Манайх 8 жилийн өмнө орон сууцанд амьдардаг байсан ба анх нэг ч модгүй хоосон хашаа байхад нь байшингаа барьж, мод тарьж, зүлэгжүүлж эхэлсэн.
Манайх найман жилийн өмнө орон сууцны айл байлаа. Ер нь насаараа л орон сууцанд амьдарсан. Бэлхийн ийшээ жижигхэн оймсны үйлдвэртэй болохоор ажилдаа ойртохын тулд анх ийшээ нүүсэн. Анх нэг ч модгүй хоосон хашаа байхад нь байшингаа барьж, мод тарьж, зүлэгжүүлж эхэлсэн. 0,7 га учраас сайн төлөвлөж байж тарьснаас хойш одоо хориод төрлийн 200 гаруй мод, бут ургаж байна.
1995 онд Германд байхдаа айлуудын зүлэг ногоог нь янзалж, тэгшилдэг ажил хийдэг байсан. Тэр туршлага дээрээ үндэслээд Монголдоо ч гэсэн ингэж амьдрах боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Гэр хорооллын хөрс үржил шим муутайдаа биш гол нь арчилгаа л чухал байдаг.
Манайх зүлгээ сард хоёроос гурван удаа тайрдаг. Тэгж байж гоё ургана. Мод ч гэсэн тайрч янзлаад арчлахад ургаад л байдаг. Модноос гадна огурци, байцаа, хаш, амтат чинжүү зэрэг нарийн ногоо тарьдаг. Монос, үхрийн нүд, нохойн хошуу, улаалзгана, бөөрөлзгөнө, үрэл гээд жимсний моднууд ч бий. Мандарваа булцуулт шар цэцэг гээд цэцэг ч мөн тарьдаг. Хавар болохоор цэцэглээд л их гоё шүү дээ.
Заавал талбай, цэцэрлэгт хүрээлэн орохгүйгээр хашаандаа ч гэсэн усан оргилууртай байж болно гэж бодсоных. Энд олон шувуу, амьтад цуглахаас гадна дууг нь сонсоод суухад л их тайвширч амардаг.
Өвөл болохоор энэ гацуураа чимэглээд, цасан өвгөн хийчихнэ. Ер нь ингэж хашаандаа амьдрах чинь л эрх чөлөө шүү дээ. Заавал лагерь гараад байх ч шаардлага байхгүй. Хорооллыг зөв өнцгөөс нь харвал түгжрэл бага, зогсоолын асуудал байхгүй. Ажилдаа ирж очихдоо таван минут л зарцуулдаг. Орой ажлаасаа ирэхэд ийм сайхан ногоон хашаа угтана. Хүн ажлаасаа ирээд л ядардаг бол зүлэг ногоогоо
тэгшилж услахад л амралт болдог. Заавал орон сууцанд амьдрах биш хашаандаа сайхан амьдарч байгаа олон айл байна. Ер нь хүн хичээвэл байгаа байгаа газартаа сайхан амьдарч болно шүү дээ.
Сүхбаатар дүүргийн 18-р хорооны оршин суугч
Ч. Төгсбаатар