Аниме

АНИМЭ: Хэний ч санаанд оромгүй СОНИРХОЛТОЙ баримтууд

Нэг үзээд эхэлчихвэл салахын аргагүй адал явдлаар дүүрэн зүйл бол анимэ гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл тэрхүү өнгөлөг, сонирхол татахуйц уран бүтээлийн цаана олон сонирхолтой баримтууд нуугдаж байдгийг мэдэх үү? Ингээд та бүхэнд анимуудын талаар хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй хачирхалтай баримтуудын түүвэрлэн хүргэж байна.

ДЭЛХИЙН ТЕЛЕВИЗИЙН АНИМЭЙШН ШОУНЫ 60 ХУВИЙГ АНИМЭ ДАНГААРАА ЭЗЭЛДЭГ

2004 онд Японы гадаад худалдааны байгууллагаас хийсэн нэгэн судалгаагаар дэлхийн телевизийн анимэйшнд суурилсан энтертайнмент шоунуудын 60 хувийг анимэ дангаараа эзэлдэг гэсэн дүгнэлт гарч байжээ. Үүнээс харахад анимэ Япон улсдаа төдийгүй дэлхий дахинд хэчнээн том байр суурь эзэлдэг нь сайтар харагдаж байна.

“ATTACK ON TITANS” АНИМИЙН САНАА АНХ ХААНААС ТӨРСӨН БЭ?

Зохиолч Hajime Isayama интернет кафед ажилладаг байхдаа “Attack on Titans” анимийнхаа санааг олсон байна. Ажил дээр нь согтуу үйлчлүүлэгдчдийн гаргаж буй авир яг л мангасуудаас л гарах авир мэт санагдсан бөгөөд жаахан ургуулж бодвол дүр төрх, ааш авир зэрэг нь аварга титануудтай төстэй байсан гэжээ.

“CODE GEASS” АНИМИЙН ДҮРҮҮД ЯАГААД ДАНДАА ПИЦЦА ИДДЭГ ВЭ?

Анимэ үзэгчдийн анхаарлыг хамгийн их татдаг зүйлсийн нэг бол яах аргагүй арааны шүлс асгаруулам өнгөлөг хоолнууд билээ. Та “Code Geass” (2006) анимийг үзэж байхдаа дүрүүд нь яагаад дандаа пицца идэж байдгийг гайхаж байсан л байх. Тэгвэл тус анимийг “Pizza Hut” сүлжээ ресторан ивээн тэтгэсэн учраас л пиццаг ийнхүү сурталчилж байсан аж.

“SPIRITED AWAY” ОСКАРЫН ШАГНАЛ ХҮРТСЭН АНХНЫ БӨГӨӨД ЦОР ГАНЦ АНИМЭ

“Spirited away” анимэ 2003 онд Академийн шагнал гардуулах 75 дахь удаагийн ёслолоос “Шилдэг хүүхэлдэйн кино” шагналыг хүртсэн билээ. Ингэснээр тус анимэ түүхэндээ Оскарын шагнал хүртсэн анхны бөгөөд цор ганц анимэ болсон юм. Гэвч тус бүтээлийн найруулагчаар нь ажилласан эрхэм Hayao Miyazaki шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирэхээс татгалзсан юм. Тэрээр дайны эсрэг үзэлтэй нэгэн бөгөөд Иракт тэсрэх бөмбөг дэлбэлж байсан улсад айлчлахгүй хэмээн үзсэн аж.

“SAILOR MOON” БОЛОН “YU YU HAKUSHO” АНИМИЙН ЗОХИОЛЧИД ХООРОНДОО ГЭРЛЭСЭН

Алдартнууд хоорондоо гэрлэх нь ховор ч манга зохиолчдын хувьд энэ нь бүр ч ховор. Тэгвэл анимэ сонирхогчдын хувьд чухалд тооцогдох гайхалтай нэгэн үйл явдал 1999 оны нэгдүгээр сарын 6-нд тохиосныг хүмүүс тэр бүр мэддэггүй билээ. Энэ бол “Sailor Moon”-ий зохиолч Naoko Takeuchi болон “Yu Yu Hakusho”, “Hunter x Hunter” нарын зохиолч Yoshihiro Togashi нарын хурим юм.

