Хайр, гэр бүл

Мали улсын иргэн есөн ихэр хүүхэд төрүүлжээ

Мали улсын 25 настай Халима Сиссе гэх эмэгтэй есөн ихэр хүүхэд төрүүлжээ. Эмч нар хэт авиан оношилгоогоор долоон хүүхэдтэй болно гэж оношилж байсан тул гэнэтийн бэлэг болсон байна. Малигийн эрх баригчид хөл хүнд эмэгтэйг Марокко руу илгээсэн бөгөөд тусгай эмнэлэгт хүүхдүүдийг эх барьж авсан байна.

Хүүхдүүдийн эцэг “Би маш жаргалтай байна. Эхнэр, хүүхдүүд маань /таван охин, дөрвөн хүү/ сайн байгаа” гэжээ.

Есөн ихэр хүүхэд төрөх нь маш ховор үзэгдэл бөгөөд нярай үедээ эндэх тохиолдол гарч байжээ. Тухайлбал, Австралид 1971 онд, Малайзад 1999 онд есөн ихэр хүүхэд төрсөн ч энэ хоёр тохиолдолд хоёуланд нь хүүхдүүд амьдарч чадаагүй аж. 2009 онд америк эмэгтэй найман ихэр хүүхэд төрүүлсэн бөгөөд өдгөө бүгд эрүүл энх амьдарч буй. Гэхдээ хиймэл аргаар ихэрлүүлсэн юм.

Тиймээс Малигийн Эрүүл мэндийн сайд Фанта Сиби хоёр улсын эмч нарт амжилттай сайн ажилласанд баяр хүргэж, талархлаа илэрхийлжээ.

Халима Сиссег бие давхар байх үеэс нь эхлэн Мали даяар хүндэтгэн хайрлаж ирсэн байна. Гэвч мэргэжилтнүүд эх, урагт ихэд санаа зовж байжээ. Түүнийг Малигийн нийслэл Бамако хотын эмнэлэгт хоёр долоо хоног хэвтсэний дараа гуравдугаар сарын 30-ны өдөр Мароккогийн эмнэлэг рүү шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Тэндээ таван долоо хоног хэвтэн эмчлүүлснээр кесарево хагалгаагаар хүүхдүүдийг төрүүлжээ.

Түүний нөхөр Адюданд Кадыр Арби Малид том охинтойгоо үлдсэн ч эхнэртэйгээ байнгын холбоотой байгаагаа хэлжээ. Тэрбээр ирээдүйн амьралдаа огтхон ч санаа зовохгүй байгаа аж.

“Над руу залгаагүй хүн үлдээгүй байх аа. Эрх баригчид залгаж бидэнд баяр хүргэсэн. Бүр Ерөнхийлөгч хүртэл залгасан шүү” гэжээ. Есөн хүүхдийн ээж хүүхдүүдтэйгээ хэдэн долоо хоног эмнэлэгт хэвтсэний дараа нутаг буцах юм байна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button