МэдээЦаг үе

TYYXИЙ ЭДИЙH ЗAX ЗЭЭЛ ДЭX ГEO-ЭДИЙH ЗACГИЙH CӨPГӨЛДӨӨH

Дэлхийн эдийн засагт Украины нөхцөл байдал, хөгжингүй орнуудын инфляцын өсөлт гэсэн хоёр том хүчин зүйл сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Уг хоёр хүчин зүйлээс хамаарч түүхий эдийн зах зээлд савлагаа үүсэхэд бэлэн болоод байна гэж санхүүгийн шинжээч нар үзэж буй бөгөөд 2022 он түүхий эдийн зах зээл “бух” эсвэл “баавгай” /өсөх эсвэл буурах/-аар байх сорилтын жил болно гэж таамаглаж байна. ОХУ, Украины нөхцөл байдал яаж эргэхээс хамаарч газрын тос, байгалийн хий, үнэт меттал, улаан буудай зэрэг түүхий эдийн үнэд шууд нөлөөлөхөөр байна.

Геополитикийн нөхцөл байдлаас гадна түүхий эдийн зах зээлд хөгжингүй улс орнуудын инфляциас хамаарсан нөлөөлөл гарах магадлалтай байна. Цар тахлын нөхцөл байдал тээврийн зардал, тээвэрлэх хугацаанаас болж бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлсөөр байгаа. Уг нөхцөл байдал цаашид хэрхэх гео-эдийн засгийн өнцгөөс дайн болох эсэх, худалдааны гинжин хэлхээ, түүхий эд, санхүүгийн зах зээлд дээрх нөхцөл байдал нөлөөлөх эсэхийг энэхүү судалгаагаар танилцуулах болно.

АНУ-ын Европт чиглэсэн гео-эдийн засгийн стратеги: АНУ гео-эдийн засгийн бодлогын хүрээнд 2021 онд шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэлийг 20 хувиар нэмэгдүүлж, дэлхийн тэргүүлэгч экспортлогч орон болох боломжтой болсон. Тус улс 2022 онд дэлхийн хамгийн том шингэрүүлсэн байгалийн хий экспортлогч улс болох, Катар, Австрали зэрэг орнуудыг экспортын хэмжээгээр манлайлахаар төлөвлөж байна. 2021 онд байгалийн хийн фьючерс үнэ нь сүүлийн 12 жилийн дээд цэгтээ хүрч, АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн экспортын үнэ 4-5 дахин өссөн байна.[1] Зураг.1 АНУ-ын байгалийн хийн үнэ

АНУ-ын Умард Атлантын далайд барих гео-эдийн засгийн стратеги нь түүхий эдийн экспортлогч орон болох амбицтай төлөвлөгөө юм. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тул Украин улсыг ОХУ-тай сөргөлдүүлж, тогтворгүй байлгах, ОХУ-ын түүхий эдийн хамаарлыг Европын холбооноос багасгах явдал юм. ОХУ нь 2020 оны байдлаар Европын холбооны байгалийн хийн 50-75 хувийг дангаараа нийлүүлсэн.

Европын холбоо нь газрын тосны 27 хувийг ОХУ-аас авдаг бөгөөд байгалийн хийн Умард урсгал-2 төсөл бүрэн хэрэгжсэн тохиолдолд Европын холбооны орнууд ОХУ-аас байгалийн хийн бүрэн хамааралтай болох юм.[2] Европ дахь ОХУ-ын давуу байдлыг Ж.Байдены засаг захиргаа удаан үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаа тул Умард Атлантын далайд баримтлах гео-эдийн засгийн стратегийг хэрэгжүүлэхэд НАТО-г ашиглаж, геополитикийн сөргөлдөөнийг үүсгээд байна.

