Хайр, гэр бүл

Хайртад чинь “далавч ургуулах” үгс

Эр нөхрөө, найз залуугаа ойлгодог гэдгээ харуулж, баярлуулмаар байна уу? Одоогийнхоосоо илүү чамайг хайрлаж халамжилж, амжилттай байгаасай гэж хүсч байна уу? Дараах энгийн мэт өгүүлбэрүүд илбийн мэт шидтэй шүү. Хэрэглээд үзээрэй.

1. Чамайг хичнээн авьяастайг чинь илэрхийлж хэлэх ч үг олдохгүй юм. Чи минь энэ салбартаа үнэхээр шилдэг нь шүү.

2. Сүүлийн үед чи минь жаахан уравгар харагдаад байх юм. Ажил нь нэг л болж өгөхгүй байна уу? Гэхдээ би чамайгаа амжилт гаргана гэдэгт хэзээ ч эргэлздэггүй гэдгийг мэдээсэй гэж хүсч байна.

3. Чи минь намайг юунд дуртайг дэндүү сайн мэдэх юмаа. Бурхан надад чамайг илгээхдээ юу дутагдаж байсныг минь яг таг мэдэж байж шүү.

4. Чи миний хамгийн дотны найз.

5. Өдөр ирэх тусам чамдаа улам их хайртай болоод байх юм.

6. Би чамайг өнөө орой болзоонд урьж болох уу?

7. Би чамайг зүгээр л байгаа хэвээр чинь, ямар ч болзолгүйгээр, үргэлж хайрласаар байх болно.

8. Ямар ч хэцүү зүйл тохиолдсон бай, чи минь минийх гэж бодохоор л сэтгэл минь баяраар дүүрдэг.

9. Сэтгэл чинь таагүй байвал, намайг үргэлж чиний дэргэд байгаа гэдгийг санаарай. Хэсэг ганцаараа юм бодмоор бол бод. Харин ярилцмаар байвал намайг ирээд тэврээрэй.

10. Чамайгаа гомдоосон бол уучлаарай. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна.

11. Би дэлгүүрт үүнийг харангуутаа л чамд таалагдана гэж мэдсэн юм. 12. Чамаараа маш их бахархаж байна. Энэ ажлын ард гарах гэж багагүй тэвчээр, хөдөлмөр шаардагдсан. Гэлээ ч гэсэн чи минь хийж чадлаа.

13. Өнөөдөр тэмдэглэлт өдөр биш ч гэсэн би зүгээр л чамдаа бэлэг авмаар санагдаад үүнийг худалдаж авсан юм.

14. Би чамайг уучилж байна. Дахин энэ тухай сөхөж ярихгүй гэдгээ амлая.

15. Ганцхан минутын зав байна уу? Унтлагын өрөөнд нэг юм үзүүлье.

16. Сүүлийн үед чи минь ажилдаа гаршиж, илүү өөртөө итгэлтэй чадварлаг болсон нь надад мэдрэгдэх боллоо. Чи минь үүнээс ч илүүг хийж чадна.

17. Чиний зөв. Би санал нэг байна.

18. Уучлаарай. Би өнөөдөр хийхээр төлөвлөсөн … ажлыг чинь чиний өмнөөс хийчихсэн шүү. Хэдэн өдөр хийж амжихгүй байгаадаа санаа зовоод явсныг чинь анзаарсан юм.

19. Өнөөдөр хүнсээ цуглуулж байгаад чиний дуртай амттанг авчихсан. Орой хөл бөмбөгөө үзэхдээ идээрэй.

20. Хөөх чи минь яаж ганцаараа энэ бүхнийг хийж чадав аа? Чи ч намайг гайхашруулж дуусахгүй хүн юмаа.

21. … талаар чи юу гэж бодож байна, чиний саналыг сонсож байж шийдье.

22. /Хүүхдүүдийнхээ дэргэд/ Би аавд чинь маш их хайртай яагаад гэвэл тэр ээжийг нь энэ хорвоогийн хамгийн жаргалтай эмэгтэй болгосон юм.

23. Гэртээ эрт ирэхэд чинь би дуртай. Усанд ороод сайхан амар даа хайрт минь.

24. Үүнийг дэлгүүрт харсан чинь шууд л чиний тухай бодсон.

25. Хайр нь энэ сар төсвөө хэтрүүлээгүй шүү. Чамайгаа дэндүү их ажиллахыг харахаар илүү их нэмэр болох юмсан гэж бодох юм.

26. Миний авч байсан бэлэгнүүдээс хамгийн гайхалтай нь чи байсан. Тэнгэр бурхан чамайг надад илгээсэнд би дандаа талархдаг.

27. Өнөө орой зөвхөн чи бид хоёрынх. Хүүхдүүд байхгүй байгаа. Тоглоом эхэллээ…

28. Чамтай байхад би юунаасаа айх билээ дээ?

29. Наад цамц чинь чамд үнэхээр гоё харагдаж байна. Чи минь нүд унагам сайхан залуу шүү.

30. Сая хажуугаар зөрсөн эмэгтэй чам руу ширтээд байсныг анзаарсан уу? Ийм сайхан залууг өөрийн болгож авсандаа би ч өөртөө их додигор байдаг шүү.

31. … асуудлыг ийм амархан зохицуулсан чинь үнэхээр бахархмаар байлаа.

32. Чи минь ч гарын эв дүй сайтай шүү.

33. Чамгүйгээр би яах байсан юм бол оо?

34. Хэрэв чамд надаас нэг зүйлийг өөрчлөх боломж олдвол юуг хамгийн түрүүнд өөрчлөх байсан бэ?

35. Машинаа угаалгаад, өнгөлүүлсэн байгаа шүү. Чиний минь нуруун дээрх ачаанаас бага ч гэсэн хөнгөлсөн гэж найдаж байна.

36. Хүүхдүүд минь чам шиг аавтай байдаг нь ямар их аз вэ?

37. Бидний төлөө ингэж их ажилладагт чинь баярладаг шүү.

38. Үргэлж намайг инээлэгдэгт чинь би дуртай.

39. Тусалсанд баярлалаа хайраа. Жаахан ядраад байсан юм.

40. Чи намайг яг энэ тухай бодож байсныг яаж мэдэв ээ? Заримдаа чи миний бодлыг уншдаг юм шиг аймшигтай санагддаг шүү. Чи минь хамгийн шилдэг нь.

41. Чамтай гэрлэсэн минь миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг.

42. Хэрэв хойд нас гэж байдаг бол дахиад л чамайгаа олж авах юмсан.

Үнэхээр сонголт муутай нөхрөөрөө шинэ байрныхаа бүх тавилга, хөшгийг сонгуулаад, өөрт нь таалагдахгүй байсан ч “Би чинийхээ сонголтонд итгэж байна” гэж хэлсээр байгаад нөхрөө сонголт сайтай нэгэн болгосон эмэгтэйн бодит түүх санаанаас минь огт гардаггүй юм. Хүнд сайн үг хэлсний муу тал гэж огт байдаггүй. Магадгүй нөхөр чинь дээрх өгүүлбэрүүдийг сонсох гавьяа байгуулаагүй ч байж болно л доо. Гэхдээ хайр өглөгийн хүчээр цэцэглэдэг гэдгийг санаарай. Амжилт хүсье, гэр гийгүүлэгчид минь. Эцэст нь хэлэхэд тэр чиний баатар байхыг л хүсч байгаа.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button