Тренд

ХОЁР НҮҮРТНИЙ ХАНДЛАГА ОЛШИРСООР…

1. ОРШИЛ: Энэ өдрүүдэд нэгэн айлын гэр галд хайлж, нэгэн ээж гурван бага насны охидтойгоо өмссөн хувцастайгаа үлдсэн сураг сонсож, манай нэгэн лам надад айлтгаж, бид бүх лам хүүхдүүдээ чуулуулж энэ тухай хэлэхэд бүгд Цагаан сараар өөр өөрт цугларсан зэд болон бэлгийн мөнгүүдээрээ багачууд нь удирдлагатай тоглоомон машин авах сэлт төлөвлөж байсан ч шууд хандив болгон өргөснөөр нэгэн яс сайтай монгол гэрийн суурь төлбөр бүрдэж, мөхөс би нэмж гүйцээснээр хамгийн сайн монгол гэр хийдэг нэгэн компаниас шинэ гэр захиалан авсан бөгөөд урд шөнө лам хүүхдүүдтэйгээ хотод ирээд, өнөөдөр өөрсдийн гараар барьж өгсөн юм.

Гэвч энэ бол мөхөс миний ярих гол сэдвийн удиртгал төдий. Учир нь бид буяныг өөрсдийн хэр чадлаар хийж л байдаг. Хийх ч номтой. Гэхдээ уншигч абугай хэн бээр ч биднийг илүүдээ гарсан мөнгөтэй, багтаж ядсан баян хэмээн бодвоос туйлын буруу. Ямартаа ч аливаа зүйлсийг ганцаарчилсан болон хамтран хийхэд дотоод сэтгэлийн болон гадаад соёлын хандлага улс нийгэмд маш чухал хэмээн сэтгэгдэнэ.

Би лам хүүхдүүдээсээ маш их зүйлсийг ойлгож авдаг ба бүр тэднээс шүлэг дууллын онгод хүртэл орж байдаг. Жишээ нь манай нэгэн ламхай гурав, дөрөвтэйгээсээ машины цонхоор харж явахдаа гудамжинд гандуухан алхаж яваа хүн, золбин нохой сэлтийг өрөвдөн дуу алдаж хөөрхийлэхэд ийм жаахан хүүхэд яагаад ингэж харж буйн цаад санааг ухахуйд бясалгал болон ургаад мөхөс намайг үзэг цаас нийлүүлэхэд хүргэдэг. Чингээд эдгээр хүүхдүүд тухайлан зааж сургаагүй байхад бусдыг хайрлах, өрөвдөх, хүндлэх, сурах, хийж бүтээх тэргүүтэнд хандах хандлага нь харахад энгийн бөгөөд угтаа гайхамшигтай соёлтой.

Мэдээж төгс төгөлдөр бодгаль эдүгээ нийгэм, цаг үед байхгүй. Үүгээрээ би өөрийнхөө лам хүүхдүүдийг магтах юм уу, хуурмагаар дөвийлгөх гэсэнгүй, манай төр, шашин, нийгэмд ийм чин сэтгэлийн хандлага хангалтгүй байгаа учраас аливаад хүндэтгэлтэйгээр хандаж, чин үнэнчээр журам ёсыг тэтгэж явахуйд анхаарах хэрэгтэй хэмээн сэтгэгдэж ийн өгүүлэв. Энд зарим жишээ татахдаа хүндэтгэх үүднээс хэн нэгний нэр алдар, аль нэгэн байгууллагын нэр хаяг нугуудыг дурдалгүйгээр өгүүлэх болно. Яагаад хэмээвээс энэ сэдвийн гол агуулга нь “хандлага” хэмээх соёлт нийгмийн нэгэн чухаг ёс суртахуун хэн бүрд чухагтайд оршино.

2. СЭТГЭЛРҮҮ УС ЦАЦАХ ХАНДЛАГА: “Бид”, бид гэдэг нь мөхөс би болоод нөгөө хэдэн ламхай нар бид. Бидний тухай болж өнгөрсөн бүх зүйлийг бичиг дор буулгаваас мэдээж хэрэг боть зохиол болох байх. Тийм учир сэдэвтэйгээ холбоотой зүйлсээс цөөхөн хэдийг эш татан өгүүлсү. Бид хэдхэн жилийн өмнө хүүхдийн хавдрын нэгэн эмнэлэгт зохих хэмжээний тохижилт хийж өгөөд маш баяртайгаар эмнэлэг дээр очсон юм. Мэдээж эмнэлэгийн дарга хүлээж авсан ба тэрхүү өндөр соёл боловсрол олсон хэмээх нэгэн хатагтай бээр баярласан шинж огт үгүйгээр хүлээж аван цөөхөн хэдэн үг ярьсны гол санаа болон шууд утга нь “та нар хавдартай хүүхдүүдийн нэр, зүсийг далимдуулж нэр хүнд олох болон мөнгө зоос бүү олоорой!” хэмээсэн санаа.

