Эрүүл мэндийн яамнаас дахин хатуу хөл хорио тогтоох асуудал дотроо яригдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ зургадугаар сарын 10 буюу сонгуулийн дараа тогтоохоор хугацааг тооцоолж байгаа аж. Учир нь өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо огтхон ч буурахгүй байна гэж үзжээ. PCR-ийн шинжилгээний цэгүүдээ цөөлж өдөрт 6500-7000 орчим хүнд шинжилгээ хийхэд халдвар 550-680 орчим бүртгэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, шинжилгээ хийх хүний тоо хэд дахин буурсан болохоос биш халдварын тархалт буураагүй гэсэн үг. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ЭМЯ-ны өчигдрийн /2021.05.27/ мэдээллийн үеэр тэрбээр “Хөл хориог сулруулж энэ сарын 22-ны өдрөөс эхлэн орон нутгийн замыг нээж, мөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэгдэж байна. Нас баралт буурч байгаа ч гэсэн эргээд халдварын давалгаа бий болохэрсдэл байна. Хэрэв энэ давалгаа олон хүнийг хамарвал вакцинжуулалтын ажил маань үр дүнгүй болно” гэдгийг тодотгосон. Тиймээс ЭМЯ хөл хориог тогтоох асуудлыг хөндөж эхэлжээ. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар коравируст халдварын 55067 тохиолдол бүртгэгдсэнээс 259 хүн нас барсан.
Нас баралт 2020 оны арванхоёрдугаар сард нэг тохиолдол, 2021 оны нэгдүгээр сард нэг тохиолдол, гуравдугаар сард зургаан тохиолдол, дөрөвдүгээр сард 102 тохиолдол бүртгэгдэж байсан бол тавдугаар сард буюу өчигдрийн байдлаар 149 тохиолдол бүртгэгдээд байна.
Насны хувьд 0-95 насны хүмүүс байгаа бөгөөд дундаж нас 67,3 байна. Иргэншлийн хувьд Монгол Улсын иргэн 257, ОХУ-н иргэн нэг, БНХАУ-ын иргэн нэг байна. Нас барсан тохиолдлууд нь элэгний хатуурал, чихрийн шижин, сүрьеэ, бөөрний дутагдал, цус харвалт, архаг бронхит, хорт хавдар, элэгний архаг үрэвсэл, булчин сулрах, артерийн даралт ихсэлт, астма зэрэг архаг, саажилттай, хууч өвчтэй хүмүүс байгаа юм.
Эх сурвалж: Зариг мн