Мэдээ

У.Хүрэлсүх: Бүх галыг өөртөө аваад, цэрэг хүн шиг хариуцлагаа үүрсэн

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр телевизийн ярилцлагад орж, олон нийтэд хүлээлттэй байсан асуултуудад хариуллаа. Тэрбээр “Өнгөрсөн нэгдүгээр сард хариуцлагаа хүлээж танхимаараа огцорсоныг хариуцлагаас зугтсан гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Зарим нэг нь намайг ажлаа өгөөд зугтчихсан юм шиг хүртэл ярьсан. Үүнд би тодорхой хариулъя. Надад тухайн үед хоёр сонголт байсан. Энэ бол улс төртэй холбоотой. Мэдээж, дөнгөж төрсөн нялх биетэй эх, хүүхдийг цар тахалтай байх цаг үед нимгэн хувцастай эмнэлгээс авч гарсан явдал Монголын ард түмний сэтгэл санааг бухимдуулсан. Үүнд дээр давхар улс төр хийсэн.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, манай сөрөг хүчин үүн дээр нэмж улстөржсөн. Ард иргэдийн төр засагтаа тавьж байсан шаардлагын зорилгыг мушгиж гуйвуулаад, УОК, Засгийн газар, бүр цаашлаад парламентыг тараах зорилго бий болгосон. Бүр цаашлаад Монгол Улсад нэг хүний дарангуйлал тогтоох гэсэн улс төрийн төлөвлөлтүүд явж эхэлсэн. Ерөнхий сайдын хувьд хуулийн байгууллагуудаас мэдээлэл авч байсан юм.

Энэ асуудал юунаас болж дэвэрсэн бэ гэхээр 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай багц хуулийг баталсан. Шүүх гэдэг байгууллагыг бие даасан, хараат бус байдалтай болгохгүйгээр шударга ёс тогтохгүй юм байна гэдгийг бид олж харсан. Иймд сүүлийн хоёр жил Шүүхийн тухай хуулийг баталсан. Эндээс улс төрийн үйл ажиллагаа эхэлсэн. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байдаг шүүгчийг томилдог эрх мэдлийг шүүхийн байгууллагад нь өгч, хязгаарласан тул улс төр, нэн ялангуяа У.Хүрэлсүхийг унагаах ёстой юм байна, энэ Засгийн газрыг унагаах ёстой гэдэг улс төрийн үйл ажиллагаа эхэлсэн.

Эндээс харахад Засгийн газар ажил явуулахад хүндрэлтэй болж эхэлсэн. Улс төрийн тогтворгүй байдал үүсч, талбайд жагсаал болж цаанаас нь турхирах юм байна. Үүнээс болоод нийгмийн томоохон тэмцэл бий болох вий гэж үзсэн. Хэдэн сайдуудаа огцруулаад, өөрөө албан тушаал дээрээ үлгэн салган ажиллаад явах боломж байсан. Би үүнийг сонгоогүй. Үүний оронд би одоо эр зориг гаргаад, бүх галыг өөртөө аваад, цэрэг хүн шиг хариуцлагаа үүрээд, огцроод маш яаралтай шинэ Засгийн газрыг байгуулаад, цар тахалтай тэмцэх ажил руу оруулсан. Иймээс Ерөнхий сайд кабинетаа золиосонд гаргахаас өөр арга байгаагүй” гэв.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button