Мэдээ

“Бидэнд боловсролтой, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдэлдэг Ерөнхийлөгч хэрэгтэй”

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Биднийг 6 жил төлөөлөх төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай өдөр ойртож буй энэ цагт “Монголчуудын хувьд Ерөнхийлөгч гэж хэн бэ” гэх асуултад хариулт авч, бид цувралаар хүргэж байна. Энэ удаад боловсрол судлаач Д.Тунгалагтай ярилцлаа.

-Ерөнхийлөгч УИХ шиг хууль батлахгүй, Ерөнхий сайд шиг төсөв баталж, улс орны эдийн засгийг хариуцах эрх мэдэлгүй албан тушаал гэх нь бий. Харин хуульд ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэж заасан. Иргэн таны бодлоор Ерөнхийлөгч гэж хэн бэ?
-Монголын эрх зүйн орчны хувьд Ерөнхийлөгч бол үзэл санааны удирдагч юм. Монголчууд нэг төрийн тэргүүнтэй буюу нэг хаан, Ю.Цэдэнбал, Батмөнхтэй байгаад олон жил болсон ард түмэн учир парламентад бүх эрх мэдлээ өгнө гэдэг нь төсөөлшгүй байсан учир нэг удирдагчтай байх сэтгэлгээнээсээ салаагүй иргэд, Ардын их хурлын гишүүд, улс төрийн зүтгэлтнүүд Ерөнхийлөгч гэсэн албан тушаалыг гаргаж ирсэн гэхэд хилсдэхгүй. Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог тул тэдэнтэй харилцаж, сонсох учиртай. Гурван сая хүнтэй уулзах боломжгүй ч бүлэг бүлгээр нь эсвэл ач холбогдлын эрэмбээр нь хүлээн авч уулзаж болно.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн ЗДТГ-ын Иргэний танхимыг байгуулан хэлэлцүүлэг хийдэг байсан нь иргэдээ сонсож буй нэг хэлбэр байв. Гэтэл үүнийг байхгүй болгосон. Иргэний оролцоог шинэ түвшинд гаргачхаад явсан ерөнхийлөгч ч бий гэдгийг дурдах ёстой. Х.Баттулга бол хамгийн муу ерөнхийлөгчийн жишээ. Н.Багабанди нийгэм рүү хандсан юу ч хийгээгүй. П.Очирбат газрын тос ярьж, илүү эдийн засагтай хөөцөлдсөн. Засгийн газар тэр чигээрээ эдийн засгийг хариуцаж байхад Ерөнхийлөгч мөн тийш зүтгэх биш нийгмийн хөгжил, өөрчлөлт рүү анхаарах ёстой шүү дээ. Ерөнхийлөгч нийгмийн ухамсрыг удирдаж, сайн сайхан руу чиглүүлэн, Монголд мөнгөнөөс өөр үнэ цэнтэй зүйл бий гэдгийг сануулж байх ёстой.

Үеийн үеийн ерөнхийлөгчид төрийн тэргүүн, эрэгтэй хүн гэдэг утгаараа өөрсдийгөө хүндлүүлэх, эрх мэдлээ харуулах гэсэн эрэгтэй хүнийг дээдлэх, илүү хүндлэх зэрэг жендэрийн хэвшмэл ойлголтыг бэхжүүлсэн хуучинсаг зан үйлүүдийг сэргээж байсан. Тухайлбал уул ус тахих үйлийг сэргээх нь олон хүн цуглуулж, тэдэнд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх нэг оролдлого юм.

АТГ, шүүгчдийн томилгоо, хэнийг дарга болгох, хэнийг томилох болон эс томилох зэргээр төрийн албыг атгаж, эрх мэдлийг төвлөрүүлэх оролдлогын суурийг аль ерөнхийлөгч анх тавьсныг, өөрөөр хэлбэл аль ерөнхийлөгч хаан болж эхэлснийг Монголын ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч авах ёсгүй эрх мэдлээ авсныг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр саяхан буцаалаа. Шүүхийг томилно гэдэг нь хэнийг ч шүүхэд дуудаж унагаахыг шийднэ. Мөн өөрийн талын хүмүүсийг шүүхэд томилох эрх мэдэлтэй болж байна.

