ХОЁР OPHЫ VЛ ОЙЛГOЛЦЛЫГ УKPAЙH ЭXHЭPTЭЙ БОЛОХ БОЛОМЖ ГЭЖ OЛOH НИЙТИЙН CҮЛЖЭЭHД БИЧСЭНЭЭС БОЛЖ, ТУС УЛСАД БАЙГАА XЯTAД ИРГЭД ХҮHД БАЙДАЛД ОРОВ
Хятадын Шин Лан Ви Бо /Shin Lan Wei Bo 新浪微博/ гэх маш олон хэрэглэгчтэй сүлжээнд нэг “тэnэг” нь “Украйн Оросын дайн удаан үргэлжилж олон Украйн залуус нас барвал идэр залуу, гоо үзэсгэлэнтэй олон Украйн бүсгүйчүүд дүрвэж манай улс тэднийг орогнуулахаар авчирснаар Хятад эрчүүд европ сайхан эхнэртэй болох /гэртээ амьдруулах/ боломжтой болно” гэсэн утгатай зүйл бичжээ.
Улс болгонд л ийм нэг тэнэг бичихэд тэр дор нь сэвэгчид байдаг. Баахан нөхөд “би хоёрыг гэртээ байлгана”, “нээрээ сайхан боломж” гэх мэтээр сэтгэгдэл бичиж солиорцгоож. Дэлхий хавтгай болсон цаг хойно дороо л интернэтийн өнцөг буланд хүрч, нэг Хятад хэлтэй Украйн нь ингээд байна гээд эх хэл дээрээ орчуулж тавьсан байх.
Үүнээс л бүх зүйлс эхлэж дайнд нэрвэгдээд ууртай байгаа Украйнчууд хажуугаар нь Хятад иргэдэд уурлах стресс нэмэгдэв. Доорхи зурган дээр байгаа эмэгтэй видео хийж тавьсан байх бөгөөд “Та нарын энэ тэнэглэлээс болоод Украйнд байгаа бидний байдал хүндэрлээ. Метронд суух гээд явж байх үед намайг хүмүүс дагасан тул би айгаад гэртээ буцаж ирсэн.
Та нар ийм юм бичиж тэнэгтэхээ болиочээ” гэсэн байна. Харин нүдний шилтэй залуу мөн л видео хийсэн бөгөөд “Украйны Харьков /иймэрхүү л хэлсэн/ хотРд нэг Хятад иргэн буудуулж үхсэн. Магадгүй санаандгүй байж болох ч та нарын энэ тэнэглэлээс болсон байж болно. Нутаг нэгтнүүд та нар үнэхээр ………… баахан хараал хэлж ингэж тэнэглэж яах гэсэн юм” гэх утгатай зүйл ярьжээ.
Мөн метронд хорогдож байсан Хятад иргэдээс нутгийнхан хүрч ирж хаанах болохыг нь асуухад тэд Япон гэж хэлж байж анхаарлаас гарсан гэж хэлжээ. Мэдээж тэрбум гаруй Хятадууд дотор ийм зүйл бичих, түүнийг нь хөөргөх мулгуу амьтад 0,00001 хувь ч байж болно. Тэгэхдээ ийм зүйлс бичжээ гээд шээрлэсэн, дургүйцэл, дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн ухаантнууд ч энд буруутай.
Тэд л сэвсэн тул энэ зүйл газар авч, дэлхийг тойрч Украйнчуудад хүрсэн байх. Тиймээс нөхөд минь би өөрийн орон зайгаа мэднэ хэмээн “тэнэг хошигнол, зүгээр тэнэглэл, хурц тэнэглэлээ” олон нийтийн сүлжээнд бичээд баймааргүй байна.
Мөн ухаант хүн та “ТЭНЭГ” зүйл уншсан бол түүнийг зүгээр л март. Ямар муухай юм, энэ тэнэгийг хараа, яагаад ийм мунхаг юм бэ? гэх мэт өөрийн “ухаантай” үгээр чимэглэн ШЭЭР хийж хэрэггүй. Тэр тэнэгүүд ухаарахын хооронд харин ч миний бичсэн зүйл “шууруулж” байна гээд хөөрч хэвтэх болно.
