МэдээЦаг үе

С.БУДРАГЧАА: БУДРАГЧАА НАМАЙГ ГҮTГЭСЭH ГЭЭД ХЭЭВНЭГ ИНЭЭГЭЭД СУУЖ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ БОЛЧИХЛОО

Нууц.мн сайтын сэтгүүлч С.Будрагчаа БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийн талаар нэвтрүүлэг хийсэн нь олон хүний анхааралд ороод байна. Түүний нэвтрүүлэгт гарсан ноцтой баримтуудыг өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагынхан шалгаж буй эсэх нь ч тодорхойгүй байгаа

бөгөөд тус сургуулийн сурагчид болон тэдний эцэг эхчүүд Ж.Соронзон захирлаа өмөөрч, сэтгүүлч С.Будрагчаагийн эсрэг тэмцэж эхлээд байна. Өрнөж буй үйл явдалтай холбоотой асуудлаар сэтгүүлч С.Будрагчаа хэвлэлд ийнхүү ярьжээ.

Тэрбээр “Нэвтрүүлэг гарснаас хойш миний хүлээлт өөр байсан. Ийм хөдлөшгүй баримттай нэвтрүүлэг гарсан учраас АТГ тэр хүнийг шууд саатуулан шалгах болов уу гэж бодож байсан. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Нэвтрүүлэг гарсны маргааш, нөгөөдөр нь АТГ-ын олон нийттэй харилцах хэлтэс рүү залгаж асуухад мэдэгдэж байгаа зүйл алга гээд.

Тэгээд арга буюу энэ асуудлаар АТГ-т гомдол өргөдөл гаргаж, хэвлэлийн бага хурал хийж, нотлох баримт 66 хуудас материал, нэвтрүүлгийн бүтэн бичлэгээ АТГ-т өгсөн. Тэр хэвлэлийн бага хурлыг маш олон хэвлэл дамжуулсан учраас дуртай дургүй хэрэг үүсгэсэн юм шиг байгаа юм. Маргааш нь над руу “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байна, таниас гэрчийн мэдүүлэг авна” гэж ярьсан.

Очиход комиссар Энхбаатар гэдэг хүн мэдүүлэг авсан. “Олон багш нар энэ хүнийг шалгаж өгөөч гэж хүсэлт тавьсан. Үүнийг дагуу ороод ажиллахад энэ бүхэн нь баримтаар нотлогдож байна. Тиймээс та бүхнийг үүнийг шалгана гэж найдаж байна.

Уг нь бол та бүхнийг саатуулан шалгах болов уу гэсэн ч тэгээгүй учраас нэмэлт мэдээлэл өгье. Ж.Соронзон гэдэг хүний хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр есөн том хаус байна. Түүний баримтыг өгье. Дөрвөн орон сууцны хаягийг өгье. Түүн дотроо том том бэлэн мөнгөний сэйфтэй гэж эх сурвалжууд хэлж байна. Шалгая гэж бодож байгаа бол бүх хаягийг нь өгье” гэтэл тэр комиссар аваагүй.

Сонин байгаа биз дээ. Уг нь бол АТГ-аас давхиж очоод хүмүүсийн оймсонд хийсэн мөнгийг нь гаргаад ирдэг юм билээ. Гэтэл сэйфтэй мөнгийг нь яагаад гаргаж ирж чадахгүй байна. Тийм хүн хүчгүй болчихсон юм уу. Эсвэл шалгах сонирхолгүй байдаг юм уу мэдэхгүй.

Тиймээс шалгана гэх итгэлгүй болчихсон л доо. Н.Лүндэндоржийн, Ж.Соронзонгийн оролцоо байдаг юм уу. Эсвэл АТГ-ын ажилчид нь барьцаалагдсан байдаг юм уу мэдэхгүй. Ямар ч байсан энэ хэрэг дээр ажиллаж чадахгүй юм байна гэсэн бодол төрсөн.

Над руу гурав, дөрөв хоногийн өмнө дотроос нь мэдээлэл ирсэн. Ж.Соронзон захирал 2019 оноос хойш тус сургуулийн Санхүүгийн асуудлыг нь хариуцаж ажиллаж байгаа олон улсын аудитор залууг сургууль дээр өдөр шөнөгүй байрлуулж байна. Тэр хүн нь түрээсийн гэрээтэй холбоотой зарлагын баримтуудыг сольж хийж байгааг харлаа гэж хэлсэн.

