МэдээЦаг үе

Ч.ӨНӨРБАЯР: OЛOH HИЙTЭЭC HУУXЫГ XYCCЭH БОЛГОН ДЭЭРЭЭ ДАРГА НАР YЗЭMЖЭЭPЭЭ TӨPИЙH HУУЦЫH TAMГA ДAPДAГ БOЛЧИXЛOO

Хөгжлийн банктай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл зээлийн асуудал олон нийтийн анхааралд өртсөн өдрөөс эхлэн өнөөдрийг хүрэхэд 78.8 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байх юм. Энэ тухайн өнөөдөр Тус банкнаас албан ёсоор мэдээлсэн байна.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар шинэчлэн мэдээллээ. Олон нийтэд зээлийн мэдээллийг хүргэсэн 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх 48 хоногийн хугацаанд нийт 78,824,445,439 буюу 78.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.

Хөгжлийн Банктай холбоотой зарим материалыг төрийн нууцаас гаргахаар болов. Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа  Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөгжлийн Банктай холбоотой асуудлаар зарим материалыг төрийн нууцаас гаргахаар шийдвэрлэсэн” гэж мэдээлсэн.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “2016 онд Хөгжлийн банканд хийсэн ЗГ-ын ажлын хэсгийн шалгалтын дүнг ил тод болгохоор боллоо. Тухайн ажлын хэсгийн шалгалтын мөрөөр ямар ажлууд хийсэн, ямар нь замхарсан бэ гэдгийг ил тод болгоно. 130 хуудас шалгалтын материал байна.

Ямар зээлүүдийг тухайн үед хуулийн байгууллагад шилжүүлсэн, хэрхэн шийдэгдэж өр төлбөр барагдуулсан, Сангийн яам холбогдох байгууллагууд арга хэмжээ авсан бол өнөөдрийнх шиг үр дагавар бий болох байсан уу гэдгийг ил болгоно. Тухайн үед ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт оруулахад эрсдэлтэй нөхцөл үүсэх магадлалтай байсан учраас энэ материалыг нууцалсан.” гэх тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл сөрөг хүчин болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-ын дэд дарга Ц.Оюундарь, Ч.Отгончулуун нар  төрийн нууцын зэрэглэл болон Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.

Ч.Өнөрбаяр: “Төрийн нууц гэдэг асуудал замаа алдлаа. Би төрийн нууцтай харьцаж, ҮАБЗ-д ажиллаж байсан. Төрийн болон албаны нууцын тухай хуулийг 2016 онд шинэчлэн батлуулж байсан. Гэтэл өнөөдөр нууц гэдэг ойлголтыг дарга үзэмжээрээ мэддэг болчихлоо.

Дарга нар өөрсдийн хулгай луйвар, ковидын үеийн төсвийн зарцуулалт, Хөгжлийн банкны зээл гэх мэт иргэд, олон нийтээс нуухыг хүссэн болгон дээрээ үзэмжээрээ төрийн нууц гэдэг тамга дардаг болчихлоо. Энэ байж болохгүй зүйл.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд аюул, занал учруулахаар зүйл байх юм бол төрийн нууцад авдаг. Гэтэл Хөгжлийн банкны асуудал, концессын асуудал яагаад төрийн нууцад хамаараад байгаа юм, мэдэхгүй. Маш олон төсвийг ҮАБЗ дээр хэлэлцээд л, нууцын тэмдэг дарагдаад, шууд гэрээ хийдэг болчихсон.

Маш олон зүйл Ковид цар тахал болон нууц гэдэг зүйлд халхлагдаад, Үндсэн хуульд заагдсан иргэдийн мэдээлэл хайх, авах үндсэн эрх хэрэгжихгүй байна. Төрийн нууц гэдэг ойлголт маань сүүлдээ ардчилсан төрд аюул занал учруулах гээд байна. Мэдээлэлгүй иргэн гэдэг ойлголт ардчилсан нийгэмд байж болохгүй. Тийм учраас төрийн нууцын асуудлаа цэгцлээч ээ. Хууль нь байж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг тэргүүлдэгийн хувьд нууцтай холбоотой асуудлаа нэг талд нь гаргаач ээ. Тагнуулын байгууллага нь нууцтай холбоотой асуудлын хянадаг ажлаа хийгээч ээ. Төрийн нууц гэдэг чинь хуулийн шалгууртай байдаг болохоос хэн нэгэн даргын үзэмжийн шалгууртай байж болохгүй.

