Цаг үе

Нийлүүлэлт нэмэгдсэн ч өндөг, нарийн ногооны үнэ буусангүй

Өнгөрсөн жил 100 мянган төгрөгөөр хоёр, гурван тор хүнс авчихдаг байсан энэ жил энэ мөнгөөр ганц тор хүнс авахтай үгүйтэй л байна. Хөл хориотой жил гээд хаа сайгүй бараа бүтээгдэхүүний үнэ “тэнгэрт хаджээ”. Томоохон хүнсний зах, супер маркет, хүнсний дэлгүүр гээд хаана ч ялгаагүй юмны үнэ өсжээ.

Үнэхээр ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өмнө өмнөх сарынхаас өссөн байлаа.

Хөл хорио тогтоож, хил гааль хаасны улмаас хомстол үүсч, үнэ нь өссөн хүнсний бүтээгдэхүүн бол нарийн ногоо, өндөг юм. Өнгөрсөн 12 дугаар сард ОХУ-аас импортын өндөг орж ирэхээ больж, дотоодын аж ахуйн үйлдвэрүүд хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрсэн. Үүний улмаас өндөгний үнэ нэмэгдсэн. Гэхдээ нийлүүлэлт нэмэгдсэн ч үнэ буурсангүй. Улмаар жилийн өмнө нэг ширхэг нь 300 төгрөгөөр борлуулагддаг байсан өндөг 460-500 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Нарийн ногооны үнэ ч мөн жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн байна. Учир нь хэвийн үед импортоор 10 тээврийн хэрэгслээр 200 орчим тонн нарийн ногоо, жимс жимсгэнэ орж ирдэг байсан бол хөл хорионы улмаас уг тоо цөөрсөн нь хомстол бий болж, үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Амгалан худалдааны төвд:

• Брокли нэг килограмм нь өмнө нь 5000-6000 төгрөг байсан бол одоо 10000-15000 төгрөг

• Өргөст хэмх нэг килограмм өмнө нь 4000-5000 төгрөг байсан бол одоо 13000-15000 төгрөг

• Бууцай нэг килограмм нь өмнө нь 4000-5000 төгрөг байсан бол одоо 10000 төгрөг

• Улаан лооль нэг килограмм нь өмнө нь 5000-6000 төгрөг байсан бол одоо 12000-15000 төгрөг

• Навчит байцаа нэг килограмм нь өмнө нь 5000-6000 төгрөг байсан бол одоо 15000-20000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Эрэлт их, нийлүүлэлт бага байгаа үед үнэ өсөх нь зах зээлийн журам. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол импортоос хараат биш байх боломжтой.

Энэ талаар худалдаа эрхлэгчээс тодруулахад “Бид өөрсдөө үйлдвэрлээд, үнэ тогтоодог биш. Цаанаас ямар үнээр ирнэ, тэр үнэ дээр нь бага зэргийн ашиг нэмээд зардаг. Импортын бүтээгдэхүүний ачаа, тээврийн хөлс нэмэгдсэн.

Мөн жилийн өмнөх шиг их хэмжээний бараа ойр, ойрхон ирэхгүй байгаа. Тиймээс үнээ тодорхой хэмжээнд өсгөөд зарахаас өөр аргагүй байна” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button