“DEATH NOTE” АНИМЭГ ХЯТАД УЛСАД ХОРИГЛОСОН

БНХАУ-ын Засгийн Газраас “Highschool of the Dead”, “Attack on Titan”, “Psycho-Pass” зэрэг алдартай анимуудад хүчирхийлэл ихээр гардаг гэж үзсэний үндсэн дээр гаргахыг хориглосон байдаг. Тэгвэл сурагчид “Death Note” анимийг үзсэний дараа “Үхлийн тэмдэглэл”-тэй төстэй тэмдэглэл нээж дургүй багш нарынхаа нэрсийг бичих болсон тул энэхүү бүтээлийг ч мөн гаргахыг хориглосон байна.

“YOUR NAME” ДЭЛХИЙ ДАЯАР ХАМГИЙН ИХ ШУУГИАН ТАРЬСАН АНИМЭ

Нээлтээ хийхээсээ ч өмнө олон нийтэд өндөр хүлээлт үүсгээд байсан “Your name” (2016) анимэ нээлтээ хийсэн даруйдаа дэлхийн хамгийн алдартай анимэ болж, түүхэнд нэрээ мөнхөлж чадсан. Найруулагч Makoto Shinkai-ийн бүтээсэн тус анимэ Японы шилдэг бүрэн хэмжээний анимийн жагсаалтуудыг тэргүүлээд ч зогсохгүй дэлхийн хамгийн өндөр ашиг орлого олсон “Spirited Away”-ийн орлогыг давсан. “Spirited Away” 275 сая ам.долларын ашиг орлого олж байсан бол “Your name” 281 сая ам.долларын орлого олсон юм.

“SAZAE-SAN” ГЕННИСИЙН НОМОНД БҮРТГЭЛТЭЙ

АНУ-ын хамгийн олон жилийн турш үргэлжилсэн цуврал анимэйшнууд бол “The Simpsons” (1989 – Одоог хүртэл), “SpongeBob SquarePants” (1999 – Одоог хүртэл) нар билээ. Харин Японы хамгийн олон жилийн турш үргэлжилсэн цуврал анимэйшн бол 1969 оноос өнөөдрийг хүртэл үргэлжилж буй “Sazae-san” анимэ юм. Нэг анги нь 6 минутийн турш үргэлжлэх энэхүү цувралын ангийн тоо 2020 оны байдлаар 7500-г давжээ.

2013 онд “Sazae-san” анимийг Геннисийн номонд “Дэлхийн хамгийн удаан хугацааны турш үргэлжилсэн хөдөлгөөнт дүрс бүхий телевизийн цуврал” хэмээх амжилтаар тэмдэглэсэн байна.

САНСАРТ ХООЛОЙГОО БИЧҮҮЛСЭН АНХНЫ АНИМЭ – “SPACE BROTHERS”

Уран зөгнөлт төрлийн “Space Brothers” (2012) бол сансрын нисгэгч болохыг мөрөөддөг хоёр хөвгүүний тухай өгүүлэх тун сонирхолтой анимэ юм. Цувралын 31-р ангид сансрын хиймэл дагуулаас бичсэн бодит дуу авиаг ашигласан нь энэхүү анимийг улам л сонирхолтой болгодог. Тодруулбал Японы сансрын нисэгч Akihiko Hoshide энэхүү анимэд зориулж Олон улсын сансрын станц дээрээс хоолойгоо бичиж явуулжээ.

“NARUTO” НИНЖА МЭЛХИЙ

Хэд хэдэн анги дээр Наруто асуудал тулгарсан үедээ аварга нинжа мэлхий Gamabunta-г дуудан, туслалцаа хүсдэг. “Gamabunta” хэмээх нэр нь Японы алдарт жүжигчин Bunta Sugawara-гийн хоч бөгөөд тэрээр “Battles Without Honour” болон “Humanity” зэрэг телевизийн цувралуудад Якузагийн дүрийг бүтээсэн нэгэн. Мөн эдгээр киноны найруулагч Kinji Fukasaku өөр нэгэн ахмад нинжа мэлхий болох Fukasaku-ийн дүрээр Наруто дээр гардаг байна.

АНХНЫ ШИДТЭН ОХИНЫ ТУХАЙ АНИМЭ 1960 ОНД ГАРСАН

Ихэнх хүмүүс “Sailor Moon”-ийг төрөл, жанрынх нь хувьд шидтэн охины түүхийг өгүүлэх анхны анимэ гэж үздэг нь ташаа ойлголт юм. Харин шидтэн охины түүхийг өгүүлэх анхны анимэ бол 1966-1968 оны хооронд гарсан “Sally the Witch” юм.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button