МэдээЦаг үе

TУCЛAX MAЛЧИД ДAPAMT XYЧИPXИЙЛЭЛД XЭPXЭH БAЙДAГ TУХAЙГAA ИЙHXYY ЯPЬЖЭЭ

Хүний эрхийн Үндэсний Комисс “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх судалгааг 2020-2021 онд Европын Холбооны санхүүжилтээр хийж дуусжээ. Судалгаанд зургаан аймгийн 18 сумын 1,244 малчин хамрагдсан байна.

Энэхүү судалгаа нь Монгол Улсад туслах малчны нийгэм, эдийн засгийн байдал, иргэний ба улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын болон хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн АНХНЫ ТҮҮВЭР СУДАЛГАА гэдгээрээ онцлогтой.

Судалгааны зарим дүнгээс танилцуулбал: Туслах малчин өрхүүдийн жилийн дундаж орлого орон нутгийн өрхийн жилийн дундаж орлоготой харьцуулахад 65.4 хувиар бага байна. Туслах малчин гурван өрх тутмын хоёр нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай байна.

Давхардсан тоогоор туслах малчдын 28 орчим хувь нь албадан хөдөлмөрийн золиос болж, хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй байдал нь туслах малчны хөдөлмөрийн маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэхэд хөлсөөр ажиллах гэрээгээр зүйлчлэн шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Ажлын байрны дарамт, ялангуяа хүч хэрэглэх, зодох зэрэг зөрчилд 3.6 хувь нь өртдөг. Ингэхдээ эрүүл мэндийн үйлчилгээ авахыг нь хориглох (зорчих эрхийг нь хязгаарлах байдлаар), ажлын байрны дарамтаас эмээж туслах малчид ажил олгогчдоо гомдол санал гаргах, шаардлага тавихаас зайлсхийх байдал нь зөрчлийг улам даамжруулж байна.

Туслах малчид нь амралтын өдөргүй, ажлын тогтсон цаггүй гэр бүлийн гишүүд нь цалин хөлсгүй ажиллаж байна. Тухайлбал, туслах малчин өрхийн гурван хүүхэд тутмын хоёр нь эцэг, эхийн хүлээсэн үүргийн дагуу ажил олгогч өрхийн мал аж ахуйн ажилд нь цалин хөлсгүй ажилладаг байна.

Туслах малчид нь эрхэлж буй ажил үүрэгтэй холбоотойгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, хэрэглэлээр хангагдах байдал хангалтгүй байна. Үүнээс болоод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдал үүсдэг.

Өөр нэг ноцтой асуудал нь туслах малчид сонгуулийн өдөр, ажил олгогчтойгоо цуг явж саналаа өгдөг нь ажил олгогчийн зүгээс санал өгөх, сонголтод нөлөөлөх нөхцөл үүсдэг, “саналыг худалдаж авах” зэргээр улс төрийн эрхийг зөрчиж байж болзошгүй байна.

Судалгааны үр дүнг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-д тусад нь бүлэг болгон оруулж, УИХ-аар хэлэлцүүлэн холбогдох шийдвэрийг гаргуулаад байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл Уг бүлэгт туслах малчдын эрх хэрхэн зөрчигдөж, боолчлогдож байгаа зөрчлүүдийг бичсэн байна.

Туслах малчид нь орлого, өмч хөрөнгийн хувьд харьцангуй буурай, бусдаас хараат байх магадлалтай хүмүүс бөгөөд тэдний жилийн орлого нь хувь малчдаас хоёр дахин бага, ажил олгогч малчдаас гурав дахин бага байдаг ажээ. Боловсролын түвшин, эрх зүйн мэдлэг тааруу байх нь түгээмэл байдаг гэнэ.

Туслах малчдаа зодож, хүчирхийлж, эхнэрийг нь оролдож, дургүйгээ хүрэхээр хоосон хөөгөөд явуулдаг, алдсан малаа цалин дээрээс нь тооцдог, бие махбод, сэтгэл санааны гүн хямралд өртүүлдэг малчдын үнэн төрхийг дараах ярилцлагууд илчилж байна. Туслах малчдад тохиолдож буй хүний эрхийн зөрчлүүдийг баримтуудыг  хүргэе.