Ингээд би сандарч эхэлсэн. Тэр хүн бүх нотлох баримтаа устгачих юм бол яах юм бэ. Нэн яаралтай шалгаач гээд тэр даруй цагдаа, тагнуул руу залгахад яаралтай дуудлага аваад тус сургууль дээр очсон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас найман хүнтэй бүрэлдэхүүн очиж шалгахад маш их баярлаж байлаа.

Шөнийн 21:10 минут болж байхад лайв хийгээд сургууль руу нь ороход нягтлан, нярав хоёр нь сууж байгаа юм. Юу хийж байгаа юм мэдэхгүй. Түүнээс цагийн өмнө би нотлох баримт устгаж байна гэж пост оруулсан учраас тухайн хүмүсээ нэн даруй зайлуулсан юм шиг байгаа юм. Цагдаагийнхан надад учраа хэлж байна билээ. Энэ асуудлыг харьяаллын дагуу АТГ шалгах ёстой.

Бид гэрчийн мэдүүлэг аваад энэ асуудлыг АТГ-т шилжүүлнэ. Та АТГ-т гомдлоо гаргах ёстой гэсэн. Ингээд АТГ руу залгахад ажлын цаг дууссан гээд авдаггүй юм билээ. Тагнуулаас их идэвхи санаачлагатай ажилласан. Над руу залгаад та наад асуудлаа яаралтай АТГ-т мэдэгд гэсэн. Утас нь холбогдохгүй байна шүү дээ гэтэл надад хэд хэдэн дугаар өгсөн.

Тэр дугаарууд руу залгаж залгаж арайхийж нэг хүн утсаа авсан. Ингээд болсон профцессыг хэлтэл даргадаа танилцуулна гэж хэлээд л таг болчихсон. АТГ ийм байгаа. Цаашдаа яах учраа олохгүй байдалтай л байна. Энэ хүн бүх нотлох баримтаа устгачихаад сүүлд нь С.Будрагчаа намайг гүтгэсэн гээд хээв нэг инээгээд сууж байхыг үгүйсгэхгүй болчихлоо.

Монгол Улсад хууль хүчний байгууллага гэж байдаг бол гэмт хэргийг таслан зогсоох, тэр хүнийг саатуулж, нотлох баримт устгах бололцоог хнь хаах ёстой. Гэтэл хийхгүй байна. Боловсролын сайд болон дэд сайдтай уулзая гэж хоёр ч удаа хэвлэлийн төлөөлөгчөөр нь дамжуулж хүсэлт тавьсан.

Цаг байхгүй гэдэг. Гэтэл Монгол оросын хамтарсан орос гуравдугаар сургуульд хүүхдүүдээ сургадаг 3000 гаруй эцэг эхийн гарын үсэг цуглуулсан, олон сая төгрөг зарлагадсан жагсаал болоход надад олдохгүй байсан боловсролын дэд сайд гүйж очоод авч байгаа юм. Тэр Г.Ганбаяр гэдэг хүн бол Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг хүн.

Ж.Соронзон гэж хүнтэй холбоотой гэсэн үг. Хэрвээ тэр хүн хяналт тавьдаг, ажлаа хангалттай сайн хийдэг байсан бол Ж.Соронзон гэдэг хүн төрсөн дүүтэйгээ гэрээ байгуулаад жил бүр сургуулийн батлагдсан төсвөөс тэрбум тэрбумаар авсан байсныг мэдэх л ёстой байсан. Ямар нэг байдлаар Ж.Соронзонг хамгаалсан байдалтай байгаа нь харагддаг.

Нэгэнт энэ асуудлыг хууль хяналтын байгууллага нь шалгаж байгаа юм бол шийдвэр нь гартал энэ хүнд хариуцлага тооцохгүй, ажиллуулна гэж хэлж байгаа юм. Ноцтой. Хэрвээ хууль хяналтын процесс хүлээвэл шүүх рүү шилжээд, шийдвэр гартал 3-5 жил болох магадлалтай. Энэ олон жил Ж.Соронзон гэж хүн хууль бус ажлаа хийгээд байж байх ёстой юм уу.

Энэ асуудалд Боловсролын дэд сайд нь ирчихээд ийм зүйл яриад зогсож байгаа нь ичгэвтэр асуудал. Ж.Соронзон гэж энэ хүнд хууль үйлчилдэг байсан бол тэр хүн арван жилийн өмнө 55 насандаа тэтгэвэрт гарах ёстой байсан. Гэтэл тэр хүнд хууль үйлчилдэггүй. 65 нас хүрчихсэн байж ажлаа хийгээд, авлигаа аваад сууж байна.