Би нэг их олон тайлбар өгөхийг ер хүсээгүй, тэгэх шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэвэл бидний зорилго болон ялангуяа хандлага тийм байгаагүйг мэдрээгүй, мэдэхийг ч хүсээгүй, тоомжиргүй алмай болоод атгаг байдал нь илт. Үндсэндээ бидний сэтгэл лүгээ ус цацсан. Бид иймэрхүү зүйлээс ч цаадахыг хүлээж авах чадвартай. Ийм хандлага болон үүнээс ч хэд дахин асуудалтай олонтаа тулгарч ирсэн. Буддын гэгээнтэн багш нарын сургаснаар бодь сэтгэлийг бясалгаж “бусдад ашгаа өгөөд, өөрт хохирлоо хүлээ” хэмээх эгэл хүмүүс өөрсөд дээрээ хүлээж авч чадахааргүй, амар хялбар ойлгож ч чадахгүй зүйл буй. Харин энд яагаад бичиж байгаа вэ гэхээр Буддын суртгаалтан нугуудаас жаахан ч гэсэн суралцаасай.

Суралцаж чадахгүй бол худлаа ч атугай дуугүй мишээгээд л сууж байвал тустай. Хэнд тустай вэ гэхээр өсөж буй хүүхэд, залууст тустай. Гол нь тэдний урам зориг итгэл найдварыг хугалахгүй байх чухал. Басхүү соёлтой боловсон, боловсролтой дүр эсгэчхээд бусдын сэтгэлрүү хүйтэн ус бүү цацаж байгаарай хэмээсэн санаа юм.
Бид тэнд асан хүүхдүүдэд даруухан бэлэг гардуулаад, хүүхдүүдэд зориулж дотроо чимээгүй залбираад гарч одсон. Миний зарчимд аливаа буян хийхдээ, сүм дуган барихдаа ч хандивын компанит ажил явуулдаггүй ба гуйлга ч гуйдаггүй. Чин сүсэгтэн, чин сэтгэл зүрхтэн бол хэлээгүй байсан ч өөрсдөө ирээд ном буяны үйлд хандиваа өргөдөг. Тэд буянд даган баясаж, номд шамдсанаар буяны садан бололцож насан туршдаа жаргалтай байж чаддаг.

Эдийн засгийг өөрийнх нь шүтэн барилдлагын ухаанаар нь арвижуулж аливаад хөрөнгө оруулахыг, бас аливаад өглөг барамид өгөхийг зорьдог. Үүнийг зарим хүмүүс болон зарим сэтгүүлчид ойлгох тархи хүрэхгүй учир мушгин гуйвуулж, үргэлж доромжлон гутаасаар ирсэн нь бурангуй хандлага болгоныг шахуу дагалдаж байдаг бас нэгэн сэдэв болсон. Энэ сэтгэлгээгээрээ улс орон, ард олон, хувь хүмүүст ч хандсаар угтаа улс нийтээрээ улам доройтон буй.

3. ХОЁР НҮҮРТЭН ХАНДЛАГА: Олон нийтийг хамарч байгаа болон зарим хувь хүмүүсийн сайн сайхны болоод тус хүргэх аянд бид оролцож ирсэн. Хүрээд очиход инээгээд эелдэг даруугаар хүлээж аваад, явсны дараа ямар нэгэн хуурмаг хов сонсоод юм уу аливаа атгаг сэтгэл үүссэний элдэв шалтаг шалтгаанаар харилцаа холбоогоо тасалдаг.

Миний сайндаа ч биш нэгэн лам шавь маань залуусын хийж байгаа олон нийтийн сайн үйлсийн аяны тухай ирж танилцуулаад бүгдээрээ тусалъя хэмээсний дагуу шавь нарынхаа сайхан сэтгэлийг дэмжээд тооцоо бодож байгаад нэг хоногийн дотор л очиж тусалсан. Их биш ч, бас бага биш тус. Ер сайхан сэтгэлийн тус болон буянд ихдэнэ, бас багадна хэмээх үгүй зарчимтай.

