Хайр, гэр бүл

Алдартай зургийн эзнийг 11 жилийн дараа олж, амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөнийг мэджээ

Дүүрэн ачаатай том шуудай үүрч, нэг гартаа хүүхдээ тэвэрч, нөгөө гартаа цүнх барьсан эмэгтэйн зураг 2010 онд Хятад даяар цацагдаж, ядуурлын эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг болжээ. Гэрэл зурагчин, сэтгүүлч Жоу Кэ энэ зургийг 2010 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Зянси мужийн Нанчангийн төмөр замын буудал явж байхдаа даржээ. Тухайн үед Хаврын баяр болж байсан тул олон сая хүн хамаатан садан, эцэг эхийндээ зочлохоор хот, хөдөөг зорьж, хөл хөдөлгөөн ихтэй байсан аж. Жоу Кэ зургийн эзнийг олохоор олон жил хайсан боловч саяхныг хүртэл үр дүнд хүрч чадаагүй байна.

Харин өнгөрсөн сард тэр хайж байсан хүнээ олжээ. Түүнийг Баму Юбүмү гэдэг бөгөөд өдгөө 32 настай, Сичуань мужийн Юэкси тойрогт аж төрдөг гэнэ. Баму Нанчан дахь тоосгоны үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд төрөлх Юэкси тойрогтоо очихоор явах замдаа ийнхүү гэрэл зургийн хальсанд буужээ. “Тухайн үед би сард 500-600 юань (77-93 ам.доллар) олдог байлаа. Гэртээ тариа тарихаас хамаагүй дээр байсан” гэж Синьхуа агентлагт ярьжээ. Тэр тосгоны бусад эмэгтэйчүүдийн нэгэн адил боловсрол эзэмшиж чадаагүй тул нэг газраас нөгөө рүү цагаачилж, ажил олдох боломжтой газар үлдэж, амьдралаа залгуулдаг байжээ. Харин түүний тэвэрч байсан хүүхэд 2009 онд төрсөн бөгөөд Бамуг Нанчан дахь тоосгоны үйлдвэрээс эргэж ирснээс хойш таван сарын дараа тэнгэрийн оронд заларчээ.

Энэ явдлаас хойш хэдэн жилийн дараа Хятадын засгийн газар ядуурлыг бууруулах томоохон ажлыг эхлүүлсний үр дүнд Баму нөхрийнхөө хамт тамхины ургамал тариалах болжээ. Ургац муу улиралд тэд Фужиан мужийн Сяпу тойргийг зорьж, далайн өргөст хэмхний фермд ажилладаг гэнэ. Өмнө нь тэд эрдэнэ шиш, гурвалжин будаа, төмс тариалаад жилд 6000 юань хүрэхтэй үгүй орлого олдог байсан бол одоо тамхины ургамал, далайн өргөст хэмхний фермд ажиллаад жилд 100 мянган юань (15,400 доллар)-ийн орлого олдог болжээ.

Тэд хадгаламж үүсгэсний үр дүнд Бамугийн гэр бүл шавар байшингаас нүүж, Таоюань тосгонд баригдсан бетонон орон сууцанд нүүн оржээ. “Борооны усанд автахгүй, хүйтэн салхи үлээхгүй тухтай байшинд амьдрах нь миний багын мөрөөдөл байсан” гэж Баму ярьсан байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button