Украин улсын хувьд дэлхийн үр тарианы гол нийлүүлэгчдийн нэг бөгөөд Европын холбоонд нийт үр тарианы 50 гаруй хувийг экспортолдог юм. ОХУ, Украины нөхцөл байдал хурцадсан тохиолдолд Европын холбооны тус хоёр улсын нийлүүлдэг үр тарианы урсгалыг Америкийн фермерүүд хангах шинэ гарцтай болох юм. Өөрөөр хэлбэл Вашингтон Украины тогтворгүй байдлыг гол хөзөр болгон ашиглаж байгалийн хий, газрын тос, улаан буудайн үнийг өсгөх замаар Европын гол нийлүүлэгч болох боломжтой юм.

ОХУ-ын баруун Европт чиглэсэн гео-эдийн засгийн стратеги: ЗХУ задарснаас хойш ОХУ гео-эдийн засгийн стратеги нь Европын орнуудад эрчим хүч, уул уурхайн түүхий эд нийлүүлэхэд голлон анхаарч ирсэн. Тус улс уг бодлогоор 2014 он хүртэл идэвхтэй баримталж ирсэн. Харин 2015 оноос ОХУ шинэ гео-эдийн засгийн стратегиа Алс дорнодыг хөгжүүлэх, зүүн Азийн орнуудтай хамтарсан эдийн засгийн түншлэлийг бий болгох чиглүүлсэн юм.

Тус улс нь Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр-2025, түүний хэтийн төсөл-2035 боловсруулан хэрэгжүүлж байгаагаа 2015 онд болсон анхны Алс Дорнодын эдийн засгийн чуулганы үеэр танилцуулсан. ОХУ-ын шинэ гео-эдийн засгийн стратеги өрнөдөөс дорно тийш аажим шилжиж байна. Дорнын бүс нутагт БНХАУ, Япон, Солонгосын хойг, АСЕАН-ны зэрэг дэлхийн хүн амын 40 гаруй хувь оршиж буй юм.

Зүүн Азийн бүс нутаг нь олон улсын санхүүгийн зах зээл, дэлхийн эдийн засаг, техник технологи, инновацын ирээдүйг тодорхойлж байна. ОХУ-ын шинэ гео-эдийн засгийн стратеги нь өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээг хангах хүнс, түүхий эдийг нийлүүлэхэд чиглэсэн урт хугацааны тоглолт гэж дүгнэж болохоор байна.

Тэгвэл хуучин баримталж байсан гео-эдийн засгийн стратеги ОХУ-д аюул занал болж хувирсан. Учир нь АНУ-ын зүгээс Умард Атлантын холбоо болох НАТО-г цар тахлын дараагаар идэвхжүүлж эхэлсэн. НАТО-гийн идэвхжил зүүн Европ руу тэлэх алхам болсон нь ОХУ-ын оршин тогтнохуйн аюулгүй байдалд занал хийлсэн үйлдэл болов. Иймд Москвагийн зүгээс гео-эдийн засаг, геополитикийн ухаалаг нүүдлийг хийхээр төлөвлөж байх магадлалтай байна. Үүнд:

ОХУ дэлхийн хамгийн том эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэгч улс. Бусдаар дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл багатай. Иймд түүхий эдийн үнийг 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараах оргил үед хүргэх зорилгоор Украин, Баруун Европын орнуудтай сөргөлдөх, Москва аюулгүй байдлын бүсээ баруун зүг тэлж, Зүүн Европ дахь нөлөөгөө нэмэгдүүлэх геополитикийн алхам хийх. Цар тахлын дараа дэлхийн эдийн засаг 2021 онд 5.5 хувиар өсч, тахлын дараа сэргэж эхэлсэн.[3]

Үүнийг дагаад эрчим хүчний хэрэглээ 2021 онд өмнөх оныхоос 4.6 хувиар өсч, 2019 оны түвшинд хүрээд байна. Уг эрчим хүчний хэрэглээний сэргэлт эрчим хүчний түүхий эдийн үнэд шууд нөлөөлж, 2022 онд дунджаар 5-7 хувиар өсөх таамаглалыг олон улсын эрчим хүчний 2021 оны тайланд дурдсан.[4] Дээрх байдлыг ОХУ-ын зүгээс геополитикийн тогтворгүй байдал болгон ашиглаж, түүхий эдийн үнийг огцом өсгөх боломж болгохын тулд Украинтай хийх сөргөлдөөн үүсэх магадлалыг нэмэгдүүлж байна.