Анх сайхан хүлээж авсан. Тэгээд тэр залуучуудын хандлагыг ажиж үзсэн. Пэйж дээрээ их, бага хандив өргөсөн хувь хүн байгууллагуудыг мэдээллийг оруулдаг. Эдүгээгийн хэллэгээр шилэн данстай гэх үү дээ. Гэвч бидний буюу манай лам хүүхдүүдийн өргөлийн тухай мэдээлэл байгаагүй. Ямартаа ч энэ тал дээр даруулгатай бодож, залуус их ажилдаа болоод мартсан биз хэмээн бодоод өөрийнхөө пэйж дээр манай сүсэгтэн болон сайхан сэтгэлт хүмүүсийг тэр залуусыг дэмжих уриалга болгон бяцхан нийтлэл тавьсан.

Маргааш нь л миний нийтлэл болон залуусыг надтай холбон гутааж дайрснаас үүдээд залуусын манлайлагч нь ихэд бухимдаж монголчуудын сошиалын нанчилдаан бий болжээ. Тэнэг балмадуудад бус, тэдгээр соёл боловсролтой шижигнэсэн сайхан залуус иймхэн зүйлд бухимдаж элдэв зүйлс бичсэнд сэтгэл багахан гонсойгоод залууст саад болохвий гэдэг үүднээс өөрийнхөө нийтлэлээ авч хаясан. Бидний хийж өгөхийг хүссэн бяцхан төсөлд ч ер хариу өгсөнгүйгээр зам зам аа хөөв. Бодвол бидний сэтгэлийн өргөлийг улс төрчдийн бохир мөнгө шиг санасан, эс бөгөөс өөр шалтгаантай.

Ер хоёр нүүртний хандлага олширсоор буй нэгэн жишээ нь надтай уулзан учирч буй болон дотносон явах зарим бодгалиуд бусдын нүднээс далд ахан дүү мэт аяглаад олны нүдэн дээр ихэмсэг бардам, өөртөө итгэлтэй дүр эсгэх болохоор дуугарахгүй, хамраа сөхөн хараагүй юм шиг явах нь олон. Мэдээж эрдэнэ мэт бодгалиуд оршин буй учир үндэстэн үндэснээсээ ялзралгүй оршин буй нь “шүтэн барилдлага”-ын ухаанаар ухаж ойлгож болно.

4. ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ХАНДЛАГА: Ялгаварлан гадуурхах хандлага бол номын ёс хийгээд дэлхий дахины соёлт хүмүүний ёсонд байж болшгүй зүйл хэмээн судар, тантра болон ертөнцийн ёсны шастир, хууль цааз нугуудад ч тодорхой буй. Гэвч эдүгээ ялгаварлан гадуурхах хандлага нь дэлхийн хүн төрөлхийтний нийтийн сэтгэцийн өвчин болсон хэмээлтэй.

Мөхөс миний болон шавь нартайгаа их цагийн хурал болон ёс зан үйлдэх үед сүсэгтэн шавь нарын өргөсөн хүндлэлийн өргөлөөр зарим нэгэн ужиг чилээрхсэн хүүхдүүдийн хагалгааны зардалд хандив өргөдөг. Заримдаа хүрэлцэхгүй ч өчүүхэн хандиваа далайд дусал хэмээн ерөөгөөд л өргөдөг.

Ихэнх үед бид хүүхдүүдийн сургууль ловнер, ном хурал, нямба бүтээлийн үед амжихгүй учир зохион байгуулж буй бусдын сан болон төслийн дөмөгхнийг нь сонгож аваад хандиваа өгөх нь тустай хэмээх газруудад өргөж үзсэн. Бас тэдгээрийг ажигласан. Тэдэнд хандив өгч буй жирийн иргэд хийгээд ялангуяа Их хурлын гишүүд, том бизнесменүүдийн өгсөн хандив тэргүүтнийг хамт зургаа тавьж, бичдэг, өвчтөн хүүхдүүдтэйгээ авуулсан сайхан зураг, нийтлэл тавьдаг. Бусдад ерөнхийдөө эерэг хандлага түгээдэг их сайхан хамт олон нугууд буй.

