Хайр, гэр бүл

Түүнд жинхэнээсээ хайртай эсэхээ мэдэхэд чинь туслах 3 асуулт

Гайхалтай учралаар хайраа олж, нисэх шахам л дүүлж яваа найз минь наашаа суугаарай. Магадгүй одоо хайрандаа “согтоод” өөр бусдыг анзаарах сөхөөгүй байж мэдэх ч амьдралдаа ганц тохиох томоохон шийдвэрийн өмнө чи доор бичсэн зүйлийг заавал бодож үзэх хэрэгтэй. Энэ бол чи түүнийг жинхнээсээ хайрлаж байна уу эсвэл алдахаас хайран, шохоорхлын дэргэд зогсчихоод хөдөлж чадахгүй байна уу гэдгийг ялгаж өгч чадах 3 хүчтэй асуулт юм. Өөрөөсөө асуугаад үнэнээр нь хариулаарай:

Доорх асуултад чин сэтгэлээсээ, ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр тийм гэж харилж байвал найз минь чамд баяр хүргэе. Чи түүнийг зөв тийш нь жолоодох сайн гэргий, ухаалаг хань болж чадах юм байна.

Аливааг түүний ая тухад л нийцүүлэхийн төлөө биш харилцааныхаа болоод түүний ирээдүйн сайн сайхны төлөө тунгаан бодоод шийдэж чадах уу?

Жишээ нь тэр цаг зав багатай ажил хийдэг гэж бодъё л доо. Тиймээс хэд хоногийн өмнөөс орой хамт хооллож, болзоонд явахаар тохирсон атал тэр амжихгүй болсон гэдгээ чамд дуулгалаа.

Хэврэг харилцаа: Энэ үед чи түүнд гомдсон ч юм хэлж чадалгүй, дотроо шаналах бол энэ нь та хоёрын харилцаа тийм ч эрүүл биш байгааг илтгэнэ. Нэгдүгээрт чи түүнд гомдоллохоос зайлсхийдэг, хоёрдугаарт түүнд итгэхгүй, харилцааныхаа үнэ цэнийн тухай биш зөвхөн түүний тэр үйлдлийн л тухай бодож өөрийгөө шаналгаж байна гэсэн үг. Сэтгэл дотроо юу мэдрэгдэж байгааг үнэнээр нь гаргаж хэлж чадахгүй, хэлснээр муудалцаж магадгүй гэдгээс айна гэдэг эрүүл биш харилцааны хэлбэр юм.

Бат бөх харилцаа: Түүнийхээ ажилд амжилт хүсээд, болзооны өртэй болсон гэдгийг нь заавал сануулаад утсаа тасална. Учир нь чиний цаг ч гэсэн үнэ цэнэтэй шүү дээ. Гэхдээ тэр орой чи гэртээ уйтгарлаж, түүнийг юу хийж байгаа талаар хувилбар дэвшүүлэн дэмий суухгүй. Ваннандаа халуун ус дүүргэж орох, сайхан ном унших, кино үзэх зэргээр өөрийнхөө хийдэг зүйлийг л хийж сэтгэлээр огт унахгүй байх болно. Иймэрхүү жижиг асуудлыг зүгээр өнгөрөөх тэвчээр, хайр хоёр чиний сэтгэлд бий. Бас тэр ажилтай гэж хэлсэн л бол ажилтай гэсэн үг мөн гэдгийг чи мэднэ.

Хайр дурлалтайгаа учирна гэдэг мэдээж хэрэг сайхан зүйл. Гэхдээ үүнийг дагаад өөр хэн нэгний хүсэл сонирхол нь чинийх болж хувирна. Энэ үед хайртыгаа хэнээс ч илүү аз жаргалтай байгаасай гэж хүсэх ба энэ нь буруу талаараа даамжирвал чи гэдэг хүн бага багаар алга болж нөгөө хүнийхээр л явдаг болно гэсэн үг. Сайнаар бодоод үзвэл дэргэд чинь байгаа хүн чамд үнэн сэтгэлээсээ хайртай бол чамайг чи биш болохыг хүсэхгүй. Харин муугаар бодвол чамаас улам бүр залхаж, гомдоож, шархлуулах болно. Хэрвээ чи өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлтэй бол нөгөө хүнийхээ сэтгэлд нийцүүлэх гэж өөрийгөө гээх хэрэг огт гарахгүй. Тэгэхээр эхлээд өөрийнхөө энэ амьдралаас юу хүсдэг, хэн байх ёстойгоо, үнэ цэнэ чинь юу вэ гэдгийг сайтар бодож үзэн өөрөө өөрийгөө олох хэрэгтэй шүү.

Түүнтэй хамт байснаар байж болох хамгийн муу амьдралаар амьдрах хэрэгтэй болвол чи яах вэ?

Жишээ нь тэр өмнөх найз залууг чинь бодвол гүйлгээ ухаан муутай, хэтэрхий шударга, үнэнч зантай. Адилхан албан тушаал дээр байсан хамртан ажиллагч залуу нь дарга, захирлуудтай найз нөхөр болж, урдуур хойгуур нь гүйж байгаад тушаал дэвшээд авчээ.

