Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээний бөх, улсын начин Дашдоржийн Цэрэнтогтохтой гуравугаар сард ярилцсанаа сэргээн нийтлэв.
ЦАГААН САРААС ХОЙШ НУТАГТАА БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА
-Сайхан хаваржиж байна уу, Та. Начин нутагтаа байгаа гэж дуулсан. Хонгор нутагтаа хэзээ очив? -Сайхан хаваржиж байна аа. Би нутагтаа Цагаан сарын дараа ирсэн. Энд барилдааны бэлтгэлээ С.Мөнхдуулдах багш дээр тогтмол хийж байгаа. Уг нь манай энд халдвар илрээгүй, аятайхан байсан юм. Гэтэл хэд хэдэн тохиолдол илэрчихлээ. Халдвар илэрсэн гээд заал хааж магадгүй нь. Тэгвэл бэлтгэл хийх боломжгүй болно. Цар тахал намжаад, энх сайхан цаг л ирж байвал бусад нь яах вэ. Арга нь олдох байлгүй. Би бэлтгэл сайтай байгаа. Жин жаахан хассан. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ойтой гээд бөхчүүд хаа сайгүй бэлтгэл сайтай байгаад байдаг. Би энд нэг иймэрхүү л байна даа.
–Хамгийн сүүлд та хэзээ барилдав? -За, байз юу билээ. Хамгийн сүүлд Ламын гэгээний ойгоор барилдсан юм байна.МИНИЙ БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАССАН ТАЛААР АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭР ГАРААГҮЙ, АЛБАН БИЧИГ ӨГӨӨГҮЙ
-2019 оны улсын наадмын дараа Э.Оюунболд аварга та хоёроос допинг илэрсэн. Таны барилдах эрх энэ оны долдугаар сард сэргэх хэвээрээ юү? -Хэвээрээ. Энэ оны долдугаар сарын 12-нд сэргэнэ. Тэгэхээр энэ жил улсын наадамд барилдах боломжгүй.
–Барилдах эрхийг нь хаслаа гэж албан ёсоор мэдэгдсэн үү? -“Миний барилдах эрхийг хоёр жилээр хаслаа” гэж албан ёсны шийдвэр гараагүй, ямар нэгэн албан бичиг өгөөгүй. Зүгээр аман яриагаар л өдий хүрсэн. Бүхэл бүтэн улс ийм байж болох уу. Би 2019 онд улсын наадамд тав давж, өсөх идэр чимэг нэмсэн. Чимгийг нь хураахад Ерөнхийлөгчийн зарлиг шаардлагагүй. Зөвхөн цолыг л Ерөнхийлөгчийн зарлигаар олгож, хураадаг юм билээ.
–Танаас допинг маш бага хэмжээгээр илэрсэн юм билээ. Яг ямар төрлийн бодис, хэр хэмжээгээр илэрсэн бэ? -Надаас яг ямар бодис илэрсэн гэлээ байз. Нэрийг нь мартчихаж. Надаас маш бага хэмжээгээр илэрсэн. Ямар нэгэн хүчтэй бодис илрээгүй. Би ч өөрөө допинг санаатайгаар хэрэглээгүй. Хэрэглэх шаардлага надад байхгүй. Хүчтэй бодис илрээгүй, маш бага хэмжээгээр илэрсэнг нь бодолцоод уян хатан хандаж болох л байсан юм байна лээ. Баян-Өлгий аймгийн харьяат, улсын начин Баатарцолоос маш бага хэмжээгээр илрэхэд цолыг нь хураагаагүй, эрхийг нь зургаан сараар хассан. Сүүлд л гэхэд Н.Батсуурь аваргаас маш бага хэмжээтэй илрэхэд 11 сараар эрхийг нь хассан, одоо 100 жилээр барилдах боломжтой байгаа. Гэтэл миний барилдах эрхийг хоёр жилээр хассан. Энэ онд 100 жилийн ойгоор барилдах боломжгүй нь харамсалтай. Бөхчүүдийг харилцан адилгүй шийтгээд байгаа нь ёстой утгагүй. Иймэрхүү алагчилсан хандлага, шийтгэл битгий гаргаасай. Допинг илэрсэн бөх бүхнийг адилхан шийтгэж, ижилхэн хандаасай гэж хүсэж байна. БИ ШАГАЙНАЙХАА ӨВЧИНГ НАМДААХЫН ТУЛД ЦАГААН ТАРИА ХИЙЛГЭЕ ГЭЖ ХИЙЛГЭСЭН
