МэдээЦаг үе

Т.ДОРЖХАНД: УЛСЫН ХӨГЖИЛ ЯРЬДАГ УЛСТӨРЧДИЙГ УИХ-Д ОРУУЛЬЯ

Монгол Улсын улстөрийн тогтолцоог, улстөр судлаачид шүүмжилсээр өдийг хүрсэн ч, дорвитой өөрчлөлтөнд хүрээгүй байна.  Улстөрчид болон намууд улстөрийн тогтолцоонд өөрчлөлт оруулах асуудлыг ярихдаа заавал үндсэн хуульдаа гар хүрэх тухай асуудлыг хөндөж байдаг. УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд ч мөн адил Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярих болов.

Тэрбээр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн хуулийн 30 жилийн ойгоор улстөрийн бүх намуудыг цуглуулж байр сууриа нэгтгэсэн. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд дэвшилттэй заалтууд бий. Гэхдээ зарим заалтуудыг хийлгүй орхисон гэдэг дээр МАН, АН, тухайн үед эрх барьж байсан хүчнүүд, улстөрийн намууд бүгд санал нэгдсэн.

Тийм учраас тодорхой заалтуудыг нэмж тусгая, парламентийн ардчиллыг бэхжүүлж, 1992 оны Үндсэн хуулинд заасан Монгол Улс парламентийн бүгд найрамдах улс байна гэж зааснаа биелүүлье. Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг, парламентийн засаглалтай ч юм шиг холимог системээр бид 30 жил явж ирлээ. Үүнийг өөрчилье.

Энэ агуулгаар Үндсэн хуульд нилээн олон өөрчлөлт орох байх. Тухайлбал Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байя. Парламентыг бүрдүүлэхдээ тойргийн улстөрчид биш, улсын хөгжил ярьдаг улстөрчдийг УИХ-д оруулья. Үүний хүрээнд сонгуулийн хуулийг өөрчилье. Мөн Монгол улсын парламент хэт жижигхэн байна. Цөөн хүнтэй учраас нэг гишүүний кнопны эрх мэдэл асар үнэтэй байна.

Үүнийг олон улсын жишгээр куб язгуурт оруулж, олон улсын эрдэмтдийн тооцоогоор өнөөдрийн байдлаар 150 УИХ-ын гишүүнтэй байх болчихоод байна. 1990 онд нийт сонгогчдын тоо 1 сая байсан бол одоо 2,4 сая болсон байна. Нийт хүн амын тоо 3,5 сая болсон байна. 30 жилийн өмнө 2 дахин бага байлаа. Парламент иргэдийг төлөөлдөг учраас иргэдээс хамаарсан тоо байдаг.

Энэ агуулгаар эдгээр өөрчлөлтийг хийе гэж байгаа юм. Парламентын гишүүдийн тоог өсгөөд, парламентын тогтолцоо руу шилжсэн тохиолдолд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байх нь зүйтэй. Энэ нь парламентийн засагтай олон оронд хэрэгжээд явдаг, үр дүнтэй гэж харж байна. Яагаад гэвэл салбарын сайн мэргэжилтэн Засгийн газрын гишүүн байж болж байна.

Гэвч УИХ дээр ирээд асуудлаа хамгаалж чадахгүй байна. Улстөрийн манлайлал үзүүлж чадахгүй байна. Хоёрдугаарт УИХ-ын гишүүд нь сонгуулиар иргэдийн өмнө амлалт өгдөг. Тэр ажлаа хийх болохоор өөр хүмүүс хийж байна. Нөгөө амлалт болон амлалтаа хийх хооронд зай үүсчихээд байна.

Тийм учраас улстөрийн манлайлал үзүүлэх, парламентийн ардчиллаа бэхжүүлэхийн тулд УИХ-ын гишүүн нь сайд болох боломжийг нээх хэрэгтэй. Хамгийн чухал нь Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүн хэд байх ёстой гэдэг хязгаарыг авчих.

2019 оны Үндсэн хуулийн гол зорилт нь Засгийн газар ажил хийхүй байна, нэг хоёрхон жилийн дараа огцроод байна. Ажил хийдэг болгохын тулд Ерөнхий сайд нь багаа УИХ-д оруулж ирдэг байя, тэр багийг нь УИХ тоосго, шүд сугалж байгаа юм шиг хариуцлага тооцдоггүй, Ерөнхий сайд нь өөрөө хариуцлага тооцдог, Ерөнхий сайдад нь УИХ хариуцлага тооцдог байя гэсэн зарчмаар явсан.

Гэтэл 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт дээр Ерөнхий сайд нь ийм эрх мэдэлтэй ч дөрвийг нь УИХ томилно гээд хязгаарлалт тавьчихсан. Энэ нь үзэл санааны зөрчил үүсгэчихээд байгаа юм. Бидний Үндсэн хуулийн цэцэд хандсан нэг шалтгаан бол Ерөнхий сайд нь 100% дан дээлтэй байна уу, 100% давхар дээлтэй байна уу, холимог байна уу? гэдгээ шийдэг.

