Энэтхэгт арслангууд коронавирусний халдвар авчээ
Энэтхэгт анх удаа зэрлэг амьтад коронавирусний халдвар авсан тохиолдол бүртгэгджээ. Хайдарабад хотын амьтны хүрээлэнгийн найман арслан халдвар авсан болох нь батлагдсан байна.
“Times of India” хэвлэлд мэдээлснээр, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ-ын Нью Йорк дахь Бронксын амьтны хүрээлэнгийн найман бар, арслан халдвар авсан нь дэлхийд зэрлэг амьтан халдвар авсан анхны тохиолдол болж байсан бол Хонконгт гэрийн тэжээмэл амьтад халдвар авсан анхны тохиолдол мөн бүртгэгдэж байсан гэж Зэрлэг амьтан судлалын төвийн тэргүүн Шириш Упадхе онцолсон байна.
Тус амьтны хүрээлэнгийн мал амьтны эмч нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр арслангуудад хоолны дуршил буурах, ханиах, хамраас шингэн гоожих зэрэг шинж тэмдэг илэрч буйг анзаарчээ. Тус хүрээлэнгийн 160 кв. метр талбай бүхий сафари бүсэд 10 орчим насны 12 арслан амьдардаг байна. Тэдэнд шинжилгээ хийхэд найм нь эерэг хариу өгсөн байна. Түүнчлэн, амьтдаас авсан сорьцыг Хайдарабад дахь Эс, молекул биологийн төв рүү илгээсэн бөгөөд тэнд эдгээр амьтад коронавирусний аль хувилбараар халдварласан болохыг тогтоох гэнэ.
Энэтхэг улс халдварын тоогоор дэлхийд хоёрт бичигдэж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад 20 сая гаруй хүн халдвар авснаас 16.6 сая гаруй хүн эдгэрчээ. Халдварын улмаас 222 мянга гаруй хүн эндээд байна.