Төрийн байгууллагууд дээр байгаа нууцын эрхлэгчид даргынхаа үзэмжээр тэр тэмдгийг дараад гүйдэг байж болохгүй. Тийм учраас нууцлах шаардлагагүй маш олон мэдээллүүдийг төр нууцаас гарга. Түүнийг нь олон нийт нээлттэй ярилцаж, шүүн тунгаах эрхийг нь өг. Энэ бол ардчилсан нийгмийн зарчим. Энэ асуудал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлага гаргаад, ажлын хэсэг гаргаад яваасай гэж хүсэж байна.” гэв.

ХӨӨРГӨӨ TАС АTГАДAГ ГAРААРAA ХҮҮХДЭЭ ТЭВРЭЭЧ, ААВУУД АА 

Дэлхий хэмээх цэнхэр гараг дээр 7 тэрбум хүн амьдардаг юм гэнэ лээ. Орон орны хүмүүс байтугай орцон дахь хажуу айлаа ч таньдаггүй, тухтайхан хоёр үг солихыг хойш тавьдаг хачин хөгийн цаг үед бид амьдарч байна. Монголчууд 20 гаруй жилийн өмнө нийгмийн нэг тогтолцооноос нөгөө рүү шилжихдээ эд хөрөнгийн гарз огтхон ч гаргаагүй.

Харин бусдыг хүндэтгэх, энэрч хайрлах, байгаадаа сэтгэл ханаж цээж тэнэгэр амьдрах, шуналын тэчъяалыг дарах гээд олон сайхан чанаруудаа гээж орхисон бололтой. Гудамж талбай, албан байгууллага, өргөн чөлөө, өндөр байшингуудад хүмүүсийн биеийн урсгал зүү орох зайгүй битүү байх авч дотоод мөн чанарын хувьд хоосрон эзгүйрчээ.

Монголчууд юугаар баян юм бэ. Өнөөдрийн байдлаар бол хийрхэл, хэлбэрдэлт, аргацаасан арчаагүй зан, зусардалт, хууран мэхлэлт, муу нь муугаа дээрэлхдэг явдал, урвалт шарвалт, хоноцын сэтгэлээр л баян болчихож.

Энэ бүхний оройд нь зарим эрчүүд тоос манаргаж явах нь юутай гутамшиг. Амьдардаг байшин, ажлын өрөө, унадаг машин, өмсдөг дээл, өвөртөлдөг хөөрөг, зүүдэг цаг, барьдаг цүнх, ярьдаг утас бүгд том болсон. Ялангуяа монгол эрчүүдийнх жил ирэх тусам томорсоор л байгаа.

Харин хүн чанар, жудаг ёс, хайрлаж энэрэх сэтгэл, холч ухаан томорсонгүй, тэлсэнгүй. Өөрөө юу ч бүтээхгүй хэрнээ бусдын босгосон бүхэнд хорсч, бачуурч амьдрагсад яасан олон болоо вэ. Хорвоо дэлхий хэдий уужим ч хүнд эх орон нь ганц, хүн төрөл нэг л олддог.

Охинтой хүн орчлонд жаргадаг байтал нялх нялзрай үрээ араатнаас ч дор тамлаж суудаг эрчүүд бидний дунд амьдарч байна. Бусдын дунд байхдаа гөлөг шиг харц дальдрах ийм муу эрчүүд гэрийнхээ хаалганы цаана арслан барс шиг авирлаж, үр хүүхдийнхээ амийг тасалж байгаа нь юутай эмгэнэл вэ.

Зүрх зүсэгдэж, яс шархирч байна. Аав болно гэдэг чинь аз жаргалын дээд биш болчихсон юм гэж үү. Хүүхдээс чинь том хөөрөг гэж байдаггүй юм. Үнэтэй хөөргөө хөлөртөл атгадаг гараараа үрээ энхрийлэн тэврээч, аавууд аа. Чин сэтгэлээсээ гуйя…    2015 он Б.Түвшинтөгс

БҮҮ ЁРЛО, ЁР ИРНЭ

Энэхүү цээр нь эдүгээ утгаа бүрэн алджээ. Боссон ч суусан ч, хэвтсэн ч амарсан ч бүүр идсэн ч уусан ч, “ёоёо оо”, “яаяа аа” хэмээн орь дуу тавих бид ер яана вэ? Бидний багад ингэж хэлэхээр ээж минь “Муу ёртой, муу амтай. Мууг дуудвал заяа гундана” гэж сургаж, үг эс авбал “шанагадуулах” бол энүүхэнд байж.