Гэхдээ бидэнд хариу ирэхгүй нэлээд удсан. Бусад хүмүүсийнх сошиал шилэн дансаар, харин биднийх ямар ч сураггүй. Яагаад гэвэл тэр өглөгт бүх лам шавь нар оролцсон. Эцэст нь шадар агч ламдаа тэрхүү төслийнхнөөс бидний өргөсөн өргөл гарт нь очсон эсэхийг асуухад хүрсэн. Үүнд би өөрийнхөө тухай бичсэнгүй, тавьсангүй хэмээж байгаа бус. Тийм шаардлага ч байхгүй. Хэрэгсэх ч шалтгаан байхгүй. Гагцхүү залуу лам шавь нараа болон бяцхан шавь нараа бодоод бусдын хандлагыг хааяа хардаг.

Миний шавь нарын нийгэм дэхь оролцоо гологдохооргүй. Одоо бол миний лам хүүхдүүд над шиг болсон байх шиг. Буян хийчхээд дув дуугүй болоод л машиндаа суугаад л яваад өгдөг болж байгаа. Гэхдээ тэд өөрсдийн цуглуулсан мөнгөөрөө өнчин өрөөсөн, ядууст туслахдаа илүү дуртай болсон. Би ч бас тэднийгээ хайрлаж та нар хагасыг нь ч болтугай өөрсдөдөө ингэж ингэж зарцуул гээд бараг эдийн засаг болон тооны хичээл ордог болсон.

Одоо тэдэнд урмын үг ч хэрэггүй, бас гутаал доромжлол ч бүр хэрэггүй. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр арав гаруй жил тэдэнд талархал, сайшаал гэхээсээ илүү багагүй гутаал доромжлол ирсэн. Бүр хүүхдүүдийн нэрийг ч андахгүй, үе үе гутаал доромжлолдоо ашиглах гэж зургийг нь хадгалаад авсан харагдана. Зарим балмад иргэд намайг эзгүйд хийд сүм дээр очиж лам хүүхдүүд болон хөгшин эхийг минь сүрдүүлэхээр, заналхийлэхээр оролдож байсан удаа цөөнгүй. Гэвч сайн хүмүүс нь саараасаа олон.

5. ШҮГДЭНГИЙН БҮЛЭГЛЭЛ ХЭМЭЭХ ТУУЛАЙНЫ ЧАЛ ХЭМЭЭХ ҮЛГЭРИЙН ҮЛГЭРЭЭР ХҮНИЙ ТООНООС ХАССАН ХАНДЛАГА: Яагаад бидэнд ийм хандлагаар хандаад байдаг юм бэ хэмээх асуулт зарим төрөлхийтний сэтгэлд өөрийн эрхгүй ургана. Гэвч харин эцсийн бүлэгт хариулт тодорхой. “Шүгдэнг шүтэгчдийг нэр ч үгүй арчиж хаях хэрэгтэй” хэмээх цуугианд автагч сүргийн сэтгэлгээний эрхэнд явагч хүмүүсийн “дэлхийн буддын шашны тэргүүн хэмээх лам” энэ үгийг миний өвгөн богд нарыг жанч халахын өмнө өндөр индэр дээрээс их дуугаар олон улсад тунхагласны дагуу нийгэмд биднийг хүний тооноос хасах хандлага илхэн харагдаж байгаа. Зарим нь ил, далд үг болон ил, далд үйлдлээрээ хасчихсан.

Хүний тоонд оръё гэвэл урд олон үеийн өвөг дээдэс лам багш нараа нулимж, үндэс уламжлалын ном судраа уландаа гишгээд, галд шатаавал хүний тоонд багтана. Ийм үйлдэл, үзэгдлийг төвдүүд үй олноороо үйлдэж хүний сүрэг хэмээх томъёололд багтсан бол харин монголчууд бид урсгал сөрж, нийгмийн гутаал доромжлолын бай нь болсон.

Бид ч гэж дээ хөөрхий мөхөс би болоод нөгөө хэдхэн хүүхэд. Тэгээд бас марксизм, ленинизмийн үед ангийн ялгаа гаргаж байсан тэрхүү зарчмаар бидэнд “Шүгдэнгийн бүлэглэл” хэмээх их том хаяг шошго цагаан дээр хараар, заримдаа улаанаар бичиж нүсэр том лантуугаар хадаад нэр ч үгүй устгах зарлигийг нөгөөх айхавтар тэргүүн хэмээх гаргасныг манай монголын ихэнх лам нар, зарим балмад хүмүүстэй нийлж яг соёлын хувьсгал шиг дайрсаар мөн л арваад жилийн нүүр үзэв. Гэхдээ тэр хүмүүсийг үзэн ядсангүй. Үзэн ядах гэдэг бол сэтгэлийн нэгэн их том дайсан.