Хариуцлага тооцох эрх мэдэл нь УИХ-д байна гэсэн агуулгатай. Хоёрдугаарт 76 гишүүнээс 39 гишүүнээр ирц бүрдүүлдэг. Ингээд 39 гишүүнээс 20 хүний саналаар хууль батлагддаг. Гэтэл 20 хүний 15 нь Засгийн газрын гишүүн байхаар ЗГ нь УИХ-ынхаа дээр гарчихаад байна. Хариуцлага тооцдоггүй, цөөнхийн дарангуйлал руу шилжчихээд байна гэдэг тал дээр судлаачид хандаж байсан.

Бид ч үүнтэй санал нэгдэж байсан. Харин судалгааны үндсэн дээр УИХ-ын гишүүдийн тоог 150 болголоо гэхэд түүний 15 нь Засгийн газрын гишүүн байлаа гэхэд нийт гишүүдийн 10% нь. Энэ тохиолдолд УИХ хяналтаа тавих бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Цаашдаа парламентийн тогтолцоо руу шилжинэ гэж байгаа бол УИХ-ын гишүүдийн тоог өсгөх, давхар дээлийн асуудлыг шийдээд явах ёстой.

Намайг Японы Сангийн яаманд ажиллаж байхад нэг сайд, 2 төрийн нарийн бичгийн даргатай байсан. Сайд нь парламентын гишүүн, нэг төрийн нарийн бичгийн дарга нь парламентынн төрийн нарийн бичгийн дарга хийдэг. Парламентаа холбож өгдөг. Нөгөөх нь дотоод Төрийн нарийн бичгийн дарга. Герман улс мөн адил ийм системтэй. Парламент нь хөгжчихсөн, үр дүн гарсан улсууд ч ийм системтэй байна.

Эрхэм гишүүн Засгийн газрын гишүүн давхар дээлтэй байх асуудал дээр дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр “Сангийн яаманд дан дээлтэй сайдтай ч, давхар дээлтэй сайдтай ч хамтран ажиллаж байсан. Сангийн яам мөнгө, хөрөнгө шийддэг.

Хамгийн муухай ааштай сайд байх ёстой. Бүх сайд нар сайхан ажил хийж салбараа хөгжүүлэхийг, мөнгө үрэхийг боддог. Гэтэл татвар төлөгчдийн мөнгө хязгаартай шүү дээ. Ихэнх тохиолдолд үгүй гэж хэлдэг, өөрийн гэсэн арангатай сайд байх ёстой.

Маш их хэрүүл хийнэ, кабинет дотроо цөөнх байх ёстой. УИХ дээр мөн адил бүх гишүүд тойрогтоо мөнгө зарахыг хүснэ. Түүн дээр үгүй гэж хэлдэг, сөрөг хүчин байх ёстой. Тайлбараа хэлж чаддаг, нүд рүү нь хараад үгүй гэж хэлдэг, ижил түвшний хүн байх ёстой.

Гэтэл Сангийн сайд, Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн биш бол өмнөөс нь үг хэлж чаддаггүй, байгаа хуулиудаа, төсвөө хамгаалж чаддаггүй. Үр дүнд нь төсөв нь Засгийн газарт орохдоо тодорхой хэмжээнд өөрчлөгддөг. УИХ-аар орж батлагдахдаа 180 хэм эргээд, танигдахын аргагүй болчихдог.

Мэргэжлийн байгууллага нь судалгаагаа хийгээд, татварын, төсвийн бодлогоо тооны үндсэн дээр гаргаж ирсэн зүйлийг УИХ дээр очоод сэтгэлийн хөдлөлөөр өөрчлөөд, танигдахын аргагүй болчихдог. Энэ нь хөгжлийн дунд, урт хугацаанд төлөвлөгөөт ажлуудыг санхүүжүүлж явах боломжийг үгүй хийдэг.

Дандаа амь тариа хийсэн, гал унтраасан л төсөв болдог. Үр дүнд нь аймаг, орон нутагт цемент зуурдаг, шавар бурхан зуурдаг, үр ашиггүй төсвийн тансаглал, хэдэн дарга буцаж гишүүн болохын тулд тууз хайчилдаг систем рүү явчихаад байгаа юм. Үр дүнд нь Монголчууд хохирч байгаа.

Үр дүнд нь бид маш их өртэй боллоо. Төсвийн зарлага тал нь дандаа өндөр. Орлого тал нь жоохон. Үүнийг тэнцвэржүүлэх үүрэг нь Засгийн газар, Сангийн сайдад нь байдаг .Үүнийгээ хамгаалж чадаагүйгээс өнөөдөр эдийн засаг нь маш их өртэй, төсөв нь алдагдалтай, халамжилсан, үр ашиг муутай улс болсон байна. Төсвийн үр ашгаараа дэлхийн улсуудаас сүүлийн 12-т нь ордог.

Яагаад гэвэл хэтэрхий замбараагүй. Үүнийг сахилга баттай болгох үүрэг нь Сангийн сайдад бий. Би өөрөө Сангийн яаманд ажиллаж байсан учраас тэр жишээн дээрээ хэлж байгаа юм. Сангийн сайд бол зайлшгүй УИХ-ын гишүүн байх ёстой. УИХ-ын гишүүдийн өмнөөс өөрийнхөө төсвийг, эдийн засгийн бодлогоо хамгаалж чаддаг байх ёстой.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button