Х.Баттулга ерөнхийлөгч болсноор нийгмийн оюун санааг ухраасан гэж би хэлнэ. Учир нь,

Хятадыг үзэн ядах үзлийг дэвэргэсэн. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэдгийнхээ бүр эсрэг байж, иргэдээ үндэс угсаагаар нь ялгаварлах үзлийг түгээлээ. Төгсөх ангийн сурагчид биенээ үндэс угсаагаар ялгаварлаж байхыг би сонсоод маш их цочирдсон. Ерөнхийлөгчийн үг, үзэл суртал ийм хүчтэй, нийгэмд, хүн бүрд хүрч байгааг харуулж байна. Үүнийг зөвөөр ашиглаж, зөв үлгэрлэл үзүүлэх учиртай.
Монголд ганцхан шашин байх ёстой, бусдыг нь хөөж гаргана гэж зөвлөх нь мэдэгдсэн. Олон шашинтай байх нь нийгмийн олон ургальч үзэл, итгэл үнэмшил, суурь эрхийн асуудал юм.
Иргэний нийгмийг хавчиж, товчхондоо өөрөөс нь өөр үзэл бодолтой иргэдийн эсрэг байр суурь баримталсан. Жендэрийн тэгш байдал, хүний эрх бол монголчуудын үндэс угсаатай хамаагүй, үндэсний соёл, ёс заншилтай харш барууны үзэл. Монголчууд арга билгээрээ хөгжиж ирсэн гэж зөвлөх нь ярьж байв. Зөвхөн өөрийнх нь үзэл, зөвхөн монгол цус, ёс заншил байх ёстой гэсэн. Монгол гэдэг нь бөх, биеийн тамир, цэрэг зэвсэг зэргээр дандаа хүчийг илэрхийлж байна. Тодруулбал, өөрт нь таалагддаг зүйлсийг л монголчууд руу тулгаж байгааг бид харж байна. Та нар үүнд дуртай бай, энийг л зөв гэж үз, өөр сонголт байхгүй гэж түрэмгийлж байвч бид ардчилсан замналыг сонгоод 30 жил болж буй ард түмэн. Тэнэг биш шүү дээ. Залуучууд үүнийг нь шүүмжилж, Мояачууд гэж хочилж, эсэргүүцлээ. Монгол ялна гэдэг маш явцуу, үндсэрхэг, хоцрогдсон үзэл. Монгол биш гэдэг ойлголтод Хятадыг үзэн ядуулах, Америк, барууныг харийнх гэсэн үзэл түгээсний сацуу буддын шашнаас бусад нь хэрэггүй гэж байна.
Монголын гэсэн болгоныг товойлгож гаргаж ирж болно. Гэхдээ юуг нь гэдэг чухал асуудал. Нийгмийн олон талт, ялгаатай бүлгүүдийн нэгийг нь зөв бусад нь буруу гэхгүйгээр яаж Монгол соёлыг дэлгэрүүлж, үзэл санааны хувьд яаж нэгтгэж, сайн сайхан руу тэмүүлүүлж, урагш нь чирч болох вэ? Цар тахлын хүнд хэцүү үед ард түмнийхээ сэтгэл санааг яаж өргөж, урам зориг өгч болох вэ гэдэгт анхаарах нь асар өндөр хариуцлага бөгөөд үүрэг нь юм.

-Ерөнхийлөгчдөөс уламжлал, соёлыг урагшлуулсан ямар шийдвэр гаргаж байсныг дурдвал?
-Үүний жишээгээр Монголын нууц товчоогоо уншиж судалъя гэж уриалсныг дурдаж болно. Үүний ачаар өрх бүр нууц товчоотой болсон байх. Судар шиг хайрцагласан нь манайд ч бий. Нэг ерөнхийлөгч маань морин хуураа дээдэлье гэсэн. Үүний ачаар морин хуурын чуулгатай, хэдэн хүний ажлын байр бий боллоо, гаднын улсад тоглолт хийж, хүүхдүүд морин хуур сурч байна зэргээр энэ уламжлал тасрахгүй. Этник урлагийн суурь тавигдаж, The HU хамтлаг дэлхийд гарлаа. Цаашид ч энэ салбарт ирээдүй бий. Энэ ерөнхийлөгчийн хийх ажил.

