МэдээЦаг үе

Р.ЭМҮЖИН: ХАМГИЙН АНХНЫ ЗАХИАЛГАТ СЭТГҮҮЛЗҮЙН БУСАРМАГ АЖИЛЛАГААГ ЭХ ОРОНЧ О.ДАШБАЛБАР ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН ДЭЭ

Аав минь Алтайгаас мордоход зургаан оронтой тоо цаасан дээр бичиж, бичиг баримттай хамт хадгалуулсан нь О.Дашбалбар найрагчийн үлдээсэн утасны дугаар байсан юмсанж. Хотод ирсэн хойноо цүнхээ ухсаар байж нөгөөхөө олж аваад, гудамжны таксофоноор залгаж билээ.

-Алтайгаас хэзээ ирэв, алив одоохон хүрээд ир.
Ийм л товчхон үг, хаяг. Ах бид хоёр хэлсэн хаягийнх нь дагуу хайсаар яваад очтол гэр дүүрэн хүн. Бор эгч цай хоолоор дайлж, хүүхэд гэхгүй хүндэлж билээ.

Залуус шүлэг уншиж, арай ахмад нь хууч хөөрч, надтай нас чацуу охин Мөнгөндалай нь хааяа нэг даруухан инээчихээд л, Энэтхэгийг зорьсон Гангабаатарын зураг хойморт нь…угсармал орон сууцны хоёр өрөө байр.

Гэрт нь зөндөө олон хүн байгаа хэрнээ хэн нь ч, хэнд ч төвөггүй. Хөдөөнөөс ирсэн хүүхдүүд, хоноод яв гэхэд нь өчнөөн шалтаг хэлээд ах бид хоёр буусан айл руугаа явсан юм даг. Хүнээс төвөгшөөдөггүй, хүний олон дунд эгэл оршдог хүн байсан даа.

Хожим УИХ-ын гишүүн болж, нам удирдаж, улс даяар хурц шулуун илтгэл нийтлэл, яруу тансаг найраг шүлгээрээ шуугиулж явсан хэрнээ нөгөө л байрандаа, нөгөө л Дарханы нэхий дээлтэйгээ, нөгөө л итгэл үнэмшилтэйгээ хамт зүтгэсэн.

Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга парламентаар ид хэлэлцэгдэж байх үед О.Дашбалбар монголчууд газартаа эзэн болж үлдэхэд том үүрэг гүйцэтгэсэн. Ц.Элбэгдоржийг буруутгаж, Н.Багабандийг шүүж, П. Очирбатыг зэмлэж…тэр нар шиг гэрэлтэж, од шиг цахилж амьдарсан.

Төрд бугшсан олон асуудлыг дэлгэсэн. Тэр нь ч зарим хүмүүст таалагдаагүй. Тиймээс хамгийн анхны захиалгат сэтгүүлзүйн бусармаг ажиллагааг эх оронч Очирбатын Дашбалбар дээр хэрэгжүүлсэн дээ. Азаар Сүхбаатарын яруу найрагч С.Амартайванд яг тэр өдрүүдэд нутагтаа уулзалттай явсан бичлэг нь үлдсэн байсан тулдаа хожим цагаатгасан.

Монгол Улсын ТЕГ цагаатгасан гэсэн албан тоотоо ганц хүү Гангабаатарт нь ирүүлсэн байдаг. Түүнийг ганцаардуулж, түүнийг түнэр харанхуй руу түлхэж, түүнийг гарцгүй болтол нь боорлож…араас нь “Өтөлнө гэдэг чинь буян” гэж хэлдэг найрагчийг харж,

” Хэтэрхий омголон явсан юм аа, хэдхэн насалжээ” гээд хэхэрдэг улстөрчийг сонслоо. Эргээд хар даа, энэ бол саяхны түүх. Энэ хүн улстөрчдийн идсэн залгисныг инээж байгаад гашуунаар илчилж, энэ хүн эх орон газар шороотойгоо үлдэхийн үнэ цэнийг сануулж,

энэ хүн гал цогтой шүлэг найрагаа туурвиж, энэ хүн гуниглаж, ганцаардаж, хайрлахуйн симфони тоглож, хагацахуйн дунд үлдээж …Төв талбайгаас Алтан-Өлгий хүртэл замын хажуугаар зайгүй эгнэн зогссон ард түмнийхээ гашуудал, ганзагалж өргөсөн сүүн дуслуудаар үдүүлж…

эх орноо, эгэл бүхнээ алдаж буйдаа бухимдаж явсан юм. Энэ бол түүний бүтээсэн түүх. Түүний хашгирсан үнэн, түүний хатамжилсан тэвчээр. Тэр цагаас хойш монголчууд чухам хэний хүү хэн гуайг ч тэгж нэгдмэл нэгэн сэтгэлээр угтаж, бас үдсэнгүй ээ.

О.Дашбалбарын тэмцэл Монголын ухралтыг 10 жилээр хойшлуулж, Монголын уналтыг 20 жилээр торгоон барьж, Монголоо алдаж байгааг минь 30 жилээр сануулж үлдээсэн юм. Түүний хайрласан Монголд бид түүний гурван мянганы настай шүлгүүдийг тэврээд үлдсэн.

Очирбатын хөвгүүний байгуулсан улс төрийн хүчин бол Монголын уламжлалын нэгдсэн нам. Сайн анзаараарай. АН ч биш, МАН, МАХН ч биш шүү. Уламжлал ба шинэчлэл, нэгдмэл байдал бол түүний үзэл бодол чиг баримжаа байлаа.

Өнөөдөр Очирбатын Дашбалбар 65 нас хүрч байна. Түүний хайрлаж явсан газар шороо, эх нутаг, ард түмэн тэгвэл хаана явна, хэрхэн өөрчлөгдөв? Бид алдсаар л байна…гүтгэгч нь тэрбумтан болж, хуйвалдагч нь удирдагч болж, хуваан цөлмөгч нь шоу дэглэж, хөгийн туршуулууд нь эх оронч болж, хөлсний хүүхэлдэйнүүд нь хөлд тээглэтлээ олширчээ.

Өгсүүр замд энэ бүхнийг туулах ёстой юм бол туулъя, өндөр тэнгэр өргөн Монголыг минь ивээж, дагшин бурхад Дашбалбарын эх орныг тэтгэх болтугай!…Эх оронтой байх гэж, эх орноо хайрлах гэж хөвгүүд маань төрж, охид минь өсч байхад ухаантай л амьдарцгаана шүү.

Р.Эмүжин

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button