Хятадуудын энэ тэнэглэл царай зүс ойролцоо Монголчууд бидэнд ч гай болно. Тиймээс бидэнд хамаагүй зүйл гэж бодох хэрэггүй шүү. Ийм л байна даа. Бичих, нийтлэх, шээрлэх бүрдээ бид дэлхийг хэрсэн том сүлжээний нэг үзүүр дээр байгаа гэдгээ бодож байгаарай. Хүндэтгэсэн Анжигай
ХЭНТЭЙ НӨХӨРЛӨНӨ АМЬДРАЛ ТИЙМ Л БОЛДОГ
Эерэг хүмүүстэй байх тусам амьдрал эерэг болж өөрчлөгддөг. Сөрөг хүмүүстэй байх тусам амьдрал сөрөг болон хувирдаг. Хэнтэй нөхөрлөнө амьдрал тийм болдог юм. Эерэг хүмүүсийн үндсэн 5 шинж: 1. Эерэг хүмүүс шуналгүй, байгаадаа сэтгэл хангалуун, арвич хямгач байдаг. 2. Эерэг хүмүүс маш хөдөлмөрч, амрахдаа ч адал явдалтай хөгжилтэй сайхан амарч чаддаг.
3. Эерэг хүмүүс хуурамч биш, үнэнч хүмүүс учраас, үнэхээр сайн найз байдаг. 4. Эерэг хүмүүс шинэ зүйлээс айдаггүй, үргэлж шинийг эрэлхийлж аливааг судалж мөрөөдөж өргөн сэтгэж, үргэлж урд алхдаг. 5. Эерэг хүмүүс бусдыг хэзээ ч доош нь хийдэггүй, үргэлж бусдыг хүндэлж харилцдаг. Хэрэв тэднийг гутаавал тэд зүгээр л өөрийнхөө замаар мөрөөрөө яваад өгнө. Тэднийг бүү гомдоогоорой.
Та ийм хүмүүсийн дунд амьдарч ажиллаж байвал та амжилттай амьдарна. Эерэг гоё байхыг хичээгээрэй. Эерэг хандлагын тухай бичихээс өмнө хандлагын тухай дурдах нь зөв байх. “Хандлага нь оюун ухаанаас илүү чухал…” гэжээ. Учир нь сэтгэл судлаач Кэрол С. Дуэк өөрийн амьдралын бүхий л цаг хугацааг хандлага болоод гүйцэтгэлийн талаар судлахад зориулжээ.
Тэрээр өөрийн судалгаагаараа “Таны амжилтыг IQ биш хандлага тодорхойлдог” хэмээн баталсан гэнэ. Кэрол С.Дуэк нь Америкийн сэтгэл зүйч юм. Тэрээр 1946 оны аравдугаар сарын 17-нд Нью – Йорк хотод төржээ. Кэрол Дуэк нь сэтгэлгээний сэтгэлзүйн шинж чанар дээр ажилладаг гэдгээрээ алдартай бөгөөд профессор, сэтгэл судлалын шинжлэх ухааны холбооны гишүүн юм.
Тэрээр Колумбийн их сургууль, Харвардын их сургууль, Иллинойс их сургуульд багшилж байгаад 2004 оноос Стэнфордын их сургуулийн сэтгэл судлалын багшаар ажиллаж байна. Түүний нийгмийн сэтгэл зүйд оруулсан гол хувь нэмэр нь оюун ухааны онолуудтай холбоотой бөгөөд түүний 2006 онд гаргасан “Mindset: амжилтын шинэ сэтгэл зүй” номонд уг онолын тухай бичсэн байдаг ажээ
Бидний амьдралыг өөрчилж чадах хүчин зүйл бол аливаад хандах хандлага бөгөөд энэ нь хүмүүсийн оршин байгаа орчин, шашин шүтлэг, ёс дэг, эцэг эх, гэр бүлийн нөлөө, нийгмийн хөгжил зэргээс шууд хамаардаг. Хандлага нь нөхцөл байдал болон ямар нэг зүйлийн талаар мөн бусад хүмүүсийн талаар тааламжтай болон тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм.
Хандлагыг хэвшмэл сэтгэлгээ ба өсөлтөт сэтгэлгээ гэж хоёр үндсэн ангилалд хувааж үздэг байна. Хэвшмэл сэтгэлгээний төрөлд багтах хүмүүс өөрийгөө өөрчлөгдөх боломжгүй гэж үздэг ба аливаа бэрхшээлийг давж гарахдаа муу сэтгэлээр унамтгай байдаг. Харин өсөлтөт сэтгэлгээтэй хүмүүс хичээж чадвал амжилтанд хүрнэ гэсэн итгэлтэй байдаг гэнэ.