Харин төрийн тэргүүн уул, ус тахих ёс үйлдээд явах нь хэр зөв бэ. Нөгөөтээгүүр эрх мэдэлтэй, боломжтой хэсэг нь дархан цаазат уулаа ч ухаж байгаад иргэд харж л байна. Уул ус тахих нь байгалиа хамгаалах уламжлал. Монголчууд эртнээс байгалиа сүйтгэж, ургамал ногоог талхалж, энэ уулыг ухаж болохгүй гэж дархалж ирсэн. Гэтэл одоо Богд уулыг ухаад л байна.

Хэн хүчгүй, төрийн өмнө эрх мэдэлгүй байна вэ, тэдний талд зогсож, сонсож асуудлаа шийдэхэд тусалдаг хүн бол Ерөнхийлөгч юм. Тэрээр соёл, оюун санааны амьдралыг урагшлуулах санаа сэдэл гаргаж, эдийн засаг ярьсан, мөнгө шүтсэн өнөөгийн нийгэмд хэнийг үнэлэхгүй байна вэ, түүнийг л илүү дэмжих ёстой. Жишээлбэл, эрдэмтэд, сонгодог урлагийг анхаарч үзэх, эсвэл боловсролыг тэргүүлэх салбар гэж үзэж, багш нарын нэр хүндийг өсгөхөд хувь нэмэр оруулбал нийгэмд ямар том тус болох вэ? Шинэчлэл хийх гэж зүтгэж байгаа хэсгийг нь дэмжсэн үг хэлэх нь ч том нөмөр шүү дээ. Айлаар зүйрлэвэл эцэг эх хамгийн сул дорой, өвчтэй байгаагаа анхаардаг шиг Ерөнхийлөгч төрд дуу хоолой нь хүрч чадахгүй байгаа нийгмийн хэсэгт хүрч, тэднийг сонсох учиртай.

-Сонгогчид ямар шалгуураар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг харах ёстой вэ?
-Бидэнд бичиг номын суурьтай, боловсролтой, дэвшилтэт үзэлтэй хүн хэрэгтэй. 13-р зууны үеийн бүх юмыг шүтсэн, өнгөрсөн нийгмийг санагалздаг биш хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдэлдэг үзэлтэй байх чухал шүү дээ. Хүний эрх, шударга ёс, жендэрийн тэгш эрх, байгаль орчин, тогтвортой хөгжил, дижитал ертөнц, дайн дажингүй энх амгалан амьдрахад чиглүүлэх учиртай. Оюун санааны хувьд бишрэх, дээдлэх үзэлд уриалдаг, гэгээрүүлэгч хүн Монголын ерөнхийлөгч болбол ард түмэнд тустай. Мөн Монголын хүн зоны амьдрал ахуйг мэддэг, мэдэрдэг.

Ерөнхийлөгч ажлын алба болон зөвлөхүүдээ хуульч, эдийн засагч, гадаад харилцааны мэргэжилтнүүдээр бүрдүүлэх чухал гэдэг нь өмнөх ерөнхийлөгчдийн байдлаас харагдлаа. Тэд Монголын нэр хүндийг гадаадад унагах биш өсгөх учиртай. Түүнчлэн Монголыг гадаад ертөнцөөс таслах биш холбож өгөхүйц хүн хэрэгтэй. Одоогийн ерөнхийлөгчийн гадаад харилцааны хувьд хийсэн зөв алхам нь БНХАУ-д 300 мянган хонь бэлэглэсэн нь мэдрэмжтэй шийдвэр байсан.

-Та ерөнхийлөгчийн гаргасан аливаа шийдвэр, үг, үзэл, үйлдэл бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлагдахгүйгээр ард түмний амьдралд сайн муугаар нөлөөлсөөр байдаг гэлээ. Үүнийг жишээгээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Ганцхан жишээ хэлье. Би олон улсын хуралд суухаар Вьетнам явлаа. Олон улсын байгууллагад виз авсан баримтаа үзүүлэн төлбөрөө буцааж авах ёстой байв. Гэтэл би монгол хүн гэж хэлтэл, шууд орууллаа. Надад үнэгүй виз олгосон гэдгээ хэлтэл “баримтаа хаячихсан юм уу” гээд итгэдэггүй ээ. Би монгол хүн гэдгээ хэлтэл тэнд байх хугацаанд Вьетнамчууд дэлгүүр дагуулж яваад, үйлчлээд надад жигтэйхэн саамшрав.