Гэтэл одоо хувь хүмүн байтухай зурагт телевизээр “Ёо оо ёо-ажиллагаа”, “Ёо ёо-г анагаахуй”, “Ёо ёо-тоглоом” гэх ёрын шоу цэнгээнүүд утгаараа түгжээ. “ЁО” гэх үг бол өвчин зовуурь болон яс хугарч, мах тасрах үед амнаас өөрийн мэдэлгүй гарах үг байж болох ч биеийн хэм энергийг ихэд алдагдуулж, холоо явсан өвчин зовлон, хар муу гайг өөртөө соронз мэт татдаг ёрын муу үг.

Нялх балчир ч “ёо оо” гэж хэлд орж байна. ”Ална шүү” гэж анх амлаж бна.. тэнгэр минь , яана, одоо. Уул нь 14-с дээш насанд үг болоод үйлийн үрийг өөртөө хураадаг тул ”Зөв яв, зөв амьдар” гэдэгсэн. Ийм багаасаа мууг өөртөө урин дуудсан хүүхдийн заяа тэгш байх уу? Ирээдүйн үрсийн заяа гундаад ирэхээр эцэг эх бид санаа амар байж чадах уу? Тиймд томчууд бид ч хэл амаа хичээхсэн…

Харин өвгөд дээдэс маань хэмээ түгжин ёхолдог “ЁХОЛДОГ” байж: Учир нь “О” авиа зүрхэн хүрдтэй холбоотой. Сэтгэл хөдлөлөө дарах, түгжих, хаахад энэ хүрд гэмтдэг. Гэдэс цатгалан бол баярламаар ч бид: “ёоё, аймаар гоё цадлаа” гэх. Таатай, тааламжтай өег байдлыг шалдаа унатал доройтуулж байна биш үү ?

Амрахад биеийн тух ханах атал эсрэгээр “ёо оо, сайхан амарлаа” гэх нь юуг илэрхийлж, ямар хохирол дагуулна вэ? Зүрхэн хүрдээ гэмтээж, заяагаа гундаахдаа огт санаа зовохгүй байгаа маань өөрөө ГЭМТЭЛ! Эгшиг авиаг хэлэхэд уушгины хий чөлөөтэй гарах тул ёр үгийг давтан давтан хэлэхэд эрчимээ алддаг.

Харин “ЁХ” гэхэд гарах авиа хоолойд түгжигдсэнээр хэмийг цацраах биш түгждэгт өвгөдийн ухаан оршино. Тэд олон дээд сургууль төгсөөгүй ч “Ёо-г дуудахад ёр ирнэ. Ёрыг ёс-оор хаана. Ёсыг удамшуулах нь миний үүрэг” гэдгийг мэддэг, үйлддэг байснаараа “философичид” “арга зүйчид” байж дээ. Агуу зүйл энгийнээс эхтээй гэж…

Тэгэхээр аль болох билигт сайн үгийг хэлбэл сайн сайхан ирнэ гэх Монгол ухаанаас үүдэлтэйгээр махан бие, сэтгэл биеийн тух ханах нь. Үүнийг хүн бүр мэддэг ч “Үнэнийг мэдээд ухаарахгүй бол ухаан байгаад яанам” гэх үгийн Ул-ыг гартал бодмоор санагдав. Үгэнд хуумгай бүү хандагтун! Үг амьтай!   /Намнансүрэн/

Үхэл амьдрал, өмч хөрөнгийн талаарх Монгол сэтгэлгээ: Бидэнд өвөг дээдсийн маань туурвисан ном судар бас чиг арвин үлдэж. Гэвч ном сударт хэрхэн амьдрахыг ягштал заасан онол, сургаал голдуу үлдсэн болохоос чухам жирийн Монголчууд юу бодож, хэрхэн сэтгэдэг байсныг бас тодорхой уншаад хэлчихэд амаргүй.

Ард түмний ийм сэтгэлгээ харин тухайн үед гадаадаас жуулчлан ирж байсан аялагчдын тэмдэглэлд үлдэх нь бий. Идэж уухын төлөөх өрсөлдөөн гаарч, өмч хөрөнгө цуглуулах гэж үхэн хатталаа зүтгэх, байгаль дэлхий, байшин барилга, бүхнийг хувьдаа авах гэж амьд явахуйн утга учрыг умартан улайрах энэ цаг үед өвөг дээдсийнхээ ертөнцийг үзэх үзлийг эргэн нэг харчихад гэмгүй мэт.

