ТрендЦаг үе

Ж.Амгалан: Хязгаарлагдаагүй байгууллагуудын үйл ажиллагаанд дахин зохицуулалт хийж, хөл хориог илүү чангатгана

Хатуу хөл хориог дахин чангатгах асуудлаар Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Ж.Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улс дэлхийн жишгийн дагуу ногоон, шар, улбар шар, улаан зэрэгт шилжин ажиллаж байгаа. Энэ удаа улаан зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын хавсралтад улаан зэргийн үед хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага дурдагдсан. Гэхдээ үүнийг дагаад машин болон явганы хөдөлгөөн их байгаа тул дахин зохицуулалт хийх шаардлага үүссэн.

Иргэд өмнөх хатуу хөл хорионы түвшин шиг энэ удаагийнхийг төсөөлж байсан байх. Гэтэл өмнөх шиг түвшинд хүрэхгүй байгаа болохоор халдварын хумилт шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгаа юм.

Иймд холбогдох судалгааг дахин хийж, улаан зэргийн үед хязгаарлагдаагүй байгууллагуудын үйл ажиллагаанд дахин зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, цаашид хөл хориог нэлээн хатуу болгож, тодорхой зохицуулалт хийнэ.

Цар тахлын үед тангараг өргөсөн төрийн албан хаагчид үүргээ гүйцэтгэж байгаа. Мөрдөгддөг цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа ба цагдаагийн байгууллагынхан гурван ээлжээр явж байгаа байх. Мөн төрийн албан хаагчдыг татаж оролцуулах ажил зохион байгуулагдахгүй. Энэ талаарх асуудал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан” гэв.

Шадар сайд С.Амарсайхан “Хатуу хөл хорионы дэглэм, хэрэгжилт, хяналтыг чангатгана. Төрийн албан хаагчид ялангуяа эрүүл мэндийн салбарынхан 24 цаг ээлжээр ажиллаж байна. Хүн хүч үнэхээр дутагдаж байгаа ч бүх хүч нөөцөө дайчлан ажиллаж байгаа юм.

Цагдаа, эмч, гааль гэх мэт салбарын ачаалалтай ажиллаж байгаа хүмүүсийн хоол хүнс, унааны зардлыг шийдвэрлэж ажиллахыг яам, агентлагийн удирдлагууд төсвийн зохицуулалтдаа оруулж ажиллах чиглэлийг өгсөн. Илүү цагийн мөнгийг нь тухайн яам агентлаг нь олгох ёстой. Зарим газарт олгогдож, заримд нь олгогдохгүй байгаа учраас холбогдох албан даалгаврууд өгөгдөж байгаа” хэмээн тайлбарлалаа.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button