Эрүүл мэнд

Нэг сорилоор 10 төрлийн харшлыг үнэгүй тогтоож байна

Нийслэлийн хэмжээнд хөл хориог сулруулж, дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор “Арьсны өвчин суд­лалын үндэсний төв”-ийн ачаалал нэмэгджээ. Тоосжилт, шарилж, агаарын бохирдол зэрэг улирал болоод байгаль орчинтой холбоотойгоор харшлын асуудал жил бүр яригддаг. Бид энэ удаа Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Б.Батцэцэгээс тус төвийн ачаалал, арьсны өвчлөлийг хэрхэн оношлох, харшлын эсрэг дархлаажуулалт хийгдэж байгаа эсэхийг тодрууллаа.

-Арьсны өвчин судлалын үндэсний төв” бол улсын хэмжээнд байдаг төрөлжсөн ганц төв. Ачаалал хэр байна вэ?

-Хөл хорио тавигдсанаас хойш үйлчлүүлэгчийн тоо өмнөх үеийнхээс 50 гаруй хувь нэмэгдсэн. Үзлэгийн дугаар авах хүсэлтэй иргэд урьдчилсан захиалга 2-3 хоногийн өмнө хийж байгаа. Манай эмнэлэг өдөрт 350-400 хүнд, оргил үедээ 600 гаруй хүнд үйлчилдэг. Одоогийн байдлаар өдөрт 400 орчим хүн үйлчлүүлж байна. Тавдугаар сарын 21-н хүртэл цаг дүүрсэн. Амбулаторийн үзлэг нийт үзлэгийн 90 орчим хувийг эзэлж байна. Хөдөө орон нутгаас ирэх иргэд үүний тодорхой хувийг эзэлдэг байсан ч энэ жил хөл хориотой холбоотойгоор зөвхөн нийслэлийн иргэдэд үйлчилж байгаа. Цар тахлын үед аль болох онлайнаар ажиллах зохицуулалт хийж байгаа ч нэг тасгаа суллаж арьсны өвчтэй Covid-19 хавсарсан оноштой хүмүүсийг хэвтэн эмчлүүлж байгаа. Нийт 40 ор бэлдсэн байгаагаас одоогоор тус тасагт 15 хүн эмчлүүлж байна.

-Харшлын үе эхэллээ. Иргэдэд харшлын сорил тавиулах нь үр дүнтэй байдаг эсэх талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Арьсны өвчин дотор харшлын гаралт өвчлөл гэж бий. Хүмүүс харшил гэж ярьдаг ч арьсны өвчин л Монгол Улсад ихэсч байна. Статистик мэдээлэлд ч харшил гэж хамаатуулан ерөнхий нэршлийг ашиглахгүй, зөвхөн харшлын өвчлөл ихсээд байгааг харуулдаг. Бодит байдал дээр харшил бол тийм ч их биш. Дэлхий дахинд арьсны 3000 гаруй өвчлөл бий. Хүмүүсийн хувьд зонхилон тохиолдож байгаа цөөн хэдэн тохиолдлыг харшил ихэсч байна гэж ойлгодог. Энэ бол ташаа ойлголт шүү дээ. Харшил гэж өөрөө оношлоод дур мэдэн эмчилгээ хийж өвчлөлийн шинж тэмдгийг түр хугацаанд арилгаж байгаагаа хүмүүс тоодоггүй. Ингэснээр бүрэн эмчлэгдэх боломжтой өвчнийг архаг хэлбэр рүү шилжүүлэх нь харамсалтай санагддаг. Мэдээж харшлах шинж тэмдэг илэрч байвал иргэдийн хувьд харшлын зовуур нь эхлэхээс өмнө үзлэгт орж сорил тавиулснаар ямар төрлийн харшилтай вэ гэдгээ тодорхойлуулж, өөрт тохирсон зөв эмчилгээгээ эхлүүлэх боломжтой. Харшлын тодорхой үе шатнаас хамаарч зөв эмчилгээг хийх ёстой. Аль болох сэргийлэх буюу биед харшил төрүүлэгчийг оруулахгүй байх нь хамгийн чухал. Нэгэнт үүссэн байгаа бол эмчилгээг дур мэдэн хийхээс татгалзахыг иргэдэд зөвлөж байна. Харшлыг буруу эмчлэх, эмчилгээг дутуу орхисон тохиолдолд цаашид тухайн хүний биед харшламтгай байдал бий болдог.

