ААН-ҮҮДЭД 20-500 САЯ ТӨГРӨГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл болон Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран 2022 онд Түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсноо өнөөдөр зарлалаа. Тус төслийн хүрээнд уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх аж. Энэхүү хөтөлбөрт хоёр жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, жилийн 150 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал,
соёлын бүтээлч үйлдвэрлэл болон мэдээлэл технологийн салбарын аж ахуйн нэгжүүд хамрагдаж байсан байна. Харин энэ жилээс уг хөтөлбөрт жижиг, дунд үйлдвэрийн эрхлэгчдийг түлхүү хамруулахын тулд нэг болон түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, жилийн 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой болгосноороо ач холбогдолтой юм. Харин хувиараа бизнес эрхлэгчид, экспортын
төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа, хөтөлбөрт хамрагдахаасаа өмнө хийсэн экспорт руу чиглэсэн үйл ажиллагаа, Эрээн экспорт буюу дамжуулсан экспорт, түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүн түүхийгээр нь экспортлож байгаа бол санхүүжилт олгохгүй аж. Өмнө нь ААН-үүд материалаа өгснөөс 2-3 сарын дараа хариугаа авдаг байсан. Харин энэ удаагийн сонгон шалгаруулалтад шаардлага хангасан тохиолдолд 14 хоногийн
дотор хариу нь гарах юм. Экспортыг дэмжих төсөлд хамрагдах ААН-д тавигдах шаардлага 12 ба түүнээс дээш сар үйл ажиллагаа явуулсан байх. Жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш байх. ХХААХҮЯ-ын тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх. Монгол Улсад бүртгэлтэй ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг, дийлэнх хувийг, хувийн хэвшил эзэмшдэг хуулийн этгээд байх. Улс төрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчгүй байх.