–Цагаан тариа илэрсэн талаар та өмнө нь хэлж байсан. Ямар зорилгоор хэрэглэсэн бэ? -Цагаан тариа хийлгэе гэж хийлгэсэн. Хийлгэнгүүт хөлний өвчин намдаачихдаг юм. Яагаад цагаан тариа хийлгэсэн талаараа тодорхой ярья. Ийм юм болсон юм. 2019 онд миний шагай мултарсан юм. За, байз дөрөв бил үү тавдугаар сард улсын харцага О.Хангай бид хоёр “Цу-Эрдэнэ” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. О.Хангай бүр таягтай явж байсан. Тэнд эмчилгээ хийлгээд хөл овоо гайгүй болов. Баянхонгорт ирж барилдаад, дараа нь наадмын бэлтгэлд гарлаа. Гэтэл наадмын бэлтгэлийн үеэр хөлнийхөө бэлтгэлийг сэдрээчихсэн юм. Юу юугүй наадам болох гэж байдаг. Бэлтгэл сайтай байсан болохоор гүрийгээд барилдахаар шийдлээ. Наадмаас өмнө шагайгаа эдгээх өөр арга байгаагүй. Тиймээс өвчнөө намдаагаад барилдахын тулд Батням багшаас асууж байгаад цагаан тариа хийлгэсэн. Хийлгэе гэж хийлгэсэн гэж тодотгосон маань ийм учиртай. 2018 ОНД ЦАГААН ТАРИА ХИЙЛГЭЭД БАРИЛДАХАД НАДААС ДОПИНГ ИЛРЭЭГҮЙ ТУЛ ХЭРЭГЛЭЖ БОЛДОГ Л ГЭЖ БОДСОН
–Та өмнө нь Цагаан тариа тариулж байсан уу? -Тариулж байсан. Би 2018 онд улсын начин болохдоо Цагаан тариа хоёр удаа хийлгэсэн. Надаас ямар нэгэн хориотой бодис илрээгүй. 2019 онд хөлнийхөө өвчнийг намдаахын тулд 10 ширхгийг хийлгэсэн нь буруудчих шиг боллоо. Уг нь Батням багшаас, хүмүүсээс сайтар асууж, хаширлаж байгаад л хийлгэсэн юм. Э.Оюунболд аварга Батням багшийн удирдлагад бэлтгэлээ хийсэн, сүүлд нь чат нь задарсан. Та мөн Батням багшийн заавраар цагаан тариа хийлгэсэн гэлээ. Тэгэхээр нэг багштай холбоотой хоёр бөхөөс допинг илэрсэн нь санамсаргүй тохиолдол уу, эсвэл санаатайгаар хэрэглэсэн үү гэдэг асуулт яалт ч үгүй гарч ирж байна. Та допинг хэрэглээгүй гэж итгэлтэй хэлж чадах уу? Чадна. Чадалгүй яах вэ. Хэрэглээгүй юм чинь хэрэглээгүй л гэнэ шүү дээ. Оюунболд бид хоёроос допинг илэрсэн болохоор Батням багш санаатай хэрэглүүлж гэх хардлага хүмүүст байдаг юм билээ. Э.Оюунболд санаатай, санамсаргүй хэрэглэсэн талаар би мэдэхгүй. Нүдээр хараагүй байж хүнийг элдвээр хэлэх шиг муухай юм байхгүй. Би 2018 онд гуяныхаа булчингийн уутыг задалчихсан юм. Тэгж явахад Н.Батзаяа харцага “Гайгүй барилдчих гээд яваа залуу байгаа юм” гээд намайг Батням багштай танилцуулж, цагаан тариа хоёрыг хийлгэсэн. Н.Батзаяа харцага бид хоёр хоёулаа Батням багшаас “Ямар нэгэн сөрөг нөлөө, хориотой бодис агуулаагүй биз дээ” гэж асуусан. Тэгэхэд “Тийм юм байхгүй” гэсэн. Тэр жил ямар нэгэн асуудал гараагүй, улсын начин болоод допингийн шинжилгээ өгөхөд хориотой бодис илрээгүй. Тэгэхээр нь би хэрэглэж болдог тариа юм байна гэж бодсон. Хэн ч тэгж бодно биз дээ. Тариулчихаад шинжилгээ өгөхөд допинг илрэхгүй байхаар. Гэтэл 2019 оны наадмын дараа өгсөн шинжилгээнээс допинг илэрчихсэн. Би бүр гайхаад. Цагаан тариа допингийн төрлийн бодис агуулдаггүй л гэж би бодсон юм. Би өөр юм хийлгээгүй, тариулаагүй болохоор үнэхээр гайхсан. Надаас яагаад допинг илрэв гэж удаан бодлоо. Цагаан тарианаас өөр гарцгүй байсан л даа. 2019 онд улсын цол авчихсан байсан, цолоо ахиулъя гээд барилдсан. Дахиад хэлэхэд ямар нэгэн хүч, тамир оруулдаг бодис, тариа хийлгэх шаардлага надад байхгүй.