Улс төр, геополитикийн нөлөө ба мөнгөний бус инфляц: Өнгөрсөн жилд хөгжиж буй болон хөгжингүй орнуудын инфляцын өсөлт 7-20 орчим хувьтай өндөр гарсан. Уг шалгаан нь цар тахлын үед тээврийн гинжин хэлхээ саатсанаас болж үүссэн. Инфляцыг дотор нь мөнгөний болон мөнгөний бус инфляц гэж ангилдаг. 2021 онд үүссэн цар тахлаас үүдэлтэй нийлүүлэлтийн инфляц нь мөнгөний бус юм. Мөнгөний бус инфляц Засгийн газрын үйл ажиллагааны алдаатай шийдвэрээс болж гардаг гэж Форвес сэтгүүлийн үүсгэн байгуулагч Стеви Форвес ярилцлагадаа дурдав.[5]

Украины нөхцөл байдал түүхий эдийн зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ? “Хэрэв ОХУ-ын танкууд хил нэвтрэх л юм бол зах зээлүүд дээр том доргио гарах болно” гэсэн дүгнэлтийг RBC Capital Markets хөрөнгө оруулалтын банкны түүхий эдийн стратеги хариуцсан дарга, Америкийн Тагнуулын төв газрын шинжээч асан Хелима Крофт хийж байна. Хэрэв Орос Украин руу довтолбол хамгийн түрүүнд Европын байгалийн хийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлнэ. Энэ шокын нөлөө илүү өргөн хүрээтэй тархана гэж бодож байгаа нь ганцхан Крофт биш ажээ.

Энэ өргөн хүрээтэй цочрол бий болох болгоомжлол нь ОХУ-ын дэлхийн түүхий эдийн зах зээл дэх нөлөөтэй байдалтай шууд холбоотой. ОХУ дэлхийн хамгийн том байгалийн хийн экспортлогч, газрын тосны хоёр дахь том экспортлогч юм. Түүнчлэн дэлхийн хөнгөн цагаан, зэсийн бараг аравны нэгийг нийлүүлдэг бөгөөд катализаторын бүрэлдэхүүн хэсэг болох дэлхийн паллади (palladium)-ийн 43 хувийг бүрдүүлсэн бусад олон төрлийн металлыг үйлдвэрлэдэг. Мөн улаан буудайн хамгийн том экспортлогч билээ.

Хамгийн муу хувилбар нь нөхцөл байдал хурцдаж, ОХУ-д хориг арга хэмжээнүүд хүчтэй тавигдсанаар эдгээр чухал түүхий эдийн урсгал, нийлүүлэлт тасалдах явдал юм. ОХУ-ын экспорт, түүнийг хөнгөвчлөхөд шаардлагатай төлбөрийн хэрэгслийн дэд бүтэц барууны орнуудын хориг арга хэмжээнд багтсан тул нийлүүлэлт тасалдаж магадгүй. Түүнчлэн ОХУ өөрөө өрсөлдөгчдөө шахалтад оруулахын тулд зарим экспортоо, ялангуяа байгалийн хийн экспортоо зогсоох шийдвэр гаргаж магадгүй.

