Зөвөлгөө

ХАВРЫН CИHДPOM, HOЙPГVЙДЛИЙГ НАРНЫ ГЭРЭЛ ХАМГИЙН САЙН ЭМЧИЛДЭГ

Хаврын синдромын талаар УНТЭ-ийн Мэдрэлийн тасгийн мэдрэлийн эмч Ц.Түмэндэмбэрэл ийнхүү ярив. Тэрбээр “Улиралд нөлөөт эмгэг гэж байдаг. Энэ эмгэг нь дан ганц хаврын улиралд илэрдэггүй бүх улиралд хүний сэтгэцэд өөрчлөлт ордог.

Улиралд нөлөөт эмгэгийн нэг хэсэг нь хаврын синдром юм. Яагаад хаврын улиралд синдром илүү илэрдэг вэ гэхээр нэгдүгээрт энэ улиралд нарны гэрэл илүү их тусдаг.  Хоёрдугаарт цаг агаар харьцангуй дулаарч гэрлийн нөлөөнөөс болж хүний бие организмд тодорхой нөлөөллийг бий болгодог.

Хүний биед биологийн цаг буюу био хэмнэл гэж байдаг. Био хэмнэл нь гадаад орчин өөрчлөгдөх бүрт бие өөрөө өөрийгөө түүнд зохицуулж явдаг. Энэ биологийн хэмнэл, цагийн зохицуулга алдагдсантай холбоотойгоор улирал бүр харилцан адилгүй илэрдэг.

Хаврын синдром нь гуравдугаар сард илүү их мэдрэгддэг. Улиралд нөлөөт эмгэгийн гол шинж бол сэтгэцийн үйл ажиллагаанд маш их нөлөө үзүүлдэг. Сэтгэцийн үйл ажиллагаанд өөрчлөлт үзүүлж байгаа нь хүний дотоод шүүрлийн үйл ажиллагааг зохицуулдаг гипоталамус, боргоцойт булчирхайтай холбоотой.

Өвлийн улиралд шөнө урт, өдөр богиносдогтой холбоотойгоор хүний биед мелатонин гэх гормон их ялгарч, серотонин буюу баяр баяслын гормоны хэмжээ багасчихдаг. Хавар болох үед багассан байсан серотонин ихсэж тодорхой түвшинд очих үед хүний сэтгэл зүйн өөрчлөлт ихээр илэрдэг.

-Хаврын синдромын шинж тэмдэг яаж илэрдэг вэ: -Шинж тэмдгийн хувьд хүн их ядарна, өдрийн цагаар нойр хүрэх, хоолонд дургүй болох, бэлгийн дуршилгүй болох, уур уцаартай болж эхэлнэ. Энэ нь цаашлаад хүндэрч сэтгэл гутралын хэлбэрээр илэрдэг.Сэтгэцийн өөрчлөлттэй болж байгаагийн хамгийн анхны шинж тэмдэг бол нойрны хямрал.

Нойрны хямрал нь цаашлаад хүнийг уур уцаартай болгож, орчин тойрондоо дургүй болж, ядарч сульдана. Ийм учраас хүн нойрны маш сайн зохицуулалттай байх хэрэгтэй. Шөнийн цагаар авч чадаагүй нойрыг өдрийн цагаар хэдэн цаг унтаад ч авч чаддаггүй учир тогтсон цагт унтаж сурах шаардлагатай.

-Сүүлийн үед хаврын синдромоор өвчлөх хүний тоо ихэссэн үү: -Улирлын өөрчлөлтөөс гадна сүүлийн үед цар тахалтай холбоотойгоор хүмүүсийн нойр маш их өөрчлөгдсөн. Урт хугацаанд хөл хорио тогтоосноос үүдэн хүн шөнө унтахаа больсон.

Өвөл ирж үйлчлүүлсэн хүмүүсийн ихэнх нойрны хэмнэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нойргүйдлийн өвчтэй болсон. Ер нь нойргүйдэл нь зөвхөн том хүнд илрэхгүй хүүхэд өвчилдөг учраас гэр бүлээрээ нойргүйдлийн өвчтэй болсон. Мөн удаан хугацаанд идэвхгүй гэртээ байснаар сэтгэл гутарлын эмгэг ихэссэн.

-Хаврын синдромоор аль насныхан илүү өвчлөх магадлалтай вэ: -Хаврын синдром нь эмэгтэйчүүдэд илүү үүсдэг. Энэ нь эмэгтэйчүүдийн гормоны өөрчлөлттэй холбоотойгоор эрчүүдээс илүү эмэгтэй хүнд илүү үүсдэг.

-Хаврын улиралд нойр их хүрэх, ядрах, хоолны дуршил буурах гэх зэрэг асуудал нь хүний ажлын бүтээмжийг буурах нэг шалтгаан болдог. Хэвийн байдалдаа орохын тулд яах ёстой вэ: -Энэ үеэ даван туулахын тулд эм уухаас илүүтэйгээр амьдралын хэв маяг, дадал зуршлаа өөрчлөх ёстой. Тогтсон цагт эрт унтаж сурах хэрэгтэй.

Мөн цонхон дээр нар сайн тусаж байгаа үед нар руу хараад цонхон дээрээ хэсэг суугаарай. Энэ нарны туяа эмчилгээ нь хаврын синдромыг эмчилдэг гол эмчилгээ болдог. Өдрийн цагаар тодорхой хугацаанд гадуур алхаж

нарны гэрлийг өөртөө шингээх хэрэгтэй. Гэрлийг өөртөө шингээснээр толгой дотор явагдаж байгаа био химийн урвал тэнцвэрждэг. Харин бүр хүнд эмчилгээ шаардлагатай болсон хүмүүс эмнэлэгт эмчлүүлж, эм уух хэрэгтэй. Эх сурвалж: АйяТойм.МН

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button