–Бэртлээ эдгээх, өвчнөө намдаахын тулд цагаан тариа хийлгээд допингийн асуудалд холбогдсон өөр бөх бий юү? Мэдэхгүй. Допинг маш бага хэмжээгээр илэрсэн улсын аварга Н.Батсуурийн барилдах эрхийг 11, Баатарцолынхыг зургаан сараар хасаад өнгөрсөн. Н.Батсуурь аваргаас хүчтэй бодис илрээгүй. Одоо нэг зүйл л чухал байна. Бөхчүүд бэртлээ гэхэд ямар эм, тариа хийлгэвэл зохих, допингийн төрлийн бодис агуулсан эсэх талаар мэдлэг, мэдээлэл сайтар өгөх хэрэгтэй байна. Мэдлэг, мэдээлэлгүйн улмаас буруу тариа хийлгэх тохиолдол олон. МАНАЙ АЙМГИЙН ГАЛД ЛАВ ДОПИНГИЙН СУРГАЛТ ОГТ ОРЖ БАЙГААГҮЙ
–МҮБХ, Допингийн эсрэг үндэсний төвөөс улсын наадмын өмнө галуудаар явж, допингийн талаар сургалт явуулж байна гэх мэдээлэл их гардаг. Та бүхэн допингийн талаар мэдлэг, мэдээлэл хангалттай авч чаддаг уу? -Өнөөг хүртэл хугацаанд манай аймгийн гал дээр лав ганц ч удаа сургалт хийгээгүй, допингийн талаар мэдээлэл өгөөгүй. Допингийн сургалт хийж байхыг нь би лав үзээгүй, суугаагүй. Допингийн эсрэг үндэсний төвийнхөн шигшээгийн тамирчидтай л харилцдаг, тулж ажилладаг. Бөхчүүдийг тоодоггүй. Шигшээгийн тамирчид хүн, бөхчүүд бид хүн биш юм уу. Ийм аймар ялгавартай ханддаг. Хэдэн онд билээ, Бөхийн өргөөнд нэг удаа допингийн сургалт хийсэн юм. Гэтэл бөхчүүд бидэнд өмнө нь огт мэдэгдээгүй. Допингийн сургалт хийж байна гээд лайваар дамжуулахаар нь л мэдсэн шүү дээ. МҮБХ-ны буруу юу, Допингийн эсрэг үндэсний төвийн буруу юу. Наадмын өмнө галуудаар явж, допингийн эсрэг сургалт хийдэг гээд л ярьдаг. Манай аймгийн гал дээр ирснийг нь би лав мэдэхгүй. БИ Э.ОЮУНБОЛД АВАРГАТАЙ ХАМТ АТГ-Т ХАНДААГҮЙ
–Э.Оюунболд аварга допингийн асуудлаар АТГ–т хандсан, шүүхэдсэн. Та яагаад АТГ–т хамт хандаад, шүүхдээгүй юм бэ? -Би допинг хэрэглэе гэж хэрэглээгүй. Бэртлээ эдгээх, өвчнөө намдаахын тулд цагаан тариа хийлгэтэл маш бага хэмжээгээр илэрчихсэн. Хэдийгээр харамсалтай юм болсон ч гоншигнож явж, ард олныг талцуулахыг хүсээгүй. Намайг Э.Оюунболд аваргатай хамт АТГ-т хандсан гэж маш олон хүн буруу ойлголттой явдаг, хэвлэл мэдээллийнхэн ч ташаа мэдээлэл их цацсан. Би огт тэгээгүй.