Нам нам л гэнэ, нам тэгээд амьдралын үнэн мөн үү? Ашигтай газрыг эрх мэдэлтнүүд авлаа л гэнэ, аваад хойт нас руугаа явах уу? Энэ талаар жирийн монгол ардууд ямар үзэл баримтлалтай байсан юм бол? Монголчуудын дунд “Билигтү багши” хэмээн алдаршсан Финландын нэрт Монголч эрдэмтэн Рамстедтын аяллын тэмдэглэлээс хариуг нь хамтдаа хайгаад үзье.

Рамстедтын тухай товчхон: Агуу Монголч эрдэмтэн, Алтай хэл шинжлэлийг шинэ шатанд гаргагч Густав Йон Рамстедт 1873 оны 10 сарын 22-ны өдөр, Финландын Таммисаари хотноо мэндэлжээ. Анх Ижил мөрний хөвөөгөөр аялж, черемис нарын хэл аялгууг судалсан боловч удалгүй Монгол судлалд татагдан, Монголд хэд хэдэн удаа, удаан хугацаагаар амьдарсан юм.

Энэ хугацаандаа Монгол хэл аялгууг жинхэнэ түүхэн харьцуулсан хэл шинжлэлийн үүднээс судалсан нь өмнөх эрдэмтдийн бүтээлүүдээс хувь илүү, шинжлэх ухааны шинэ шатанд үсэргэсэн ажил болжээ. Рамстедт Хүрээнд олон жил сууж, халх аялгууг сайтар судалсан дээрээ Халимаг, Шинжаан явж ойрад аялгууг мөн анх удаа шинжлэх ухааны өндөр дээд түвшинд судалж, нарийн галиг сэлтийг үйлдсэн юм.

Мөн тэрбээр Афганистанд Монголчууд байгааг анх баталж, хоёр Монгол хүнийг сурвалжлан олж, хэл яриаг нь судлан, шинжлэх ухааны эргэлтэд оруулсан хүн билээ. Энэ мэтчилэнгээр Рамстедтийн Алтай болон Монгол судлалд анхдагч болсон үйлс бүрийг тоочиж барамгүй.

Финланд улс Оросоос тусгаар тогтномогцоо дорно дахины хамгийн чухал улсуудад суух элчин төлөөлөгчөө хэмээн чухам эрдэмтэн Рамстедтийг сонгосон байдаг. Тиймээс Рамстедт 1919 -1929 оны хооронд Япон, Солонгос, Сиам (одоогийн Тайланд) улсуудад эх орноо төлөөлөн суусан байна.

Рамстедт Европын бүхий л том хэлнүүдээс гадна фин-угр, Монгол, түрэг, түнгүүс, солонгос, самгарди, япон, эсперанто хэлээр чөлөөтэй ярьж бичдэг байжээ. Рамстедтын Монголд хэчнээн хайртай байсныг үр хүүхдүүдийнх нь нэрс батална. Сэдхил, Элма Цэцэг, Майдар гэж охидтой, Билгэ, Алдар, Эрдэм гэж хөвгүүдтэй айл. Финланд хүний хүүхдүүд гэж байгаа шүү дээ.

Байшингаа аваад хойт нас руугаа явахгүй хэмээх Монгол ухаан. Рамстедт Монголд анх 1898 онд ирсэн юм. Эрдэмт тэр хүмүүнтэй Монгол лам нар ном их хаялцдаг байж. Эсгий гэрт энгийн амьдрахын ухаанаа тэд Рамстедтэд -ийн ойлгуулсан байдаг. Тэмдэглэлээс нь эш татсу.

“… Монгол лам нартай миний бие хоосон чанар, ертөнцийн утга учрын талаар ном хаялцсаар бүр дассан байлаа. Тэд надаас үргэлжид ирээдүй гэж оршдог эсэхийг, бидний харж, сонсож, мэдэрч буй бүхэн үнэхээр бодит оршихуй юу, эсвэл оюун санаандаа сэрэл мэдрэхүйгээрээ бидний бүрэлдүүлсэн хуурамч дүр (матрикс) зураг уу гэдгийг асууна.

