Я.ЭРДЭНЭ-ОЧИР: ХООЛ ЦАЙГ ХАЛУУНААР УУЖ, ИДЭХ НЬ УЛААН ХООЛОЙД ТҮЛЭГДЭЛТ ҮҮСГЭДЭГ
ХСҮТ-ийн мэс заслын клиникийн удирдагч, зөвлөх эмч, анагаах ухааны доктор Я.Эрдэнэ-Очиртой уулзлаа. Манай оронд улаан хоолойн хавдрын өвчлөл хэр их байна вэ? Дэлхийн улс орон бүрт хорт хавдарын өвчлөл янз бүр байдаг. Улаан хоолойн хавдар ихэнхдээ Азийн орнуудад их тохиолддог өвчин. Манай орны хувьд зонхилох зургаан хавдрын гуравдугаарт ордог. Энэ нь өвчлөл ихтэй байгааг харуулж байна. Судалгаанаас харахад 100 мянган хүн тутмын 30 орчим хувьд тохиолддог. Хавдрын өвчлөл жил ирэх бүр
нэмэгдэж байгаа нь хоёр шалтгаантай гэж бодож байна. Нэгд, хүмүүсийн эмнэлэгт ханддаг хандлага сайжирсан. Өмнө нь улсын эмнэлгүүдэд ханддаг байсан бол одоо зөвхөн мэргэжлийн байгууллагад хандах болсон. Хоёрт, улаан хоолойн хавдар хүндэрсэн үедээ л горойх, хоолой дээр торох зэргээр мэдэгддэг. Горойгоод эхлэнэ гэдэг хавдар хэдийн III-IV дүгээр үедээ орсны шинж. Тиймээс 40-өөс дээш насныхан жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт зайлшгүй орох шаардлагатай. Харамсалтай нь манай иргэд өөрийхөө
эрүүл мэндэд анхаарал бага тавидаг. Яагаад Азийн орнуудад их тохиолддог гэж? Хоол ундны хэрэглээ буюу буруу зуршилтай шууд холбоотой бөгөөд архи тамхи, чинжүү, давс, перец зэргийг ихээр хэрэглэдэг. Манайхны хувьд хоол цайг халуунаар ууж, иддэг. Гэтэл энэ нь хоолойнд шууд түлэгдэлт үүсгэдгээс яваандаа хавдар болох суурь болдог. Халуун усанд түүхий мах хийхэд ямар өнгөтэй болдгийг мэдэхгүй хүн үгүй хэрнээ халуун хоол, цайгаар өөрийнхөө биеийг түлж байгаагаа мэддэггүй.
Улаан хоолойн хавдрын өвчлөл нутаг орны онцлогоос үүдэлтэй байх нь бий. Манай эмнэлэгт ханддаг өвчтөний дийлэнх нь баруун аймгаас ирдэг. Яагаад гэвэл баруун аймгийнхан сэрүүн уур амьсгалтай, гол ус нь давс хужир ихтэй, мөн хүнсэндээ давс их хэрэглэж, хоолоо халуунаар иддэг. Хавдрын хүндэрсэн хэлбэрийг эмчлэх арга байгаа юу? Хамгийн төгс эмчилгээ бол мэс засал. Дараа нь туяа химийн эмчилгээг хавсарч хийнэ. Гэхдээ хэддүгээр үе шатны
хавдартай гэдгээс хамаарна. Хүмүүс хагалгаа хийлгэж эдгэчихээд хавдаргүй болсон гээд хуучин хорт зуршил, хоол ундныхаа хэрэглээг үргэлжлүүлсээр байдаг. Гэтэл нэгэнт тухайн хүний биед хавдар үүсч байсан л бол дахин өвчлөхдөө амархан гэдгийг санах хэрэгтэй. Хавдар удамшдаг гэж хүмүүс ойлгодог. Улаан хоолойн хавдар удамшдаг уу? Хавдар удамших тохиолдол байдаг. Харин улаан хоолойн хавдрын хувьд удамшдаггүй гэхэд болно.
Жишээ нь нэг бүлийн хүмүүс хоолоо халуун идэх, давс, өөх тос хэрэглэх нь ижилхэн байдаг. Хүүхдүүд нь мөн адил том болоод гэр бүл зохиож, гэрийн хүмүүжил, уламжлалаа үргэлжлүүлдэг тул өвчлөл нь ч ижил байдаг. Үүнийг хүмүүс улаан хоолой, ходоодны хавдар удамшиж байна гэж ойлгодог. Урьдчилан сэргийлэх үзлэгийг хэдийд хийлгэх ёстой вэ? Зургаан сар тутамд хоолойгоо дурандуулж, шинжилгээ өгч байхад болно.