МэдээЦаг үе

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС УКРАИНД СУУГАА ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ

Гадаад харилцааны яамнаас Украинд суугаа иргэдэд зориулсан зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжид, Нэгдүгээрт: Эмх замбараагүй байдал үүссэн, зөрчил мөргөлдөөн болж буй газраас аль болох хол байж, орон нутгийн төрийн байгууллага, сургуулийн захиргаанаас өгч буй заавар, зөвлөмжийг дагах.  Тайван байж, эрсдэлтэй үйлдэл гаргахаас зайлсхийж, өөрийн аюулгүй байдлыг хангах.

Хоёрдугаарт: Гадаад паспорт, Украйн Улсад оршин суух зөвшөөрөл болон өөрийгөө нотлох бусад бичиг баримтыг биедээ байнга авч явах. Өөрийн утас, бусад холбоо барих хэрэгслийг тогтмол ажиллагаатай байлгах.

Гуравдугаарт: Аюулгүй, эрсдэл бага бүс рүү зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн баримт бичгийг бүрдүүлж, шатахуунаа нөөцлөх. Монгол Улсын далбаа байгаа бол тээврийн хэрэгсэлдээ ил харагдахуйц байрлуулах.

Дөрөвдүгээрт: Варшав дахь ЭСЯ, Украйн дахь Өргөмжит консул болон ар гэртэйгээ тогтмол холбоотой байж, өөрийн нөхцөл байдлыг тухай бүрт мэдээлэх. Варшав дахь ЭСЯ-нд бүртгүүлээгүй иргэн tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд

Гадаад харилцааны яамны 83042222, ЭСЯ-ны +48228499391, Өргөмжит консулын +380503309534 дугаарын утсаар тогтмол холбоотой байх. Тавдугаарт: Албан бус мэдээ, мэдээлэл болон бусдын эрсдэлтэй нөлөөнд автахгүй байж нөхцөл байдлыг харгалзан тайван байх. Боломжит хэлбэрээр бие биедээ туслах, дэмжлэг үзүүлэх.

Б.Болд: Харьковт байгаа оюутнууд хоргодох байрнаасаа гараад өөрсдийн байрандаа ирсэн мэдээллийг авлаа

ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд “Өчигдөр Монгол Улсын дөрвөн иргэн Польшийн хилээр нэвтэрсэн. Гурав нь өнөөдөр Монгол руу ниссэн бол нэг иргэн хувийн ажлаар өөр улс руу зорчсон. Өнөөдөр дөрвөн монгол иргэн Польш улсын хилээр нэвтэрч, Варшав дахь ЭСЯ-ны ажилтан тосож авсан. Удахгүй Варшав руу хөдөлнө.

Нэг иргэнээ Польш-Украины хилийн бүсээс олж авсан байгаа. Ингээд өнөөдрийн байдлаар нийт найман иргэн Польшийн хилээр нэвтрээд байна. Киевээс 13 монгол иргэн буюу 11 оюутан, хоёр байнгын оршин суугч иргэн, Одесс хотоос гурван монгол иргэн Украины хил рүү одоо ирж байгаа. Эдгээр иргэдийг авахаар Унгар, Чех дэх манай ЭСЯ-ны ажилтнууд Польшийн хил дээр ирээд байна.

Иргэдээ авахад туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор төвөөс буюу ГХЯ-наас нэмэлтээр орос, польш хэлтэй консулын ажлын туршлагатай хүмүүсээ өнөөдөр Варшав руу явуулсан байгаа. Нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэдээс Киевт дөрөв, Харьковт 23, Кировоградад хоёр монгол оюутан байгаа.

Кировоградад байгаа хоёр оюутныг ойрын хугацаанд Өргөмжит консултайгаа хамтран татан авч Польш улсад аваачихаар ажиллаж байна. Эдгээр иргэд болон ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Би сая Харьковт байгаа монгол оюутантай холбогдсон. Ерөнхийдөө өнөөдөр нөхцөл байдал харьцангуй намжсан, хоргодох байрнаасаа гараад оюутны байрандаа ирсэн мэдээллийг өглөө.

Украины нөхцөл байдал сүүлийн үед хүндэрсэнтэй холбогдуулаад зарим иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаж байна. Зарим бичиг баримттай холбоотой хүндрэлүүд гарч байгааг газар дээр нь шийдвэрлээд явж байна. Өнөөдрийн байдлаар Украинд 250,000 гаруй гадаадын иргэн байгаа бөгөөд үүнээс 155 орны 76,000 орчим оюутан бий гэсэн мэдээлэлтэй.

Бусад улсуудын хувьд манайхтай адил зөвлөгөөг иргэддээ өгч байна. Тухайлбал АНУ, Герман зэрэг Европын орны зүгээс агаарын хил хаалттай байгаа тул иргэдээ газраар хил залгаа орнууд руу гарахыг зөвлөж, тэндээсээ иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Г.Бямбасүрэн: Украинд нөхцөл байдал амаргүй хэвээр байна

ГХЯ-ны бодлого, төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн “Украинд нөхцөл байдал амаргүй хэвээр байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд “Их 7” болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зэрэг хэд, хэдэн уулзалт олон улсын түвшинд явагдсаныг хэвлэл, мэдээллийн байгууллагууд мэдээлж байгаа.

Өнөөдөр үүрээр хүртэлх хугацаанд НҮБ-ын Аюулгүй Зөвлөл Оросын үйл ажиллагааг буруутгасан тогтоолыг батлах асуудлаар хэлэлцсэн ч өнөөдөр тодорхой шийдэлд хүрээгүй хэвээр байна. Сөргөлдөгч холбогдох талуудын зүгээс яриа, хэлэлцээний ширээний хойно сууя гэдэг санаачилгууд гарсан.