Нийлүүлэлтийн тасалдал үүснэ гэсэн айдас нь үнийг өсгөж эхлээд байна. 2022 оны 1 дүгээр сарын 26-нд Брент маркийн газрын тос 1 торх нь 90 ам.долларт ойртсон нь сүүлийн долоон жилийн дээд түвшинд хүрчээ. Европын жишиг байгалийн хийн нэг мегаватт цаг нь оны эхэнд 70 евро байсан бол 90 евро (101 ам.доллар)-т хүрч нэмэгджээ. Зэсийн үнэ олон жилийн оргил үедээ хүрч нэмэгдээд байна. Түүхий эдийн зах зээл дээр нийлүүлэлт бага байгаа нь дайны тухай ярианд биржүүд дэх үнэ хэт мэдрэмтгий байхад нөлөөлж байна.

2007-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр дэлхийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл болон түүхий эдийн үнэ хоёулаа зэрэгцэн унасан. Харин эсрэгээрээ цар тахал нь боловсруулах үйлдвэрлэлийн гарц болон түүхий эд, материалын үнийн өсөлтийг бий болгосон. Гэнэтийн хүчтэй эрэлт, мөн нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал нь 2021 онд Блүүмбергийн түүхий эдийн индексийг 20 хувиар өсгөсөн. Кобальт, кофеноос эхлээд хөвөн, нүүрс зэрэг олон арван элементийн үнэ бүр ч өндөр хувиар өссөн.

Нийлүүлэлт нэмэгдэхэд удаашралтай байгаа  хэдий ч, газрын тосны эрэлт тахлын өмнөх түвшин рүү буцаж байна. Газрын тосны экспортлогч орнуудын байгууллага (OPEC)-ын олон гишүүн, түүний холбоотнууд (үүнд ОХУ орно)-д хөрөнгө оруулалт дутмаг, цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор олборлолтоо нэмэгдүүлэх квотоо биелүүлэхэд хэцүү байна. Америкийн занарын фирмүүд өрөмдлөгөөс илүү хөрөнгө оруулагчдын өгөөжийг илүүтэй анхаарч байна.

Үүний үр дагаварт дэлхийн үйлдвэрлэлийн хүчин чадал маш доогуур түвшинд хүртлээ буурч байна. Мөн олон металлын хувьд үйлдвэрлэлийн хүчин чадал хязгаарлагдмал байна. Хэрэв дайн дэгдвэл газрын тосны үнэ нэг баррель нь 120 ам.доллар болж өснө гэж JPMorgan Chase банкны түүхий эдийн стратеги хариуцсан дарга Наташа Канева үзэж байгаа ажээ. Cru компанийн зөвлөх Росс Страчан хөнгөн цагааны үнэ урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч магадгүй гэв.

Геополитикийн хурцадмал байдал уул уурхайн түүхийн эдийн үнэд нөлөөлж байсан өмнөх жишгүүд тийм ч таатай дүр зураг харуулдаггүй. АНУ 2018 онд Оросын хамгийн том хөнгөн цагаан үйлдвэрлэгч Русалд хориг тавих үед металлын үнэ огцом өсөж байжээ. Орос, Украин хоёр дэлхийн улаан буудайн 29 орчим хувийг экспортолдог бөгөөд Украины тариалалтын томоохон хэсэг нь “зөрчилдөөн”-д хамгийн их өртдөг бүс нутагт явагддаг.

Нидерландын Рабобанк компанийн Карлос Мера хэлэхдээ, улаан буудайн эрэлт уян хатан бус тул зах зээлд ийм хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлэгдэхгүй байх нь ‘хүчтэй’ нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Үнэ хоёр дахин нэмэгдэх боломжтой гэж тэрээр үзжээ. Энэ нь Хойд Африк болон Ойрх Дорнодын томоохон импортлогчдын хувьд нийлүүлэлтээ баталгаажуулахын төлөөх “тэмцэл”-ийг өдөөх болно.

Хятад, Иран зэрэг зарим орон барууны хориг арга хэмжээг тойрч, ОХУ-ын металл, үр тариаг хөнгөлөлттэй үнээр худалдаж авах магадлалтай. Энэ нь зарчмын хувьд зарим эрэлт хэрэгцээг хангах замаар үүсэж болзошгүй хүндрэлийг хөнгөвчлөх боломжтой. Гэтэл Хятад, Иран хоёр өнгөрсөн жил 17 сая тонн улаан буудай л импортолсон. Өөрөөр хэлбэл, ОХУ, Украины экспортын 59 сая тонныг бүрэн худалдаа авч чадахгүй юм.