–Э.Оюунболд аварга АТГ–т хамт хандъя, шүүхдье гэж тантай ярилцсан уу? -Э.Оюунболд бид хоёроос допинг илэрсэн нь тус тусын л асуудал. Хоорондоо ямар ч холбоогүй. Би аваргатай хамт АТГ-т хандан, шүүхдээд явж болох л байсан. Гэхдээ би төрийн шийдвэр, ард түмнээ хүндлээд ямар нэгэн гомдол гаргаж, хэл ам хийгээгүй юм шүү. Хэдийгээр харамсалтай зүйл болсон ч надаас допинг илэрсэн үү илэрсэн. Тиймээс би шийтгэлийг нь хүндэтгэсэн. Одоо гэтэл элдэв хэл ам хийн, шүүхдээгүйгээрээ би ганцаараа хохироод үлдлээ. Ардын хувьсгалын 100 жилийн ойд л гэхэд надаас бусад нь барилдах эрхтэй болчихлоо. Э.Оюунболд аваргын барилдах эрхийг сэргээчихсэн. Одоо Обо хаана ч, ямар ч барилдаанд зодоглох эрхтэй. Өнгөрсөн жил допинг илэрсэн гурван бөхийн барилдах эрхийг 11 сараар хассан тул энэ онд улсын наадмаас өмнө барилдах эрх нь сэргэчихнэ. Тэгээд л би ганцаараа үлдчихээд байгаа юм. Шийтгэл бол шийтгэл. Хоёр жил миний эрхийг хассан. Би хүндэтгээд шийтгэлээ хүлээгээд л явж байгаа. Би одоо ингэж ярихаар хүмүүс бусадтайгаа барьцлаа гэж буруу ойлгож магадгүй. Бүх бөхийг адилхан шийтгэж, ижилхэн ханд л даа. Би ерөөсөө үүнийг л хүсээд байгаа юм. ДОПИНГ ИЛЭРСЭН ГУРВАН БӨХИЙГ 100 ЖИЛД БАРИЛДУУЛАХЫН ТУЛД ЭРХИЙГ НЬ 11 САРААР ХАССАН НЬ ЯАВЧ ШУДАРГА БУС
–Өнгөрсөн жил улсын наадамд барилдсан гурван бөхөөс допинг илэрсэн. Тэгэхэд 11 сараас эрхийг нь хасаад өнгөрлөө. Жилээр хассан бол энэ жил улсын наадамд барилдах боломжгүй байсан. 100 жилд барилдуулахын тулд тэгж хаслаа гэж хардах үндэслэлтэй. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ? -Допинг илэрсэн бөхийн цолыг хураах юм уу хоёр жилээр эрхийг нь хассаар ирсэн, ихэнхдээ. Гэхдээ өнөөг хүртэл хугацаанд цолоо хураалгасан хоёрхон бөх бий. Адъяабат, Суманчулуун хоёр. Өөр хүн байхгүй. Надаас допинг илэрсэн нь миний буруу. Чимгээ хураалгахыг би эсэргүүцэхгүй. Хамгийн гол нь допинг илэрсэн бөхчүүдэд яагаад ингэж ялгавартай хандан, өөр, өөр шийтгэл оноогоод байгаа юм бэ. Үүнийг би ойлгохгүй байна. Адъяабат улсын цолоо хасуулснаасаа хойш барилдахаа больчихсон. Суманчулуун барилдаад л байна. Гэтэл өнгөрсөн жил допинг илэрсэн гурван бөхийг энэ жил улсын наадамд