ТрендЦаг үе

Хүчит шонхор зах дээр мах дуусч…

Өглөөний 05:00 цагт Хүчит шонхор зах дээр ажил, амьдрал ид буцална. Нийслэл даяар хатуу хөл хориотой байгаа ч тэрхэн хэсэгтээ буюу Дэнжийн мянгын зам дагуу урт дараалал, түгжрэл үүсжээ. Нэгнээсээ өрсөхийн тулд машинаа замын голд орхиод уут, саваа сугавчлан алхах нь ч цөөнгүй. Угаас бусад газраас арай татуу үнэ сонсч, малчдын гар дээрээс хямдхан мах авах гэсэн хүсэл хүн бүрт бий. Гэвч бодит байдал дээр үүр шөнөөр ирээд ч монголчууд малчдын гар дээрээс хямд мах авч чадахгүй нь харамсалтай.

Энэ цаг үе бол цар тахлын нөлөөгөөр иргэдийн орлого өмнөхөөс хэд дахин буурсан. Өнгөрсөн жилүүдэд ихэнхдээ махны ченжүүд л малчдыг тосдог байсан бол сүүлийн жил гаруй хугацаанд энгийн иргэдийн цуваа эрс нэмэгдсэнийг худалдаачид хэлж байна. Нөгөө талд орлого хумигдахын хэрээр байгаа мөнгөндөө ганц кг мах илүү авахаар эртлэн ирсэн нь энэ. 05:00 цаг гэхэд машинуудын бүхээг онгойж, мах задарна. Гэхдээ баталгаажуулах жин цагийн дараа нээгдэх учраас энэ хооронд үнэ судлах, хаялцах маягтай. Гэвч малчид юм уу хэмээн горьдлого тээн махны худалдаан дээр очих бүрт “дууссан” гэх хариу сонсоно. Яг энэ үед хажууд нь бүгдийг нь авчихсан гэх гаднаас нь харвал “бүдүүн” хүн зогсч буй. Анзаарвал, тэр олон машин дунд 4-5-хан хүн л эргэлдэнэ. Эднийхийг Дорж авлаа, тэр машины махыг Долгор авлаа гээд тоочиглоод явчихна. Тэгснээ бараг малчнаас үнийг нь ч асуухгүйгээр шууд үхрийн мах кг нь 10800, ямааных бол 8200, адууных 11 мянга, хонь 12 мянган төгрөг гээд давхар үнийг нь тогтоох жишээтэй. Дэгсдүүлж хэлбэл, махаа зарах гэж ирсэн малчин ч, мах авах гэж очсон иргэн ч гайхах, гомдоллох зэрэгцээд үлдэх дүр зураг нийтлэг. Ченжийн хараанд өртөөгүй ганц нэг машин байх ч утсаар авах хүнтэйгээ тохирчихлоо гээд угтана. Гэхдээ мэдээж зарим дэлгүүр, худалдааны төвтэй харьцуулахад үнэ хямд. Гэвч тор, уут барьж очсон хүн мах авах боломжгүй. Бодын хөл дангаар нь битгий хэл өрөөлөөр олдохгүй. Учир нь ченжүүд малчдын махыг машинаар нь, бүтнээр нь худалдаад авчихдаг учраас жижиглэнгээр авна гэж саналтгүй. Махны худалдаа хооронд бараг хоёр цаг гаруй холхиход “Уг нь үхрийн мах кг нь 10800 гэнэ. 2-3 айлаараа нийлээд нэг хөл авъя гэж бодсон нь заавал бүтнээр нь өгнө гэнэ. Саяхан Сүхбаатар аймгаас ирсэн нэг малчнаас өрөөл мах авъя гээд бас хэдэн айлтай хуваахаар утсаар яриад эргээд иртэл махны ченж машинаар нь аваад явчихлаа. Бүтэн үхэр гээд тооцохоор 2-5-3 сая төгрөг болж байна. Өрөөл нь 1.5 сая төгрөг. Энэ их мөнгөөр мах авах хүн цөөн. Нэгэнт ирснийх дотроос жижиглэнгийн үнэтэй мах 2-3 кг аваад явахаас” гэх хүн олон таарсан юм. Хонины бүтэн гулууз том, жижгээсээ хамаараад хамгийн багадаа 200 гаруй мянган төгрөг болж байна. Харин үхрийн махны хувьд шинэ нь кг нь 12500, хуучин буюу намрын мах 10500-10800 төгрөгийн үнэтэй байгаа юм.

ГУРВАН АЛХМЫН ЗАЙ ДАХЬ 3000 ТӨГРӨГИЙН ЗӨРҮҮ
Эхний үнэ асуусан газартаа 10 минутын дараа ирэхэд 200-300 төгрөгөөр өссөн байх жишээтэй. Тэгэхгүй бол хажуугийн хүмүүс үнэ буулгалаа гээд уурладаг. Арай хямд үнээр зарж байгаад торгуулсан гэх хүн ч таарлаа. Өөрөөр хэлбэл, махны худалдаачид үгсэн хуйвалдаж, арай хямд зарах гэсэн нэгнээ дарамталж болиулдаг аж.

Захын гадна задардаг махны үнэ арай хямд ч жижиглэнгээр өгөхгүй учраас ченжүүдээс бусад нь авах боломжгүй. Цар тахлын үед 2-3 сая төгрөгөөр бүтэн бог худалдаж авах айл хэд байгаа билээ. Мөн хөл хориотой, машин хязгаарласан учраас ихэнх нь явган алхаж ирээд автобусаар буцна гэцгээж байв. Хямд мах авч чадаагүй хүмүүс нэгэнт л үүрээр ирсэн учраас худалдааны төвөөс жижиглэнгээр авахаас аргагүй. Харин байшингийн гадна, дотно 3-4 алхмын зайд махны үнэ яаж хувирч байгааг харуулъя. Хашаан дотор үхрийн мах 10500-12000 төгрөгөөр үнээр зарагдаж байсан бол зах дотор 12500-14500 төгрөг. Үхрийн гуя 15000-15500 төгрөгийн үнэтэй. Хонины мах гадна талд 8500-11000 төгрөг бол дотор 11700-12500, үхрийн ястай мах 12000, үхрийн цул мах 14000, үхрийн гуя 15000-15500 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Ойролцоогоор 2000-3000 төгрөгийн зөрүүтэй. Өөрөөр хэлбэл, монголчууд хэзээ ч малчдын гар дээрээс хямд мах авч чадахгүй нь ийм л учиртай. Малчин, хэрэглэгч хоёрыг холбосон нэртэй ченжүүд үгсэн хуйвалдаж махны үнийг өсгөж байна. Махны худалдаачид зохиомлоор үнэ хөөрөгдөж байгааг ШӨХТГ тогтоосон юм. Энд бас нэг зүйлийг онцлоход махны худалдаан дээр цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдөж байна. Зай барих нь битгий хэл маскаа зөв зүүсэн хүн цөөн байлаа. Маскгүй, маскаа тал зүүж тамхи татсан хүн энд тэндгүй.

Эх сурвалж: gogo мн

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button