярлалаа гэж хэлэх нь зүйтэй гэж би үзэж байна” гэж байна.

Би түүнээс ямар нэгэн талархлын үг огтоос горьдож байгаагүй, ер санаанд ч ороогүй, угаасаа хүлээсэн ажил үүрэг маань тэр юм хойно. Гэтэл харин яг ийм талархал сонссон чинь инээд хүрээд болдоггүй юм даа. Түүнийг биш, өөрийгөө шоолсон учраас нуулгүй инээсэн хэрэг. Намайг инээгээд байхаар өнөөх чинь эхлээд жаахан гайхаж байснаа дагаад паржигнуулан хөхөрч байна.

Хорвоо ч бас даажинтай шүү. Хөхрөх нь хүртэл өөрчлөгдчихсөн байгаа юм. Харин хоёр л зүйлийг хорвоо өөрчилж чадаагүйг би анзаарсан. Эхнийх нь өнөөх мөнгөн ус шиг тогтож өгдөггүй харц нь. Бүр цахилгаанд залгачихсан юм шиг хурдан түргэн гүйдэг болчихож, Удаад нь, юу гэж бодож байна? Тэр бол өнөөх, … нөгөө гутлын өсгий.

2019.09  Б.Наминчимэд

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button