барилдуулахын тулд эрхийг нь 11 сараар хассан нь шударга явдал мөн үү. Хэнээс ч ингэж асуухад “Шударга бус” л гэж хариулна. Үүнд би гомдолтой байна. Зүгээр нэг хувийн байгууллага биш Монгол Улс шүү дээ. Яагаад албан ёсны шийдвэр гарган, албан бичиг өгдөггүй юм бэ. “Эрхийг нь хаслаа” гэж яриад л өнгөрдгөө болих хэрэгтэй. Допинг илэрсэн бөхчүүдийг адилхан шийтгэсэн бол би юу ч ярихгүй. ДОПИНГИЙН АСУУДЛААР ШҮҮХЭД ХАНДАХ БОДОЛ НАДАД БАЙХГҮЙ
–Ер нь допингийн асуудлаар шүүхэд хандах бодол танд бий юү? -Шүүхийн байгууллагад хандвал яах вэ гэж судалж үзсэн. Надад ямар ч боломж, гарц байхгүй юм билээ. Адаглаад “Цэрэнтогтохын эрхийг ингэж хаслаа” гэх албан ёсны шийдвэр, албан бичиг байхгүй. Тэгэхээр би гомдол гаргалаа гэхэд хэнтэй, ямар байгууллагатай шүүхдэлцэх нь тодорхойгүй. Буух эзэнгүй, буцах хаяггүй болчихоод байгаа юм. Манай гэр бүлийнхэн, хань минь, ойр тойрныхон бүр гайхаад байгаа юм. Яагаад бүхэл бүтэн улс байж албан ёсны шийдвэр гаргаж, албан бичиг гаргаагүй юм гээд. “Миний барилдах эрхийг хассан” гэх аман ярианаас өөр тодорхой шийдвэр байхгүй. “Албан ёсны шийдвэр гараагүй” гээд би барилдаж болох л байсан. Гэхдээ би тэгэхийг, шүүхэд гомдол гаргахыг хүсээгүй. ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДОХООР ОЛНЫ ХАНДЛАГА ЭРС ӨӨРЧЛӨГДДӨГ ЮМ БАЙНА
–Өмнөх жил нь улсын начин цол хүртээд дараа онд нь допингийн асуудалд холбогдохоор олны хандлага хэр өөрчлөгдсөн бэ? -Би сэтгэл зүйн хувьд хэцүү байсан л даа. Хүнтэй уулзахад хүртэл “Чи допинг хэрэглэчихсэн бил үү” гэсэн харцаар хараад ч байгаа юм шиг санагдана. Санаа дагаад ч тэгдэг юм уу. Би архи уудаггүй тулдаа тийм хүнд үеийг ухаалаг даван туулсан. Найз нөхдөдөө байтугай эхнэртээ ч надад ийм, тийм байна гэж хэлдэггүй, ярьдаггүй. Санаа нь зовохын нэмэр. Нөгөө талаар хэн нэгэнд зовлонгоо ярилаа, тэр хүн миний нууцыг хадгалж чадах уу. Нөгөө хүнээ ч сэтгэл, санаагаар хямраахын нэмэр. Ер нь тэгээд ийм асуудалд холбогдохоор олны хандлага тэс өөр болдог юм байна лээ. Өнөө цагт хүн чанар гэж байгаа эсэхийг би мэдэж авсан. Допингийн асуудалд орооцолдсоноос хойш юм, юм л үзлээ. Өмнөхөөсөө илүү сэтгэлийн хаттай боллоо.