Хэврэг харилцаа: Түүний арчаагүй, сүйхээгүйг гайхаж хамтран ажиллагчтай нь харьцуулан түүнтэй дайсагнахад хүргэнэ. Гэр бүл зохиож амьдрал эхлүүлэх гэж байж тушаал дэвшиж, өсөж дэвжье гэсэн бодолгүй байна гээд цаашид амьдралаа даатгах эсэхтээ эргэлзэнэ. Хэрвээ тийм бол чамд хайр биш амьдралын баталгаа л чухал бололтой.

Бат бөх харилцаа: Тийм зүйл болсон талаар болж өгвөл ярихгүй. Харин илүү ихээр түүнийгээ магтаж, урамшуулна. Учир нь чи хайртыгаа бусадтай өөрийгөө харьцуулж сэтгэлээр унан, өөрийгөө голоосой гэж огт хүсэхгүй. Буруу замаар будаа тээсэн хүнтэй хайртыгаа харьцуулж буруутгах нь авилга, хээл хахууль өгөөд ч хамаагүй тушаал дэвш гэж буруу зам руу чиглүүлж байгаа хэрэг гэдгийг чи мэдэж байгаа.

Хэн ч байсан өөрийнхөө юу хийж болох, юу хийж болохгүйгээ хүчээр заалгаад байхыг хүсэхгүй шүү дээ. Хайртай хүнээрээ ч байсан ялгаагүй. Одоогийнхоосоо илүү санаачлагатай, сэргэлэн, романтик бай гэж шахаж шаардаад байвал тэр нь болзолгүй жинхэнэ хайр биш болно. Харин ч хайртай хүн нь илүү ихээр эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө, урам зоригтой байхад нь туслах нь зөв. Чиний муу гэж боддог зүйл бүхэн 100% буруу муу, чиний сайн гэж боддог бүхэн сайн байна гэсэн үг биш гэдгийг санаарай.

Чи түүнийхээ төлөө юу хийж чадах вэ?

Тэр одоо сайн ажил, байр, машин, өсөж дэвших амбиц гээд ирээдүйдээ гялалзах нь тодорхой залуу. Гэвч хэнд ч юу ч тохиолдож болдог хорвоо шүү дээ. Магадгүй нэг өдөр тэр ажил хийж чадахааргүй болвол чи яах вэ?

Хэврэг харилцаа: Одоо түүнд байгаа бүхнийг огт байхгүй, юу ч үгүй болох юм бол эхнэр нь гэж хамт амьдрах хэрэг алга. Нэг бол илүү сайн амьдруулж чадах өөр эрийг хайна эсвэл ганцаараа амьдарч өөрөө өөрийгөө авч явахаар шийднэ. Өөрийгөө яая гэж байж өөр нэгнийг тэжээх чадал надад алга. Тэр чиний хайртай хүн биш хэн хэндээ туслаад харилцан эвтэй амьдардаг хамтран амьдрагч л бололтой.

Бат бөх харилцаа: Би түүндээ хайртай. Түүнгүйгээр итгэл найдвар, мөрөөдөл зорилго гэж үгүй. Бүхнийг би хамтдаа төсөөлж, хамтдаа бий болгохыг хүсэж байна. Бидэнд юу ч тохиолдоо гэсэн хамтдаа л байвал бүхнийг шинээр эхэлж чадна гэдэгт бат итгэлтэй байна.

Жинхэнэ хайр дурлалтай учирсан үед чинь чамд юутай ч зүйрлэшгүй баяр хөөр, аз жаргал, догдлолоос гадна сэтгэл өвдөлт, үл ойлголцол гээд олон зүйл тохиолдоно. Тэр болгонд нь харилцаа ямар ч байсан хамаагүй түүнийгээ гэсэн байр суурин дээрээ бат зогсоно гэж өөртөө амлаж чадах уу? Харилцааны хамгийн чухал зүйл нь “Чи түүнд юу өгнө, яг тэрийгээ эсвэл түүнээс их болгоод эргүүлж авна ” гэсэн зарчмаар явдаг гэдгийг санах хэрэгтэй. Чи түүнд ямар ч болзолгүйгээр хайр, халамж, сэтгэл зүрхээ өгвөл эргүүлээд тэрнээс ихийг чи авах болно. Тиймээс өөрийнхөө хүслийг гээгээд ч хамаагүй түүний дэргэд байна гэдэгтээ чи итгэлтэй байгаа эсэхээ бодож үзээрэй.

Хэрвээ чи бүгдэд нь тийм гэж хариулсан бол юунд ч битгий санаа зов. Одоогийн нөхцөл байдал ямар ч байж болох бөгөөд бүгдийг сайн сайхан болгох хүч чадал та хоёрын хайранд бий гэдэгт итгээрэй. Жинхэнэ хайран дээр тогтсон амьдрал л хамгийн жаргалтай, хамгийн нандин нь байдаг.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button