БАРИМТ-1: …Ажил олгогч архи уусан үедээ гар хүрч зодох, агсрах тохиолдол гардаг учраас олон юм асууж лавладаггүй. Эрүүл мэндийн ямар ч тусламж авч чаддаггүй. Одоогоор зүрх өвдөх, салгалах зэрэг зовуурь байгаа ч хэлж чаддаггүй. (Архангай аймгийн Эрдэнэмандал сумын туслах малчинтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)

БАРИМТ-2: …Тухайн үед байнга л зодож, нүддэг хэцүү байсан. Манай нөхрийг адуунд яваад олохгүй эргэж ирвэл зодно, сандлаар цохино. Намайг ер нь өглөөнөөс орой болтол гэрт оруулдаггүй байнга л үүнийг хий, түүнийг хий гэдэг. Эхнэр нь намайг байнга зоддог байсан. Намайг зоддог талаар нөхөр нь мэддэггүй байсан. Нэг удаа хадам ээждээ хэлэхэд ээж маань нөхөрт нь хэлчихсэн байсан.

Үүнээс болоод эхнэр нь намайг аймаар зодсон. Тэр үед би ганц хуруутаад эмнэлэг явъя гэхэд явуулахгүй байсаар байгаад хүндрүүлсэн. Төв орж, эмнэлэгт үзүүлэхэд хуруугаа тайруул гээд яах ч аргагүй тайруулсан даа…  (Өвөрхангай аймгийн Хархорин сумын туслах малчинтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)

БАРИМТ-3: …Эзэн малчин архи уусан үедээ гар хүрч зодох, агсамнах тохиолдол байдаг учраас олон зүйл асууж лавладаггүй. Эрүүл мэндийн ямар ч тусламж авч чаддаггүй. Одоогоор зүрх өвдөх, салгалах зэрэг хүндрэлүүд байгаа ч хэлж чаддаггүй.

Өнгөрсөн сард малаа айлын малтай хамт бэлчээрт тавьсан бөгөөд бэлчээрээс авч ирэх үед нэг мал нь эргүү өвчин тусаад алга болсонд их уурлан, согтуу байж мотоциклоор дайрах гэж хөөж, чулуугаар шидэж байсан удаа бий. Бичиг баримт барьцаалчихсан учраас хаашаа ч явж чаддаггүй. Ажиллах хугацаанд өөр айлын гэрт ч оруулах дургүй, хэзээ ч гар дээрээ цалин авч үзээгүй. Жилдээ нэг удаа хоол хүнс өгдөг. Одоогоор эхнэрийнхээ группийн мөнгөөр л амьдардаг.

Энэ айлаас явах гэхээр зоддог тул айгаад тийм үйлдэл дахиж хийгээгүй. Сонгуулиа хамт явж өгдөг, иргэдийн хурал, багийн цуглаан зэрэгт явж үзээгүй. Цагдаад хандаж үзээгүй, хүмүүс худлаа хов жив ярьж, дараа нь ах нь өөрөө зодуулдаг учраас олон юм ярьж явахаас одоо залхсан…  (Архангай аймгийн Эрдэнэмандал сумын туслах малчинтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)

БАРИМТ-4: …Би энэ айлд туслах малчин хийдэг. Өмнө нь гэрлэж байсан ч хоёр тийш болсон. Одоо нэг залуутай хамт амьдарч байгаа. Энэ хүнтэйгээ гэрлэж, охиноо түүний нэрээр овоглох бодолтой байгаа. Ажил олгогч айл маань хааяа охин, нөхөр хоёрыг маань нүд үзүүрлэх хандлагатай байдаг. Тиймээс албан ёсоор бүртгүүлье гэж бодож байгаа… (Хэнтий аймгийн Батноров сумын туслах малчинтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)

БАРИМТ-5: …Үүрийн 5:00, 6:00 цаг гэж босож ажилдаа гараад орой 10:00, 11:00 цаг гэж гэртээ орж ирдэг. Өдөрт 17-18 цаг ажиллаж байна гэсэн үг. Гэхдээ амралтын өдөр байхгүй, долоо хоногийн бүх өдөр ажиллаж байна. … Өвлийн хүйтэн, хавар мал төллөх үеэр хэцүү. Өдөр бүр малд явна…

… Би өмнө нь нэг айлд хоёр жил адуучнаар ажилласан. Анх тохирохдоо хоёр жил ажилласны дараа азарга адуу өгнө хэмээн ажил олгогч талаас хэлж байсан. Уг айлд нэг жил зургаан сар ажилласан ба энэ хугацаанд ажил олгогчийн адуунаас ганц нэгээрээ алга болох тохиолдол гараад байсан.

