
“ГАРААНЫ 100 ХОНОГТОО ЗАСГИЙН ГАЗАР ХУРЖ ОВООРСОН БЭРХШЭЭЛИЙГ БОДЛОГООР, БОДИТ АЖЛААР ДАВАН ТУУЛАХЫГ ЗОРЬСОН”
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр өчигдөр чуулганы нээлтэд оролцсоныхоо дараагаар Г.Занданшатарын Засгийн газрыг байгуулагдсан 100 хоногтоо тааруу ажилласан хэмээн дүгнэж буй талаараа мэдэгдсэн байдаг. Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар чуулганы хуралдаанд ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг танилцуулсан байдаг. Энэ үеэрээ тэрбээр “Гарааны 100 хоногтоо Засгийн газар хурж овоорсон бэрхшээлийг бодлогоор, бодит ажлаар даван туулахыг зорьсон. Өнөөдрийг ирээдүйтэй нь хамт тонодог авлига, баялгийн хулгайтай хатуу тэмцэхийн зэрэгцээ баялгийн менежмент, засаглалыг засаж залруулах шаардлага ямар бодит, амин чухал болохыг харууллаа.
Эрүүл мэндийн салбар дахь ахиц бол зүгээр нэг үзүүлэлт биш – монгол хүний хувь заяа. Улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг богино хугацаанд 95 хувь хүргэснээр өдөрт 600 давж байсан өвчлөл 3–4 болж, 200 дахин буурлаа. Энэ бол хүүхэд бүрийн амьдрал, гэр бүл бүрийн итгэл найдвар.
Өргөсөн тангарагтаа үнэнч, бяцхан иргэдийнхээ төлөө нойр хоолгүй зүтгэсэн цагаан нөмрөгт баатрууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өнөөдөр Хойд бүсийн иргэд хот руу биш, нутагтаа хавдрын иж бүрэн төвөөс оношилгоо, эмчилгээ авах боломжтой боллоо. Эрт илрүүлсэн онош бүрийн ард элэг бүтэн амьдрал, амьд явах эрх оршдог. Тиймээс хавдартай тэмцэх нь Монголын төрийн үүрэг, Засгийн газрын онцгой даалгавар билээ.
Эрчим хүчний салбарт өндөржүүлсэн дэглэм тогтоож, Засгийн газар шууд хяналтдаа авч, ард түмнээ дааруулахгүй даван туулах бэлтгэлийг урьдчилан хангаж байна.
Төрийн данхар бүтцийг цомхотгон, үрэлгэн зардлыг хязгаарлаж, татвар төлөгчдийн мөнгийг тоо, чанараар нь хэмнэх шинэ үе эхэллээ. Яамдын газар, хэлтсийг 81-ээр, агентлагийн удирдлагыг 54-өөр бууруулж, зөвхөн 16 яаманд 168 орон тоо цомхотгов. Уялдаа холбоогүй 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаснаар данхайсан бүтэц агшиж, үргүй зардал хумьж, төрийн алба илүү чадварлаг, бүтээмжтэй болох бодит өөрчлөлт эхэллээ.
Төрийн өмчит компаниудын удирдлагын орон тоог 200-аар цөөлж, 11.5 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэв. Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг дөрөв болгон нэгтгэж, хил, гаалийн шат дамжлагыг 40 хувь бууруулан, бизнесийг боож байсан 55 төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгов.
Төрийн царцсан өмч, хөрөнгийг ард түмэндээ буцааж, эргэлтэд оруулж байна. “Айлаас эрэхийн оронд авдраа ух” хэмээн, тоосонд дарагдсан үл хөдлөх хөрөнгийг сэргээн сургууль, цэцэрлэг, эмнэлэг болгох шийдвэр гаргаж, иргэдэд ойрхон үйлчилгээ хүргэхээр шийдвэрлэлээ.
Дампуурсан банкуудаас төрийн авлагыг буцаан төвлөрүүлж, төрийн өмчийг хамгаалан, олон жил сунжирсан асуудлыг цэгцэлж эхэллээ.
Үндэсний баялгийн сангийн хуулийг тууштай хэрэгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилгыг үг биш—үр дүнгээр нотолж байна. Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордуудыг төрд буцаан авч, өгөөжийг нь өргөн олонд хүртээх ажлыг эхлүүллээ.
Алдагдсан өмчөө эргүүлэн авах тусам түүний өгөөж иргэн бүрд бодитоор очно.
“Оюут” шинэ ордоос 357 сая тонн зэсийн нөөц илэрснээр Эрдэнэт үйлдвэр ирэх зуун жил тогтвортой ажиллах бат бөх үндэс бүрдлээ. Эрдэнэт бол ширгэсэн үнээ биш, зуун дамнах баялгийн булаг гэдгээ дахин нотоллоо.
Засгийн газар гарааны 100 хоногтоо эхлүүлсэн амжилтаа бататгаж, стратегийн ордуудын өгөөжийг ард түмэндээ нэмэгдүүлэх хэлэлцээрүүдийг улам эрчимжүүлнэ гэдгийг онцлон хэлье.
Хар тахал мэт тархаж буй хар тамхины гэмт хэрэгтэй хатуу тэмцэхээр тусгай мэргэшсэн алба байгууллаа.
Бэрхшээл нэгэн зэрэг арилдаггүй. Гэвч эхний 100 хоногт эдийн засгийн сэргэлтийг бодитоор эхлүүллээ.
Хэрэв бид ажлын хүндийг дааж, ахиц дэвшлээ бататгаж чадвал Монголын өмнө илүү том боломж, илүү том амжилт угтаж байна.
Дэлхийн дэвжээнд тугаа мандуулж буй Монголын охид, хөвгүүдийн адил хамтын хүчээр, нэг Монгол Улс урагшилна” гэсэн юм.