Ард түмэн энэ асуудалд намайг маш их дэмжиж, өдөр тутам утсаар холбогдож мэдээлэл өгч байна Ж.Соронзон акц зохиож эхлэнгүүт надад мэдээлүд ирж байсан. Тэр сургуульд шударга үнэний төлөө гэсэн өчнөөн олон хүн байгаа шүү дээ. Мэдээлэл өгч байгаа хүний хэлж байгаагаар Ж.Соронзон хамгийн ойрын, итгэлтэй, аав ээжүүдийг ашиглаад эцэг эхийн түр зөвлөл байгуулчихлаа.

Тэд хоёр удаа хуралдлаа. Тэд фэйсбүүкээр хурал хийгээд групп нээгээд тэндээ нэгдэж байна. Чиний оруулж байгаа бүх постыг цуглуулж, материалжуулж, чиний эсрэг 3000 гаруй хүнийг турхиран ажиллуулж байна гэсэн. Эцэг эхчүүдийг арай ч ингэнэ гэж бодоогүй. Би нэвтрүүлэг дээрээ багш нарын чадвар, сургалтын чанарын талаар нэг ч үг дуугараагүй.

Зөвхөн захирлын авлигын асуудал хөндсөн байхад эцэг эхчүүд миний хүлээлтээс эсрэг үйлдэл хийсэн. Тэр үйл хэргийг нь манлайлж, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, жүжигчин Навчаа, Шилэн Цогоо, дуучин А.Хишигдалай гэх мэт маш олон хүн оролцож, ёс бусаар хэлж, гүтгэж доромжилсон. Тэр нь хэрээс хэтэрсэн. Д.Мөнх-Эрдэнэ лайв хийж “ална шулна” гэж амь нас руу шууд заналхийлсэн.

Тэгээд Ж.Соронзон захирал нэвтрүүлэг гарахаас өмнө өөрийн ажилтан Нурка гэж хүнээр сүрдүүлж, дарамтлуулсан байсан. Мөн “Буд шантааж” нэртэй фэйсбүүк нээж байгаад “Будрагчаа гомо” гэдэг пост оруулаад, түүнийгээ өөрөө шэйр хийсэн байх жишээтэй.

Тэр нь олон түмний эсэргүүцэлтэй тулаад эхлэнгүүт “Шантаажчин Будрагчаа” гэдэг нэвтрүүлэг хийгээд түүнийгээ ковидын үеийн “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэг цацаж байсан фэйжээр цацаад, асар өндөр төлбөрөөр бүүстлээд дайрсан.

Тэдний ярьдаг зүйл нь Максим Муратов гээд оросын иргэншилтэй, тэр сургуульд 29 гаруй жил хичээлийн эрхлэгчээр ажилласан хүнээс 20 сая төгрөг авч нэвтрүүлэг хийсэн гээд байгаа юм. Би нэг ч төгрөг аваагүй учраас баавартай байна. Тиймээс би зөвхөн Ж.Соронзон гэдэг хүний эсрэг нэр төрөө сэргээлгэхээр иргэний хэргийн шүүхэд хүсэлтээ өгөөд явж байна.

Нэвтрүүлэг хийхэд маш их зардал гардаг. Хүмүүсээ цалинжуулна. Мөнгөгүй болчихоод нэгдүгээр сарын 07-ны өдөр лайв хийсэн. Нэвтрүүлэг хийх гэтэл мөнгөний гачаалд орчихлоо. Та бүхэн дэмжээч. Анх удаа олон нийтийн санхүүжилтээр, олон нийтийн эрх ашгийг хөндсөн хараат бус нэвтрүүлэг хиймээр байна гэхэд үзэгчид мөнгө хийж эхэлсэн.

Надад нийт 71 хүнээс 3.9 сая төгрөг цугласан. Тэр мөнгөөр би нэвтрүүлгээ хийсэн. Орсон гарсан зарлагын баримтууд надад бүгд бий учраас би нэр цэвэр. Монголд шинэ үзэгдэл болохоос дэлхийд тогтсон үзэгдэл болсон.

БНСУ-ын нэг агентлаг олон нийтийн санхүүжилтээр авлигачдын эсрэг супер нэвтрүүлгүүд байнга хийдэг. 60-70 хүнтэй нүсэр бүрэлдэхүүн ажилладаг. Тиймээс түүний эхлэлийг Монголдоо тавьж, дээрээ эзэнгүй, улс төрчгүй, бизнесийн бүлэглэлээс ангид байхаар ажиллаж эхэлсэн маань энэ.