Үүнд ажил олгогчийн хүү болох 20 орчим насны залуу намайг буруутган хөөж явуулсан. Ингээд айлд нэг жил зургаан сар ажиллаад нэг төгрөгийн ч цалин, малаар тооцсон орлогогүй тус айлыг орхиход хүрсэн … (Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын туслах малчинтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)

БАРИМТ-6: …Би тэднийд эхнэртэйгээ цуг ажилладаг байсан. Тэгээд сард 300,000 төгрөг өгдөг байсан. Хүнс хоол, хувцас хунар гээд бүх зүйлсээ 300,000 төгрөгөөрөө болгодог. Хонь хариулж байхад дөрвөн хонь алга болсон. Ажил олгогч маань хавар ирээд, алга болсон дөрвөн хонио мөнгөөр нь үнэлээд цалингаас суутгаж байсан….

Цалингийн ямар ч урамшуулал авч байгаагүй. Уг нь эхнэр бид хоёр хоёулаа л зүтгэж байхад эхнэрт маань цалин бодож өгөх болов уу гэтэл нэг хүний цалингаар л тооцоо хийдэг…  (Өвөрхангай аймгийн Хархорин сумын туслах малчинтай хийсэн ярилцлагаас)

БАРИМТ-7: …Одоогоор туслах малчин хийгээд 3-4 жил болж байна. Өмнө нь нэг айлд туслах малчин хийж байсан. Өглөөнөөс орой болтол бүх юмыг нь хийдэг байсан. Үхэр мал, гал тогооны ажил гээд бүхий л зүйлд тусалдаг байсан. Тэгсэн хир нь ааш зан маш муутай, байнга зандрангуй байдаг. Тухайн үед манайд гэр барьж өгч байсан тэгээд түүгээрээ дарамталж, манай гэр бүлийг ажиллуулдаг.

Тухайн үед байнга л зодож нүддэг хэцүү байсан. Манай нөхөр адуунд яваад олоогүй эргэж ирвэл зодно, сандлаар цохино, намайг бол өглөөнөөс орой болтол гэрт оруулдаггүй. Байнга л энэ тэрийг хий гэж зандарна. Тэдний хүүхэд нь өвчтэй байсан болохоор бас хүүхдийг нь хүртэл хардаг байсан. Хуруугаа тайруулсны дараа үхэр саахад хэцүү байсан.

Тэгээд намайг үнээ дутуу саалаа гээд зоддог байсан. Дотроо их айдаг байсан учраас тухайн үед хуулийн байгууллагад хандах нь битгий хэл хүнд ч хэлдэггүй байсан. Одоо ахиад ийм явдал тохиолдвол хаана, хэнд хандахаа сайн мэддэггүй…  (Өвөрхангай аймгийн Хархорин сумын туслах малчинтай хийсэн ярилцлагаас)

БАРИМТ-8: …Би зургаан настай охинтойгоо хамт энэ айлд туслах малчнаар ажилладаг. Надаас гадна хоёр эрэгтэй туслах хамт ажиллаж байна. Хамт ажиллаж байгаа хоёр залуу намайг элдэв янзаар хүчирхийлэх, дарамтлах тохиолдол их гардаг.

Үүнээс гадна ажил олгогчийн гэр бүл ч мөн адил загнаж зодох, дарамтлах тохиолдол байнга гаргадаг. Нэг удаа охин маань намайг хамгаалах гэж оролдож байгаад санамсаргүй халуун зууханд нэг гараа түлсэн…   (Төв аймгийн Алтанбулаг сумын туслах малчинтай хийсэн ярилцлагаас)

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button