–Спорт залуу насны ажил. Шуугиулах, амжилтад хүрэх цаг хугацаа богинохон. Ид барилдаж яваад хоёр жилээр эрхээ хасуулсан нь таны амьдралд, амжилтад хэрхэн нөлөөлсөн бэ? -Аймар их нөлөөлсөн. Хоёр жил гэдэг тамирчин хүнд урт хугацаа. Би үнэхээр бөх болохыг, барилдахыг хүсээд энэ спорттой амьдралаа холбосон. Би 26 насандаа улсын начин болсон. Одоо би 28 настай. Хэрвээ надаас допинг илрээгүй, ийм харамсалтай алдаа гаргаагүй байсан бол өдийд би ямар ч амжилтад хүрчихсэн явах байсан юм билээ. Бүтэн хоёр жилийн турш барилдахгүй, бэлтгэл хийгээд л явах их хэцүү юм байна. “Ёстой гоё барилдана даа. Эрэмбэ өөрчлөгдөнө. Амжилтаа баталъя, ахиулъя” гээд зүтгэж явтал ийм зүйл болчихлоо. ХАМГИЙН ХЭЦҮҮ НЬ ӨНГӨРСӨН ЖИЛ УЛСЫН НААДМЫГ ҮЗЭГЧИЙН СУУДЛААС ҮЗЭХ БАЙЛАА
–Сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн хэцүү нь юу байв? -Хүмүүс юу гэж доромжилж, шүүмжилсэн ч би тоохгүй. Хэн нь хэн бэ гэдгийг би мэддэг боллоо. Хамгийн хэцүү нь улсын наадам байлаа. Бөхчүүд улсын наадамд зодоглоод байдаг. Би гэртээ. Наадам дөхөх тусам би улам догдлоод, сэтгэл гэгэлзсэн. Би өнгөрсөн жилийн наадмаар нутагтаа байсан юм. Баянхонгор аймгийн наадмыг үзсэн хоёр өдөр ёстой тарчилсан. Үнэхээр хэцүү юм байна лээ. Барилдчихмаар санагдаад л.
–Улсын наадмыг та зурагтаар үзсэн үү? -Огт үзээгүй. “Хэрвээ барилдсан бол энэнтэй таарах байж, ингэж ам авах байж” гэж бодогдсон. Өнгөрсөн жил улсын наадмын тавын даваанд Орхонбаяр начин ам авсан. Хэрвээ барилдсан бол түүнээс өмнө ам авах байж, цолоо батлах, ахиулах боломжтой байлаа гэж бодогдсон юм. Тиймэрхүү зүйл бодогдоод их нервитсэн. Улсын наадмыг бүр дараа нь зурагтаар ухрааж үзсэн. ЗАРИМ ХҮН НАМАЙГ ЭЛДВЭЭР ДОРОМЖЛОН, ЯНЗ БҮРИЙН ЧАТ БИЧДЭГ
–Та сүүлийн хэдэн жил нам гүм амьдарч байна. Хань Э.Чулуунчимэгийнхээ хамт “Эхнэрийн заавраар”–т орсныг эс тооцвол олны өмнө гараагүй. Ярилцлагаараа дамжуулж хүмүүст, харьяа байгууллагуудад юу хэлэхийг хамгийн их хүсэж байна вэ? -Миний тухай үнэн, худал мэдээлэл их цацагдлаа. Би ер нь ямар ч асуудалд хүлээцтэй, тайван хандахыг хичээдэг. “Тэглээ, ингэлээ” гэж яриад байхыг хүсдэггүй. Зовлон, жаргалаа тоочоод явдаггүй. Намайг элдвээр доромжилсон, сэтгэл санаагаар унагаах гэж оролдсон чат их ирдэг. Намайг харлуулах, мууг нь үзэх гэсэн худал мэдээлэл их цацагдсаныг дахиад тодотгоё. Зарим хүн бусдыг муулахын, шүүмжлэхийн ордонд төрчихсөн юм биш үү. Ялангуяа, эрчүүд яасан их ховонд дуртай болчихсон юм бэ. Би хов ярих, бусдыг муулах үнэн голоосоо дургүй. Надтай харилцаж, ярилцаж үзээгүй байж мэддэг юм шиг ярьдаг. Надтай харилцаж үзсэн хүмүүс “Чи чинь ийм даруухан залуу байсан юм уу. Чамайг их зантай гэж боддог байсан” гэдэг. Огт танихгүй хүн над руу чат бичихэд би аль болох хариулж, байгаагаараа л байдаг. Би их зан гаргаад яах билээ. Намайг зарим хүн хариу бичихгүй л гэж боддог шиг байгаа юм. Хариу бичихээр “Чи хүний нэрээр хуурамч хаяг нээж” гэдэг. Хүн сэтгэлийн