Өсөлтөт хандлага бол эерэг хандлага. Хүн бүхэн л өөрийн амьдралыг сайн, сайхан байлгахыг хүсдэг. Харин тэрхүү сайхан амьдралыг бий болгохын тулд хандлагаа өөрчлөх нь чухал. Яг эндээс л бидний энэ удаагийн сэдэв болох Эерэг хандлага буюу дотоод сэтгэлийн хэрэгцээ буй болно. Эерэг хандлагын хамгийн эхний алхам нь Инээмсэглэх… / хамгийн сүүлд хэзээ чин сэтгэлээсээ инээмсэглэснээ санаарай, бүүр заавал! /
Мөн өөрт тулгамдсан асуудал бүрт сөхрөлгүйгээр илүү өсч хөгжинө гэдгийг хүлээн зөвшөөрч сурах их чухал гэнэ. Би даваад гарна, илүү ихийг бүтээж чадна гэсэн ухамсарыг өөртөө суулгаж чадвал эерэг хандлагад та хэдийнээ бэлэн болсон гэсэн үг. Ер нь хүн аливаад чин сэтгэлээсээ хандаж, хайрлаж, хүндэлж, тусалж мөн бусадтай нөхөрсөгөөр харилцаж тэдэнд талархах нь эерэг, зөв хандлагын илрэл юм байна.
Харилцаа, хандлага хоёр нягт холбоотой бөгөөд харилцааны явцад хандлага мэдрэгдэж тухайн хүнийг тодорхойлдог байна. Бидний амьдрал бүхлээрээ харилцаан дээр явагддаг. Харилцаа гэдэг нь хүмүүс бид бие, биетэйдээ өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилээ харилцан солилцож түүнээсээ туршлага эзэмших үйл явцыг хэлдэг бөгөөд
гэр бүл, эцэг эхийн олгох хүмүүжлээс гадна оршин буй газрын орчин, цэцэрлэг, сургууль, найз нөхөд, ажил, мэдээллийн бүхий л сувгуудын нөлөөгөөр олж авсан мэдлэг, мэдрэмжээс бий болдог. Сошиал орчноос бид асар их мэдээлэл үздэг. Эерэг, сөрөг бүхий л мэдээллийг тэндээс л авдаг. Гол нь бид өөрсдийн оюун ухаанаар аливаа зүйлд шүүлтүүртэй хандаж бусдыг
шүүмжлэхээсээ илүүтэй өөртөө дүгнэлт хийж яг одооноос хандах хандлагаа өөрчлөх ёстой байх… Харилцааны сэтгэл зүйг дөрвөн төрөлд хувааж мөн түүний орон зайн хэмжээсийг тодорхойлжээ. Үүнд: Дотно харилцааны орон зайг 0-48 см, бие хүн хоорондын харилцааны орон зайг 50-120 см, нийгмийн харилцааны орон зайг 120-400 см,
олон нийтийн харилцааны орон зайг 400-750 см гэж тэмдэглэжээ. Харилцааны эрүүл уур амьсгалыг бий болгох хэд, хэдэн алхамууд байдаг байна. Эдгээр алхамуудаас дурдвал Илэн далангүй байх, өөрийгөө бусдад зөв илэрхийлэх, бусдыг сонсож чаддаг байх, эерэг, зөв хандлага бүхий бодлоготой хариулт өгөх, харилцаж буй хүнийхээ санааг сайшааж, урамшуулах явдал юм.
Хэрвээ та зөв хандлагыг өөртөө бүтээхээр шийдсэн бол яг одоогийн та ямар хандлагатай вэ гэдэгтээ дүгнэлт хийж өөрийн зорилготойгоо уялдуулах хэрэгтэй. Зөвхөн эерэг мэдээлэл авч эерэг хүмүүстэй нөхөрлөж өөрийгөө зоригжуул! Мөрөөдөл, тэмүүлэлтэй байж түүнийхээ төлөө тууштай байж мөн бусдад ямагт талархах дадлыг өөртөө бий болгож эдгээр эерэг хандлагаа хадгалах хэрэгтэй.
Эерэг хандлагатай болсноор бид тэвчээртэй байх, сахилга баттай байх, бүтээлч байх зөв зан төлөвийг бий болгох, зөв хандлага, зорилгоо тодорхойлж, аливаа боломжуудад сэргэг байх гэх мэт зөв зүйлд анхаарлаа хандуулж ирээдүйд зорилгодоо хүрэх, амжилтанд хүрэх зэрэг зөв үр дүнд хүрэх боломжийг олгодог ажээ. Эцэст нь зүгээр л инээмсэглэ… бусдыг хүндэл, хайрла.