МэдээЦаг үе

УКРАИНААС ЭХ ОРОНДОО ИРЭХ ИРГЭДИЙН ЗАРДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР ГАРГАНА

Засгийн газар өнөөдөр /2022.02.24/ 16:30 цагт ээлжит бусаар хуралдаж эхэлсэн бөгөөд Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар Украин улсад амьдарч, сурч байгаа Монгол иргэдээ авч ирэх асуудлыг хөндөж, шаардагдах зардлыг гаргахаар болжээ.

Тодруулбал, Украин улсаас эх орондоо ирэх иргэдийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна. Харин албан ёсоор Украин улсад Монгол Улсын 22 иргэн ажиллаж амьдарч байгаа аж. Тус улсын их, дээд сургуульд 68 Монгол оюутан суралцдаг байна.

Өнөөдрийн байдлаар Украин улсад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улсын 41 оюутан эх орондоо ирэхээ мэдэгдээд байгаа билээ. Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийхээр болжээ.

Орос, Украйны хооронд болоод байгаа үйл явдлыг тоймлон хүргэвэл, В.Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийджээ:  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаа иргэддээ хандан үг хэлэхдээ мэдэгдэв.

“Нөхцөл байдал биднээс шийдэмгий, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна. Донбасс дахь Бүгд Найрамдах Ард Улсуудын ард түмэн ОХУ-аас тусламж хүссэн. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу,

Холбооны Зөвлөлийн зөвшөөрлөөр, Холбооны хурлаас баталсан БНДАУ, БНЛАУ-тай байгуулсан найрамдал, харилцан туслалцах тухай гэрээний дагуу би цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдлээ” гэж В.Путин иргэддээ хандан телевизээр үг хэлэхдээ мэдэгджээ.

Үүнээс өмнө буюу хоёрдугаар сарын 23-нд БНДАУ, БНЛАУ -ын тэргүүн нар В.Путинд хандан “Украины Зэвсэгт хүчний зүгээс ирж буй түрэмгийлэл”-д хариу өгөхөд тусламж үзүүлэхийг хүссэн захидал ирүүлсэн байна.

В.Путин ОХУ Украиныг эзлэх төлөвлөгөөгүй гэдгийг цохон тэмдэглэжээ. Орос улс ТУХН-ийн орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд хүндэтгэсээр байх болно гэж В.Путин цохон тэмдэглэсэн байна. НАТО ОХУ-ын хил рүү ойртсоор байгаа бөгөөд Москва 30 жилийн турш НАТО-г дорно зүгт тэлэхгүй байх талаар тохиролцохыг оролдохдоо, хууран мэхлэлт, дарамт шахалт, шантаажтай тулгарсан гэж тэрбээр тэмдэглэжээ.

Украины томоохон хотуудад дэлбэрэлт болсон тухай хэвлэлүүд мэдээлжээ:  “CNN” телевизийн Киев, Харьков дахь сурвалжлагч нар тус хотууд дэлбэрэлтийн чимээ сонсогдсон талаар мэдээлжээ. Украины зүүн хойд хэсэгт орших тус улсын хоёр дахь том хот болох Харьков дахь CNN телевизийн баг “чанга дэлбэрэлтийн чимээ тасралтгүй сонсогдож байна” гэж мэдээлжээ.

“CNN-ийн сурвалжлагчид мөн Киевийн ойролцоо дэлбэрэлт сонссон гэж мэдээллээ” гэж тус телевиз мэдээлсэн байна. Киевийн ойролцоох дэлбэрэлт нь пуужингийн цохилт байсан гэж CNN агентлагийн сурвалжлагч дараа нь Украины Дотоод хэргийн яамнаас эш татан мэдээлжээ.

“ABC” телевизийн сурвалжлагч мөн дэлбэрэлт болсон талаар твиттер хуудсандаа бичсэн байна. Түүнчлэн Украины UNIAN агентлаг Харьковт болсон дэлбэрэлтийн бичлэгийг нийтэлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, Мариупольд мөн дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт болсон тухай мэдээлэл гарахын өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн ажиллагаа явуулж эхэлснийг мэдэгдсэн юм.

Ж.Байден “Орос Украинд ямар ч үндэслэлгүйгээр халдсаныг” зэмлэн буруушаажээ: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд дэлбэрэлт болсон талаар мэдээлэл гарсны дараа мэдэгдэл хийж, Оросын зэвсэгт хүчний үндэслэлгүй халдлагыг зэмлэн буруушаажээ.

“Ерөнхийлөгч Путин асар их гарз хохирол дагуулах, урьдаас төлөвлөсөн дайныг сонголоо. Энэ халдлагаас үүдэн учрах үр дагаврыг ОХУ дангаараа хариуцах бөгөөд АНУ болон түүний холбоотон, түншүүд нэгдмэл, шийдэмгий хариу өгөх болно. Дэлхий нийт Орост хариуцлага тооцох болно” гэж Ж.Байден мэдэгдсэн байна.

Украин, тэр дундаа нийслэл Киевт дэлбэрэлт болсны дараа Цагаан ордны мэдэгдэл гарчээ. Дэлбэрэлт болохоос өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “цэргийн тусгай ажиллагаа” явуулах шийдвэр гаргаснаа мэдэгдээд, Украинд “цэрэг зэвсгээр хөөцөлдөхөө зогсоохыг” уриалсан байна.

Украины Дотоод хэргийн яамны зөвлөх Антон Герашченко “whatsapp” нийгмийн сүлжээн дэх сэтгүүлчдийн албан ёсны бүлгэмдээ, ОХУ-ын халдан довтлох ажиллагаа Киевт пуужингийн цохилт өгснөөр эхэллээ гэж мэдээлжээ.

Ж.Байден өнөөдөр “Долоогийн бүлэг”-ийн удирдагчидтай утсаар ярьж, Америкийн ард түмэнд хандан үг хэлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тэрбээр “Украины төдийгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдлын эсрэг түрэмгийллийн энэ үйлдэл”-тэй холбогдуулан АНУ,

түүний холбоотнуудын зүгээс Оросын эсрэг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “арга хэмжээ”-ний талаар танилцуулахыг зорьж байна гэж мэдэгджээ. “Бид мөн НАТО-гийн холбоотнуудтайгаа эвслийн эсрэг аливаа түрэмгийллийг таслан зогсоох хүчтэй, нэгдсэн хариу арга хэмжээ авахын төлөө хамтран ажиллана” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.

Украинд байлдааны бэлэн байдал зарлажээ: Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский иргэддээ хандан үг хэлж, тус улс даяар байлдааны бэлэн байдал тогтоосноо мэдэгдэв. “Украины хүндэт иргэдээ! Өнөөдөр Ерөнхийлөгч Путин Донбасст тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. ОХУ манай цэргийн дэд бүтцэд цохилт өглөө” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

“Бид байлдааны бэлэн байдал зарлаж байна” гэж Украины төрийн тэргүүн мэдэгджээ. Тэрбээр мөн аль болох гэртээ үлдэхийг иргэдээсээ хүссэн байна. “Бүү сандар, бид хүчтэй, бид бүх зүйлд бэлэн, бид бүгдийг ялах болно” гэж В.Зеленский цохон тэмдэглэжээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button