Нутагтаа намайг эсгий гэр, модон байшин хоёрын алинд нь суудаг вэ хэмээн асуухад нь манай нутгийнхан чулуун байшинд амьдардаг юм аа гэхэд үнэхээр гайхаж билээ. Эсгий гэр бол цас, шороон шуурга хийгээд нүүдлийн аясыг бодвол гурван жилийн настай сууц. Модон байшин харин хүний нэг насны амьдралд хангалттай, өнөө үед ч, тэр үед ч ялгаагүй бараг зуугаад жил болохуйц оромж.

Харин чулуун байшингийн хувьд Монголчуудын тун зөв тооцоолсноор олон зуун жил байсаар байх эд билээ. Тиймээс Монгол лам нар надаас танай нутгийнхан ер нь хэд насалдаг юм бэ хэмээн асууж байна. Жараас ная хүрдэг гэвэл бүр мэл гайхаж, цэл хөхөрч орхив. Ямар тэнэг нь тийм цөөхөн наслахын хооронд тийм удаан орших гэр барьдаг байна аа?

Хүн гээч амьтан энэ ертөнцөд үүрд оршин суух хэрэг ч үгүй, чадах ч үгүй гэдгээ мэдэхгүй юу? “Бидний одоогийн амьдрал бол хойт насандаа хүрэх шилжилт, буудал төдий л юм. Энэ ертөнц гэдэг ердөө зовлон шаналлыг давж сурах юм шүү дээ” хэмээн Монголчууд сургадаг. Тиймээс энэ насныхаа амьдралд хүн гээч өөртөө тансаг сайхан оромж барих ямар ч хэрэггүй хэмээнэ…”

Газар дэлхийг хэний ч өмч биш хэмээх Монгол ухаан. Зөвхөн эрдэм мэдлэгтэй лам нартай ч биш, энгийн сайхан харчуудтай бас Рамстедт нөхөрлөн, үзэл бодлыг нь сонсдог байж. Нэг удаад ийм яриа өрнөсөн байдаг. “ … Хөдөө хээр, хар хүмүүстэй сайхан нөхөрлөж, ярилцав.

Тэд юмны учир сайн ойлгодог, аливаад үнэнээсээ ханддаг улс. Ханд вангийн хийдийг орхин, Орхон голын хөвөөгөөр өмнөд этгээдийг чиглэн явахад минь настайчууд байнга ирж, шөнө ч үл унтуулна. “Одоо ахиад өөр юм ярьж өгөөч” хэмээн шалгаана. Маргааш нь өмнө үүх түүх хэлэлцэж асан өөр нэг танил хөгшин маань хүрээд ирчихсэн, шалгааж суух.

Нэг удаа надтай нэн олон адуу, хэдэн арван тэмээтэй хөгшин таарч, нутаг орноор нь хүнд хэцүү аялал хийж буйд Монголчуудынхаа өмнөөс талархав. Тэгээд хэн нэг тайж, эсвэл өөр хүн хариу айлчлал хийнэ гэдэгт итгэж байгаагаа хэлж байна. Хэн ч тийм юм амлаагүй гэдгийг сонсоод өөрөө тэгвэл яваад очьё гэлээ…”

Рамстедтай таарсан энэ хөгшин мундаг дипломат бодлоготой өвгөн байж дээ. Хариу айлчлал заавал хийх ёстой, болохгүй бол өөрөө ч хамаагүй очъё гэж байсан нь жинхэнэ “Ардын элч” болохыг нь харуулна. Цааш нь Рамстедтын бичсэн нь:

“… Тэгээд манай нутагт хүрээд буцаж ирэхэд нийтдээ хэчнээн адуу хэрэг болохыг лавлаж байна. Мориор хүрэх боломжгүйг хэлбэл “Яагаад болохгүй гэж? Танай манай улсын хооронд айхтар том элсэн цөл байгаа хэрэг үү? Адуунд хүрэлцэхүйц өвс ногоо байхгүй юм бол би тэмээгээр яваад очъё” гэнэ.

Өвс ногоо бол хангалттай, гэвч баруунд зүлэг ногоо бүхий газрыг тухайн нутагт оршин суугчид нь эзэмшдэг болохыг би хэлэв. Миний яриаг сонсож байсан бүгд гайхан алмайрч, барууныхан өвс ногоо иддэг хэрэг үү хэмээн асууж байна. Өөрсдөө биш харин малдаа зориулж хадлан бэлддэг тухай ярихад Монголчууд газар дэлхийг хэн нэг хувь хүн эзэмшинэ гэдгийг яагаад ч хүлээн авахгүй байлаа.

