Энтертейнмент

Нэтфликс “Squid Game” цувралаасаа утасны дугаартай дүрсийг хасахаар болжээ

Сүүлийн үед дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж буй Өмнөд Солонгосын “Squid Game” цувралд гар утасны бодитой дугаар гардаг нь сүүлд тодорхой болсон юм.

Цувралын гол дүрийн жүжигчинд нэгэн нууцлаг эрхэм амь насаараа дэнчин тавьж, өндөр шагналтай тоглоомд оролцох санал тавихдаа нэрийн хуудсаа өгдөг бөгөөд уг нэрийн хуудсан дээр гар утасны дугаар дүрслэгддэг.

Гэтэл “Squid Game” цувралыг Нэтфликс сүлжээгээр цацагдаж эхэлсний дараа уг дугаарын эзэн болох Өмнөд Солонгосын бизнесмэний гар утас асар олон тооны дуудлага, мессэжинд дарагдах болсон байна.

Тиймээс уг асуудлыг шийдэхийн тулд Нэтфликс компани болон цувралыг бүтээсэн Siren Pictures студи гар утасны дугаартай дүрсийг хасах болсноо өчигдөр мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн нэг нэр дэвшигч уг дугаарыг 100 сая воноор ($84,023) худалдаж авах санал тавьж байв.

Гэвч олон хүнд тарж, бизнесийнх нь гол хэрэгсэл болсон гар утасны дугаараа солих хүсэлгүйгээ эзэн нь мэдэгдэж байжээ.

Зарим эх сурвалж цувралыг бүтээгчид дугаарын эзний хохирлыг барагдуулах мөнгө санал болгосон гэсэн мэдээлэл цацаж байв. Гэхдээ Нэтфликс болон Siren Pictures өчигдөр энэ талаар сэтгүүлчийн асуултад хариулахаас татгалзсан байна.

Өмнөд Солонгосын хуулиар утасны дугаарыг үндэсний хязгаарлагдмал нөөц гэж үзээд хүмүүс хоорондоо наймаалцахыг хориглодог гэнэ. Харин киноны уран бүтээлд ашиглах ашиглалтанд байдаггүй дугаарыг тус улсын соёлын яамны дэргэдэх Солонгосын Киноны Зөвлөлөөс олгодог байна.

Гэхдээ уран сайхны кино болон телевизийн цуврал бүтээгчид ийм дугаар авах эрхтэй байдаг бол Нэтфликс зэрэг стриминг үйлчилгээний компаниудад өгөх журам одоогоор байхгүй байгаа ажээ.

Тиймээс “Squid Game”-ийн уран бүтээлчид дэлгэцэнд харуулахдаа санамсаргүй сонгосон дугаарынхаа сүүлийн найман орныг ашиглахаар шийдсэн байна. Гэтэл бодит амьдрал дээр уг дутуу дугаарт залгахад орон нутгийн код урд нь автоматаар нөхөгдөөд бодитой хүний дугаар болж хувирсан нь тэдний санамсаргүй алдаа болсныг тайлбарлажээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button