амьтан. Би бусдад ямар ч гэм хийгээгүй. Гэтэл огт танихгүй хүн чатаар шууд орж ирснээ “Допинг лалар. Ална аа чамайг” гэж бичдэг. Тэр хүний чат надад ямар сэтгэгдэл төрүүлэх, ямар хүнд тусахыг бодох хэрэгтэй байхгүй юу. Одоо ч гэсэн нэг хүн над руу элдэв юм бичиж л байна. “Допинг пи….” гээд биччихэж. Би энэ хүнд ямар ч гэм хийгээгүй. Над руу ингэж бичих ямар ч шалтгаан энэ хүнд байхгүй. Надаас допинг илэрсэн нь миний л асуудал. Амиа хорлох хэмжээний дайралт, доромжлол надад ирдэг. Хүмүүсийн элдэв доромжлол, хандлагыг тоогоогүй юм шиг царайлаад, “хөлдүү” юм шиг явдаг над шиг хүн хэр олон бэ. “Допинг хэрэглэдэг, чи ийм шүү дээ. Чи архи уугаад, энд тэнд агсам тавиад явдаг гэнэ лээ” гэж над руу их дайрч байгаа. Тэр яваад байгаа бичлэгийг чи үзсэн үү? –Үзсэн. -Хэн нэгэн өдөөд байвал ямар ч хүн зүгээр байхгүй биз дээ. Өт хүртэл биед нь хүрэхээр яадаг билээ. Би хүн шүү дээ. Зарим хүн сошиалд тэр бичлэгний талаар баахан юм бичиж, бахаа хангасан байна лээ. Тэгэхэд нь би дуугүй л байсан. Аль болох тоохгүй байгаа юм шиг л байхыг хичээсэн. Э.ЧУЛУУНЧИМЭГ БИД ХОЁР БУСДЫН АДИЛ АЗ ЖАРГАЛТАЙ, ЭГЭЛ АМЬДАРЧ БОЛОХГҮЙ ХҮМҮҮС ЮМ УУ
-Тиймэрхүү бичлэгийг яаж ч монтажилж, хасаад, таныг буруутай мэт харагдуулж болно. Хүмүүст үнэн, бодит мэдээлэл өгөхийн тулд асууж байгааг ойлгоорой. Тухайн үед ер нь юу болсон бэ? -Эхнэр бид хоёр бие биедээ хайртай, нэг гэртээ орчихсон. Хүн өөрийгөө, хань ижлээ өмөөрнө. Хүн хүний зан авир ондоо. Нэг газар үйлчлүүлж байтал зөөгч нь “Тооцоогоо хийгээрэй” гэлээ. Би тооцоогоо хийх гэтэл би түрийвчээ машинд үлдээчихэж. Зөөгчид нь “Удахгүй машинаас авч ирээд тооцоогоо хийчихье. Жаахан юм яриад суучихъя” гэлээ. Тийм юм хаана ч байдаг шүү дээ. Гэтэл Нөгөө зөөгч чинь “Тооцоогоо хийж чадахгүй байж” энэ тэр гээд л тийм юм болчихсон. “Намайг ална, гараад үзчихье” гэхээр нь миний уур хүрсэн. Хэний ч уур хүрнэ шүү дээ. Тэгээд би уурласан чинь дэргэдээс нууцаар бичлэг хийчихсэн юм байна лээ. Тиймэрхүү үл ойлголцол гарч л байдаг шүү дээ. Надаас өөр хүн, улсын начин биш, дуучин Чулуунчимэгийн нөхөр биш байсан бол хэн ч тэгж бичлэг хийж, бөөн дуулиан болгохгүй шүү дээ. Намайг бус ханийг минь харлуулах гэсэндээ л тийм бичлэг хийсэн. Чулуунчимэг бид хоёр руу маш их тийм дайралт, атаа чөтөө ирдэг. Бид хоёр бусдын адил зүгээр амьдарч болохгүй хүмүүс юм уу. Бусадтай л адилхан хүн шүү дээ. Сошиал ертөнц хүнийг аварч, алж ч болж байна. Одоо хандалт авах гэсэн хуурамч сайт, пэйж хуудаснууд хэчнээн олон болсон юм бэ. Нэг худал мэдээлэл цацагдахад “Нээрэн үү” гээд хэрсүү хандах хүн хэд билээ. Ихэнх нь шууд л итгэчихдэг. Шар сайтууд, хандалт авах гэсэн цахим хуудсууд ханийн минь тухай худал мэдээлэл их цацдаг. Би ханиа сайн мэднэ. Би л сайн мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ. Өөр хэн ойлгох билээ. Тиймээс элдэв мэдээлэлд эмзэглэдэггүй. Ханиа аль болох тайван байлгаж, сэтгэл санаагаар дэмжихийг, түшихийг хичээдэг.