Сүхбаатар дүүүгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатарын төрсөн хүү нь хар тамхи дамлан худалдаж байхдаа баригдчихаад ял шийтгэлгүй үлдсэн талаар нэвтрүүлэг хийж байлаа. ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг өөрийн эзэмшдэг зочид буудлын доор тусгай зөвшөөрөлгүй, хуул бусаар тайчих үзүүлбэр бүхий клуб ажиллуулаад, охидын бие үнэлүүлж мөнгө олж байгаа асуудлыг хөндөж байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийллийг дэлгэсэн нэвтрүүлэг, Монголын хөл бөмбөгийн холбооны бэлгийн хүчирхийлэл гээд дөрвөн цуврал хийж байлаа. Тэр хүн арван жилийн хугацаанд хөл бөмбөгийн стадион руу орож чадахгүй байхаар арга хэмжээ тооцуулсан.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт яллах дүгнэлт үйлдээд, хэрэг нь прокурорт л гацчихсан байгаа болохоос 72 гэрчээс мэдүүлэг аваад хөдөлбөргүй тогтоочихсон хэрэг шүү дээ. ХЭҮК-ын П.Оюунчимэг ичихгүйгээр улирч, Эрүү шүүлтийн асуудал хариуцсан гишүүнээр томилогдох гэж байсан ч энэ асуудлаасаа болж орж чадаагүй явсан шүү дээ. Гэх мэт.

Гэхдээ Ж.Соронзон шиг ийм хорон, хүчтэй эсэргүүцэл үзүүлж, дайрч давшилж байгаа тохиолдлыг анх удаа харлаа. Өмнө нь зөвхөн Ц.Анандбазар, П.Оюунчимэг, хөл бөмбөгийн холбооныхон эсэргүүцдэг байсан бол өнөөдөр 6000 хүн миний эсрэг дайрч байна. Гэхдээ тэр 6000 хүний эсрэг намайг хамгаалж байгаа Монголын ард түмэн маш олон байгаа.

Над руу байнга утасдаж, таарахаараа дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Дараагийнхаа нэвтрүүлэгт ашиглаарай гээд хандивын данс руу минь мөнгө хийж байна. Тиймээс би маш их урам зориг авч, тэжээгдэж байна. Нэг Ерөнхий боловсролын сургуулийн захирлын өмнө нугараад хугараад унах юм бол юу болох юм бэ.

Монгол Улс авлигатай тэмцэх урам зориг байгаа юм уу үгүй юм уу гэдэг нь энэ кэйсээс шалтгаална. Ж.Соронзон гэж хүн улсад учруулсан хохирлоо нөхөн төлөх ёстой. Хуульд заасан ял шийтгэлээ авах ёстой. Санхүүгийн баримт хуурамчаар үйлдэж, төрсөн дүүгийнхээ өмнөөс хуурамч гарын үсэг зурсныхаа төлөө 8 жилийн ял,

түрээсийн гэрээг зах зээлийн ханшаас 3-5 дахин өндөр үнээр байгуулсныхаа төлөө гурван жилийн ял, санхүүгийн баримтыг утсгасныхаа төлөө 5 жил, нийтдээ 16 жил суух хэмжээний гэмт үйлдлийг бүлэглэж хийсэн л байгаа юм. Хамаатан саднаа шат шатандаа байршуулчихсан. Нэг ёсондоо ах дүү нараараа нийлж цөлмөж байгаа байхгүй юу.

Уг нь АТГ бүгдийг нь баривчилж аваачаад шалгахад мөн ч их юм гарна даа. Монголын ард түмэн тэнэг биш шүү дээ. Ийм ил тод хэрэг дээр явуургүй үйл ажиллагаа явуулах юм бол ард түмэн жагсах байлгүй дээ гэж горьдож байгаа. Асуудал их л эвгүй болох байх.

Миний хувьд хийж чадах үндсэн үүрэг маань зөвхөн үнэнийг баримтаар дэлгэх. Цаашид шат дараатай баримтуудаа дэлгэнэ. Хууль хяналтын байгууллага нь ажиллаж чадвал тэр. Чадахгүй бол ард түмэн асуудлыг шийдэх байлгүй дээ. Миний чадал тэр л юм чинь.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button