Чингээд манай монгол лам нарын бүлгэм хэмээх буй. Түүнийг эерэг талаас харж, хөндлөнгөөс мэт хаа нэгтээ оролцсоор ирсэн. Тэр нь ядсан зүдсэн айлд тусална хэмээн уриалга гаргахад манай залуу лам нар уужмаар хүлээж авч надад танилцуулсаар, хааяа буяны үйлийг нь дэмждэг. Энэ өдөр дээр цухас дурдсан нэгэн айлын өвлийн өргөө барьж өгсөн. Би мөн л хэдэн хүүхдүүдээ бүгдийг дагуулаад очсон. Яагаад гэвэл тэд тэр ядарсан айлын хүүхдүүдийн ямар байдалтай байгаа зургийг нь харъя хэмээсний дагуу харуулснаар өрөвдөж, өөрсдөө очъё хэмээсний дагуу авч очсон.

Очиход энэ удаа зохион байгуулж буй нэг өөр хийдийн лам байсан, яриан дундаа “зарим лам нар ирэх гэж байгаад больсон. Бас таньтай зураг хөрөг авуулбал дээд газраас донгодож, бусдадаа адлагдах тийм хэцүү асуудалтай” хэмээв. За гэрээ ч барьлаа, лам хүүхдүүд тэр айлынхны хүүхдүүдтэй элгэсэн наадаж, эцэст нь шинэ гэрийн аравнай, сан, даллага авснаар өндөрлөв. Том багагүй баяр хөөр. Ирж явах замдаа бас монгол лам нарынхаа хандлагыг харав.

Манай хүүхдүүдийн нэр ус бүү хэл зураг ч байхгүйгээр бүлгэм дээрээ өөрийн зураг болон гэрийн зураг, тэрхүү айлынхны зургийг тавиад нэгэн нэгдээ талархал илэрхийлсэн нэг тийм хандлага. Уг нь буян үйлдэж буй лам хувраг бидэнд ер хамаагүй боловч харин энэ хандлага бол “Шүгдэн бүлэглэл” хэмээх нөгөө айхавтар “хадны мангаа”-ны нэр хаяг дор хүний тооноос хасах хандлага мөн. Энэ хандлага бол шинэ биш. Гэвч мэргэн ардууд үүнийг харж, таниж, тунгааж байх хэрэгтэй. Төр түмэн нүдтэй учир нэг нүдээрээ ч болов харж буй гэдэгт итгэж найддаг.

Ер бидэнд ямар нэгэн бүлгэм, нам эвсэл хэрэгтэй болоод өргөл өргөж байна хэмээн бодож буяны үйлсэд тань хандив тус болж байдаг хэмээн ойлгож байгаа бол буруу үзэл, ташаа ойлголт. Хойшид биднээс бусдад бүү ингэж хандаарай. Бас хүмүүн төрөлхийтэн бүгд арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаагаас нь болж нэгэн нэгнээ хүний тооноос хасдаг харгис балдмад үзэл дуусгавар болох болтугай! Аливаа бүх бурангуй балмад гутаал доромжлол хүртэх хүн нь надаар дуусгавар болох болтугай!

Ирээдүй үеийн монголын хүүхэд залуучууд чин зүрхнээс нигууртаа мишээл сацруулан эрдэм соёлыг улс орон, ард олондоо түгээн явах болтугай! Жич; Гурван орчлонд алдар нь цуурайтсан Шүгдэн сахиус хэмээх түүний түүх намтар болон зохиол үйлс, яагаад үүнд заримууд атгаглан хорсох болсон тухай үсэг дор бичсэн, аман яриа тэргүүтэн цөөнгүй гаргасан учир энэ удаа дэлгэрэнгүй өгүүлсэнгүй. Эцэст нь ахин сануулахад ямар түүх болж өнгөрсөн тухай чухал биш, ямар агуулга болон цаад санааг ойлгож хүлээж авах чухал.

Зава Дамдин ринбүчи 19.02.2022 Улаанбаатарын балгад

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button