ТрендЦаг үе

Иргэдийн орлого, худалдан авах чадвар буурсаар

Короновирусын улмаас иргэдийн амьдралын чанар, сэтгэл ханамжийн индекс хэд дахин буурсан судалгаа гарсан байна. Сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ, ялангуяа хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэнийг олон талын шалтгаантай гэж иргэд олон нийт болон судлаачид үзэж байна. Үнийн өсөлт, мөнгөний үнэгүйдлийн эсрэг байх нь төрийн үүрэг гэж үздэг.

Өрхийн бодит, тогтмол орлогыг нэмэгдүүлэхийн оронд халамж, тэтгэмж хэлбэрээр нэг удаагийн мөнгөн дэмжлэг олгох нь эдийн засагт хохирол дагуулдаг. Гэтэл энэ зарчмыг үл харгалзсан олон удаагийн мөнгөн дэмжлэг дээрх асуудалд голлох нөлөө үзүүллээ гэж олон нийтийн зүгээс үзэх хэсэг байгаа юм. Харин судлаач ажиглагчдын хувьд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ бол эдийн засгийн дотоод эрэлтийг тэтгэхэд сайн нөлөөтэй зүйл гэж дүгнэж байна.


Төрийн бодлого тогтворгүй, зах зээлийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин төлөвшөөгүй, үүнийг хэрхэн зохицуулах ухаалаг засаглалыг эрж хайж байгаа манай улсын хувьд мөнгөний үнэгүйдлээс үүсэх хохирлыг олон нийт амссаар байгаа юм. Мөн ковидын нөлөө гэхээсээ илүүтэй зах зээлийн буруу хандлага, өөрөөр хэлбэл, худалдаа эрхлэгчдийн зах зээлийн харилцаанд хэт сахилга батгүйгээр оролцдог байдал манай улсын хувьд үнийн өсөлтөд байнга нөлөөлж байдаг. Үүнээс гадна улс төрийн үйл явц, сонгуулийн нөлөөгөөр оруулж ирдэг бэлэн мөнгөний урсгал, бараа бүтээгдэхүүний импортоос хамаарах байдал ч ихээхэн хор учруулдаг байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд л зөвхөн хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ 39 хувиар өссөн тухай мэдээ судалгааны байгууллагын тайланд байна. Ердөө 2021 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар өсчээ. Энэ өсөлтийн голлох шалтгаан нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт. Үндэсний статистикийн хорооны 2021 оны эхний улирлын судалгаагаар манай улсын нэг өрхийн сарын нийт орлого 1,5 сая төгрөг байна. Энэ тоо бол өмнөх оны мөн үеийнхээс дөрөв орчим хувиар буюу 58,6 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Цалин орлого нэмэгдээгүйгээр барахгүй, ковидын нөлөөгөөр зарим салбарынхны орлого буурсан энэ үед өдөр тутамд өссөөр байгаа бараа бүтээгдэхүүний үнэ дарамт болж байна. Үүнийг дагаж иргэдийн худалдан авах чадвар илт буурсан, мөн ядуурлын түвшин илүү нэмэгдэх эрсдэл ч ойрхон байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button