–Саяхан та хоёрыг салсан гэх мэдээлэл цахим орчинд их цацагдана лээ. -Харин тийм ээ. Би ч бас харсан, их гайхсан. Нэг пэйж хуудас нээгээд хандалт авахын тулд л Чукагийн талаар юм бичихээр хүмүүс шавчихдаг шиг байгаа юм. Хань бид хоёрыг үзэн яддаг 100 хүн байлаа гэхэд дэмждэг мянга, мянган хүн байгаа гэдэгт итгэдэг. БИ ДУУЛВАЛ ДУУЛЧИХНА АА
–Хань тань Чулуунчимэг СТА цолтой, монгол түмний хүндлэлийг хүлээсэн дуучин. Танд дуулах авьяас бий юү? -Дуулвал дуулчихна аа (инээв). Гэхдээ ханьдаа чирэгдэлгүй яах вэ. Хааяа гэртээ сайхан дуулаад суудаг юм. Хамтраад уран бүтээл хийх бодол одоохондоо алга. Яах вэ, төлөвлөсөн юм бий. ЭХНЭР БИД ХОЁР ХОЁУЛАА ХҮЛЭЭЦТЭЙ, ТАЙВАН БОЛОХООР ҮЛ ОЙЛГОЛЦОХ ЗҮЙЛ ХАРЬЦАНГҮЙ БАГА ГАРДАГ
–Та ханьтайгаа хамт “Эхнэрийн заавар”–т оролцохдоо их тайван байсан, ер сандраагүй. Начин амьдрал дээр ч тийм тайван уу? -Тийм ээ. Байгаа маань л тэр. Би ер нь ямар ч зүйлд сандарч, тэвддэггүй. Хань минь бас тайван. Хоёр тайван хүн учирсан шүү дээ. Зарим хүн “Камерын өмнө биеэ цэнэлээ, хэлбэрдлээ” гээд байна лээ. Бусад үед ч би тийм тайван. Өөрөөрөө байгаа минь л тэр. Хань минь их тайван, ямар ч юманд хүлээцтэй ханддаг. Үлгэрлэх сайн чанар ханьд минь олон бий. Би аргадуулж байсан уу гэхээс аргадаж байсан удаа байхгүй байх. Маргалдах, үл ойлголцох зүйл гаралгүй яах вэ. Би тийм үед дуугаа хураачихдаг юм. Уур нь гараад, тайвшрахаар нь ярилцъя гээд. Тэгэхээр эмэгтэй хүнд их хэцүү байдаг юм шиг байна лээ. Хоёулаа тайван, юманд хүлээцтэй ханддаг болохоор маргалдах, үйл ойлголцох зүйл харьцангуй бага гардаг. –Та Улаанбаатар хотод хэзээ ирэх вэ? -Харин ээ. Одоохондоо тодорхой төлөвлөсөн юм алга. Цар тахалтай байгаа болохоор хэзээ очихоо мэдэхгүй л байна. Ойрын хугацаанд очих бодол алга. Улаанбаатар руу орох хөдөлгөөнийг 14 хоног хорьчихсон байгаа юм билээ. Дөрөвдүгээр сарын 5-наас хатуу хөл хорио тогтоож магадгүй. Тэгэхээр нутагтаа нэлээд хэд хонож таарах нь. Ер нь тавдугаар сараас л Улаанбаатарт очих байх. Миний ярилцлагыг уншаад хүн, хүн өөрийнхөөрөө хүлээж авах байх. Зарим нь “Гоншигноод, хэл ам хийлээ” гэж шүүмжилж магадгүй. Би тэгээгүй, хэн нэгнийг буруутгаагүй. Зүгээр л шударга байхыг хүссэн юм. Допинг хэрэглэсэн бөхчүүдийг адилхан шийтгэ, ижилхэн ханд. Тэгэхгүй юм бол би ч гэсэн барилдмаар байна. Ингэж л хэлье дээ.
Эх сурвалж: Эгүүр