Би буцаж ирээд ээждээ хэлтэл “Аргагүй шүү дээ. 1950-иад оны Вьетнам АНУ-ын дайны хөлд тэд үрэгдэж, маш ядруу байх үед монголчууд эх орны үйлдвэрийн хувцаснууд тусламжаар явуулж байв. 1960-аад онд Вьетнамын Ерөнхийлөгч манай улсад айлчлахдаа монголчуудын өгсөн ширэн ботинкыг өмсөж ирсэн. Тухайн үед бид гэнэн байжээ. Бидний өгсөн гутлыг өмсчхөж гээд инээлдээд өнгөрсөн. Одоо бодоод хүнд үед тусалсан явдалд талархаж буйгаа илэрхийлэх гэж өмссөн байжээ” гэж билээ.

1960-аад онд авч хэрэгжүүлсэн Монголын төрийн гадаад бодлого өнөөдөр надад ингэж нөлөөлж байна. Дараа нь ч намайг Вьетнамд очиход Монгол гээд бас л визгүй оруулсан.

Тэгэхээр Ерөнхийлөгч нийгмийг том зургаар нь хардаг, хаана юу болохгүй байгааг мэдэрч, тэдгээр бүлгүүдтэй харилцах гүүр болдог үзэл санааны том нөлөөлөгч юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай нийгмийг цочроох хэмжээнд үг хэлсэн ерөнхийлөгч ч бий. Хүн гэр орондоо хүчирхийлэлд өртөнө гэдэг нь байж болшгүй гэдгийг хамгийн чангаар хэлсэн гэсэн үг л дээ. Энэ нь ерөнхийлөгч нийгмээ мэдэрч, ард түмнийхээ сул доройгийн талд зогсож буйн жишээ. Нийгмээс хаягдаад байгаа бүлгийг анхааралдаа авдаг байх тухай юм шүү дээ.

Монгол Улс хот хөдөө гэсэн хоёр орчин, соёлтой гэдгийг ойлгож, үүнийг эсрэгцүүлдэггүй. Харин улам ойртуулахыг эрмэлздэг байгаасай. Ерөнхийлөгч хөдөөгийнхөн хөсөр хаягдаж, хөгжлөөс хоцорсон, ядуу байна. Тиймээс бүгдийг нь хотынх болгох учиртай гэвэл хэт өрөөсгөл хэрэг болно. Малчин, нүүдэлчин соёл иргэншлийг хадгалж үлдээмээр. Ингэхдээ байгаагаараа бай, тэндээ аргалаад амьдар гэх биш, амьдралын нөхцөлийг нь сайжруулж, хот хөдөөг хослуулж авч явах тухай, малчдын хүүхдүүдийг цэцэрлэгт хүртээмжтэй хамруулах арга замыг олохын төлөө үгээ хэлдэг, уриалдаг, бизнесийн ашиг сонирхол бага, аливааг бизнесийн нүдээр хардаггүй байх чухал болов уу.

Эдийн засгийн хөгжил аяндаа явагдана. Үүнд засгийн газар болоод яамд ч анхаарах нь ойлгомжтой. Харин соён гэгээрүүлэх, оюун санаа болоод нийгмийн хөгжил хаягдаад байна. Энэ мэт хоцрогдоод байгаа асуудлыг олж, үүнд ард иргэд болон төр засаг, бизнесийнхний анхаарлыг хандуулдаг. Мөн нийгэмд юу үнэ цэнтэй байх вэ гэдгийг тодорхойлж, илэрхийлж байх хүн бол Ерөнхийлөгч. Монгол Улс юуг үнэлж, эрхэмлэн дээдлэх ёстойг шинээр тодорхойлдог бас залуурдаж чаддаг ерөнхийлөгчтэй байхыг би хүсэж байна. Ерөнхийлөгчид Монголын бүх эрдэмтэн, судлаач, мэргэжилтнийг цуглуулах боломж болоод эрх мэдэл бий. Үүнийгээ дээрх үйлсэд илүү ашиглаасай.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button