-Харшлын сорил шинжилгээг хэрхэн хийдэг вэ?

-Арьсны өвчин судлалын үндэсний төв нь харшлын сорил шинжилгээг хоёр төрлийн аргаар хийдэг. Үүний нэг нь Эрүүл мэндийн даатгалаар хийх арьс хатгах сорил шинжилгээ юм. Тус сорилоор нэг удаадаа 10 төрлийн харшлыг тогтоох боломжтой. Тухайлбал, амьсгалын замын харшил төрүүлэгчид буюу ургамлын тоос амьтны үс ноос, мөн хоол хүнсний харшлыг тогтооно. Тус сорилыг гарын шуун дээр хийдэг бөгөөд хэд хэдэн хориглох заалттай. Харин хоёр дахь сорил нь төлбөртэй хийгддэг хүнсний амьсгалын холимог панель гэсэн гурван төрлийн цусанд харшил төрүүлэгч тогтоох шинжилгээ. Энэ шинжилгээний хувьд ямар нэгэн эсрэг заалт байхгүй учир хэн ч өгч болно. Хүнсний панел шинжилгээгээр хамгийн түгээмэл харшил төрүүлэгч 20 төрлийн хүнсний харшлыг тогтоох боломжтой байдаг. Хүмүүс ихэвчлэн сорил шинжилгээ өгөөд л өөрийнх нь бүх харшил тодорхой болно гэж боддог нь буруу ойлголт юм.

-Харшлын эсрэг вакцин хийлгэх гэж байгаа хүн юун дээр анхаарах нь зөв бэ. Тус вакцин нь хэдий хугацаанд дархлаа тогтоодог вэ?

-Арьсны өвчин судлалын үндэсний төв дөрөвдүгээр сараас эхлэн угтуулах эмчилгээг хийж эхэлсэн ч Covid-19 дархлаажуулалттай холбоотойгоор төлөвлөгөөний дагуу бүрэн хамруулалт хийж чадаагүй байна. Одоогоор харшлын дархлаажуулалтын ажил 60-70 хувийн явцтай байна. Харшлын вакцин нэг улирлын хугацаатай үйлчилгээтэй нь 70 мянган төгрөг байдаг. Иргэд бүртгэлээ хийлгэж, сорил тавьж, оношоо тогтоолгоод, ургамлын харшилтай нь батлагдвал вакцин хийлгэж болно. Сорилын хариу 10-15 минутын дотор л гардаг. Вакцин хийлгэсэн эхний жилүүдэд маш хөнгөн хэлбэртэй байдаг бол гурван жил дараалан вакцин хийлгэснээр дархлаа тогтдог гэж үздэг. Тиймээс нэг удаа вакцин хийлгэснээр бүрэн эдгэрнэ гэсэн үг биш.

-Хүмүүст арьсны өвчлөл болоод харшлын талаар мэдээллийг хэрхэн өгч ажиллаж байгаа вэ?

-Харшлын талаар ойлголттой болох тал дээр иргэд хангалттай мэдээлэлтэй байж чадахгүй байна. Монгол оронд сүүлийн жилүүдэд цөлжилт нэмэгдэж байна. Тиймээс ургамлын гаралтай харшлаас сэргийлэхийн тулд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Тодорхой бүсэд цэцэрлэгжүүлэлт хийх зэрэгт анхаарах шаардлагатай байна. Иргэдийн дунд харшлын үе эхлэхээр сорил тавиулдаг гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг учраас эмчилгээгээ оройтуулах, хугацаа алдах тохиолдол их гардаг. Тиймээс албан ёсны эх сурвалжаас нь тогтмол мэдээлэл, зөвлөгөөг авч байхыг зөвлөж байна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button