Би газрыг худалдан авдаг гэдгийг хэлэх хэрэгтэй болов. Үүнийг сонсоод өнөөдүүл маань бүр гайхан алмайрч, хэрхэн худалдан авдаг талаар асууж байна. Тэдний үзлээр бол хүн юмыг худалдан авна гэдэг нь, эд юм ч бай, мал амьтан ч бай, өөртөө аваад явахыг хэлнэ гэх.

“Газар нутгийг чи чирээд явж чадахгүйгээс хойш худалдан авна гэж байхгүй” хэмээн Монголчууд мэтгэнэ. Тэгээд газрын худалдааг хэрхэн зохицуулдгийг шалсаар байж надаар яриулж авав. Гэрээ хийх ёстой, өөрөөр хэлбэл баримт бичиг бүрдүүлнэ гэхийг маань сонсоод хөх инээд нь хүрч байлаа.

Хятадууд бичиг баримтаар бүх зүйлийг үйлдэж чаддаг, аль хэдийн нас барсан хүүгээ хүртэл хүнтэй гэрлүүлж, хамаатан болдгийг бол сонссон, харин газар нутгийг зарна, нэг нь мөнгө, нөгөө нь баримт бичиг аваад болчихно гэдэг Монголчуудад үнэхээр утгагүй сонстож байв.

Нэг Монгол үсрэн босоод тэнгэрт мандсан сарыг зааснаа “За чи тэр сарыг худалдаад авчих. Би чамд бичиг баримт үйлдээд өгье, хариуд нь чи харин надад мөнгө өгөөрэй” хэмээн шоолов…” гэжээ. Нээрээ л үдлээд буцах энэ хорвоод бид сарыг ч хувьчлаад авчихмаар аяглан, соёл, боловсролоороо биш, үр хүүхдэдээ үлдээх эрдэм мэдлэгээр биш,

эд хөрөнгө, машин тэргээрээ өрсөлдөх болсон нь, материаллаг ертөнцийг ингэтлээ шүтэх болсон нь харьцангуй саяхнаас бүрэлдэн тогтсон ааш авир бололтой. Лавтайяа хоцрогдсон феодализм хэмээн хочлон нэрийддэг байсан тэр үедээ Монголчууд харин ч амгалан байж.

Ядуудаа гэр бариад суудаг биш, яах гэж энэ түр зуурын хорвоод үүрд мөнхийн оромж босгох сон билээ гэсэн гүн ухаанч үзэлтэй, тэр үзлийнхээ ч дагуу амар жимэр, атаа жөтөөгүй амьдардаг байсан нь илт. Нийтлэлээ Рамстедттай үзэл бодлоо хуваалцан нөхөрлөсөн өөр нэг Монгол хөгшний үгээр өндөрлөе. 1889 онд болсон яриа.

Диваажин, там хэмээх ойлголт, олон шашны ялгаа, адил талын тухайд удтал ярилцсаны эцэст насан өндөр тэр хөгшин гадаадын мөнөөх номтой залууг ихэд үнэлж, диваажинд очоод үгүйлэн санах болно, хаалган дээр нь хүлээн сууя хэмээсэн аж. Рамстедт тэгэхэд дөнгөж хорин зургаатай байлаа. Өвгөн харин “Зүгээр ээ, диваажинд хүлээнэ гээч юу ч биш.

Учир нь тэнд цаг хугацаа гэж байхгүй. Чи харин хүү минь, хүн шиг зөв амьдарч, сайн үйлээр замнаарай. Тэгвэл диваажинд хоёулаа уулзана аа” хэмээгээд салсан гэнэ. Цаг хугацаа, зөв амьдралын тухай гайхамшигтай сэтгэлгээ.

Үнэн зөвөөр амьдарсан Монгол өвгөн, Финланд эрдэмтэн хоёр өдгөө тэнгэрийнхээ оронд амар амгалан суугаа биз ээ. Хэн ч тэр хоёрыг аль намын, ямар фракцын, хэдий хэр хөрөнгөтэй байснаар нь дурсахгүй, авсан авлига, хүртсэн бялуугаа бус, харин их эрдэм, энгүй мэдлэгээ бид бүхэнд өв болгон үлдээгээд явж дээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button