Америк, Европт үр тарианы нөөц буурч, Өмнөд Америкийн цаг агаарын таагүй байдал нь зах зээлийг улам бүр нийлүүлэлтийн дутагдалд хүргэж болзошгүй ажээ. Түүнчлэн ОХУ нь бордооны чухал бүрэлдэхүүн хэсэг болох мочевин, калийн томоохон үйлдвэрлэгч юм. Иймд экспортын хориг нь үр тарианы үнийг улам өсгөх эрсдэлтэй. Хурцадмал байдал өндөр хэвээр үргэлжлэхийн хэрээр эрчим хүч нь эдийн засагт чухал үүрэгтэй тул хориг арга хэмжээ аваагүй ч эрчим хүчний үнийн өсөлт бусад зах зээл рүү шилжинэ.

Үнэтэй эрчим хүч нь Европт хөнгөн цагаан хайлуулах зарим үйлдвэрүүдийг аль хэдийн хаахад хүргэжээ. Байгалийн хийн үнийн огцом өсөлт нь илүү олон зуухыг хаахад хүргэж болзошгүй юм. Энэ нь Европ тив дэх байгалийн хийг түүхий эд, түлш болгон ашигладаг бордооны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, дараагийн ургацын улиралд хохирол учруулж болзошгүй юм.

Хэрэв хурцадмал байдал бүр мөсөн арилбал зах зээл дээрх үнийн өсөлт саарна гэж төсөөлж болох юм. Гэхдээ нийлүүлэлт дутагдалтай байгаа нь үнэ бага зэрэг л буурах нөлөөтэй гэсэн үг. Эдийн засагч Канева газрын тосны эрсдэл тэгш хэмтэй биш гэж үзэж байна: хэрэв энх тайван байдал тогтвол нефтийн үнэ нэг баррель нь 84 ам.доллар болтлоо л буурна, харин дайн дэгдвэл ‘бүх зүйлийн үнэ асар ихээр өснө’ гэжээ.

Дүгнэлт: 2022 онд гарах улс төр, геополитикийн тогтворгүй байдлаас үүсэх эрсдэлээс үүдэж хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлд мөнгөний бус инфляц хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй байна. Уг эрсдэл хөрөнгө оруулагч нарт шийдвэр гаргахад хүндрэлтэй байна. Түүхий эд, үнэт метталын үнэ дээр дурдсан геополитикийн нөлөөллөөс үзэхэд энэ жил өсөх магадлалтай байна.

Харин олон улсын биржүүд дээр байгаа томоохон компаниуд, хөрөнгө оруулалтын сан, засгийн газрын бонд, валютын ханшид уналтын хүчтэй савалгаа үүсэх эрсдэл байх магадлал байна. Улс төр, геополитикийн нөлөөллөөс үүдэж бий болох дайнаас урьдчилан сэргийлэхийн тулд улс орнууд өөрсдийн түүхий эд бараа бүтээгдэхүүн, тэр дундаа стратегийн бараа бүтээгдэхүүний нөөцийг их хэмжээгээр нэмэгдүүлдэг.

Ингэж учирч болох болзошгүй эрсдэлийг бууруулдаг. Газрын тос болон хүнсний нөөцийг нэмэгдүүлснээс үүдэж бүх төрлийн түүхий эдийн зах зээлд эрэлт бий болж үнэ өснө. Уг үнийн өсөлт экспортлогч орнуудад ашигтай юм. Импортлогч орнуудын хувьд төрийн оролцоотой эдийн засаг хүчээ авч, зах зээлийн эдийн засаг хумигдах үзэгдэл гарна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button