Гэхдээ өнөөдрийн байдлаар тодорхой үйл ажиллагаа явагдсан, энэ чиглэлээр ахиц гарсан зүйл ажиглагдахгүй хэвээр байгаа. Энэхүү нөхцөл байдлыг бид анхааралтай ажиглаж байгаа нь ойлгомжтой. ГХЯ-ны зүгээс иргэдээ татан авах асуудалд бүх бололцоогоо дайчлан ажиллаж байна” хэмээн ярилаа.

 “Киевээс гарсан иргэдийн 10 нь галт тэргээр, гурав нь Өргөмжит консулын машинаар Польшийн хил рүү ирж байгаа”

ГХЯ-наас Украины нөхцөл байдал болон тус улсад байгаа иргэдээ татан авах ажлын талаар өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Харьковт байгаа 23 иргэнийг ямар маршрутаар авч ирэх боломжтой вэ?

-Харьковт байгаа 23 иргэн бүгд эх орондоо буцах хүсэлтээ гаргасан. Одоогоор нөхцөл байдалтай холбогдуулаад Харьков хот руу орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан. Энэ нь иргэдээ татан авах ажилд хүндрэл учруулж байна. Тойроод цэргийн ажиллагаа явагдаж буй учраас иргэдээ хөдөлгөөнд оруулах нь аюултай болчхоод байгаа юм. Тиймээс нөхцөл байдал намжтал ойрын хэд хоногтоо гэр орондоо, хоргодох байр, оюутны байрандаа байгаад хүлээх зөвлөгөөг өгч байна. Гадаад улс орны зүгээс ч мөн адил зөвлөгөөг өгч буй. Хэрэв нөхцөл байдал намжаад орох, гарах хөдөлгөөн нээгдвэл иргэдээ татан авах төлөвлөсөн хэд, хэдэн хувилбар бий.

-Одоогоор Украинд байгаа иргэдийн хэд нь аюулгүй газар байгаа вэ?

-68 гэдэг нь зөвхөн оюутнуудын тоо. Нийт 100 орчим иргэн Украинд байгаа гэсэн судалгаа бий. Украин даяараа нөхцөл байдал амаргүй байгаа. Өчигдөр, өнөөдөр нийт найман иргэн Польшид очсоныг аюулгүй газар очсон гэж үзэж болно.

-Украинд байгаа оюутнууд хоёр сарын өмнөөс хүсэлтээ гаргасан ч зөвшөөрлийн бичгийг гаргаж өгөхгүй байсан гэх мэдээллийг хэлсэн.

-Өчигдөр манай яаманд оюутнууд ирээгүй, оюутнуудын эцэг, эхийн төлөөлөл ирж уулзсан. Энэ үеэр шаардлагатай мэдээлэл болон зөвлөгөөг өгөөд, тэдний санал хүсэлтийг сонссон. ГХЯ-ны зүгээс нэг сар орчмын өмнөөс Варшав дахь ЭСЯ-аар дамжуулан оюутнуудын нарийвчилсан бүртгэлийг хийж эхэлсэн. Үүнд үндэслэн хоёрдугаар сарын 13-нд цахим хурал хийж, нөхцөл байдал эвгүй болж болзошгүй байгаа тул буцвал зүгээр байна гэсэн зөвлөмжийг өгсөн. Энэ дагуу эцэг, эхтэйгээ зөвлөлдөөд 40 орчим оюутан ирсэн болохыг бид бүгд мэдэж байгаа.

Үлдэж буй оюутнуудад хоргодох байрны жагсаалтыг гаргаж өгсөн. Хүндэрсэн үед ямар зүйлсийг бэлэн байлгах талаарх зөвлөгөөг өгч, сургуулиас нь шаардаж буй бичиг, тодорхойлолтыг хийж өгнө гэдгээ илэрхийлсэн.

Үргэлжлүүлэн тэрбээр “Одоогоор Киев хотоос гарсан монгол иргэд Польш-Украины хил дээр ирнэ. Эдгээр иргэдээс 10 нь галт тэргээр, гурав нь Өргөмжит консулын машинд суугаад хил рүү ирж байгаа. Киевээс гарч буй оюутнууд өөрсдөө маш их хүчин чармайлт гаргасныг онцолмоор байна. Энэ нь татан авах ажилд хялбар нөхцөл болсныг тэмдэглэн хэлье.

Иргэдийг татан авахад шаардлагатай зардлыг Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэн. Гүйцэтгэлээр зардлыг тооцно гэж байгаа. Бидний тооцоолсноор нэг иргэнийг эх оронд нь буцаан авчрахад 3-4 сая төгрөг зарцуулагдана.

Харьков хотод нөхцөл байдал хэзээ хэвийн болохыг мэдэхгүй учраас иргэдийг татан авах ажил хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Тэнд буй оюутнуудтай өнөөдөр ярихад одоогийн байдлаар дэлгүүрүүдэд хоол, хүнс хэвийн, бэлэн мөнгөөр болон картаар үйлчилгээ үзүүлж байгааг хэлсэн. Хэрэв хоол хүнсний хангамж муудвал тэнд байгаа украин иргэдээр дамжуулан оюутнууддаа хоол хүнсний тусламж үзүүлэх боломжтой гэсэн байдлаар ажиллаж байна” хэмээн хариуллаа.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button