Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр ажлын дэд хэсгийн гишүүдийн хамт
Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын нөхцөл байдалтай чиг үүргийн хүрээнд танилцав. Мөн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн мэдээлэл, судалгаанд үндэслэн холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, байгууллагууд мэдээллээ солилцон, тодрууллаа.
Ажлын хэсэг тусгай хамгаалалттай газар нутгуудад явж ажилласнаар тусгай хамгаалалттай газар нутгуудын хамгаалалтын байдал, цаашид анхаарах ёстой асуудлыг илүү тодорхой болгон, санал, дүгнэлтдээ тусгаж, Байнгын хорооноос нэгдсэн шийдвэр гарган
Засгийн газар хийгээд холбогдох байгууллагуудад чиглэл өгөх зорилготой ажиллаж байна. Манай улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалттай газар нутагт 32.7 сая га газар хамрагддаг нь нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь юм.
“БОГДХАН УУЛЫН, ГОРХИ-ТЭРЭЛЖ, ХӨВСГӨЛИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАРТ ДАХИН АШИГЛАХ ГЭРЧИЛГЭЭ ӨГЧ, ХҮРЭЭГ НЬ ТЭЛЭХГҮЙ АНХААРАХ ЁСТОЙ”
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Тусгай хамгаалалттай газар нутгуудын өнөөгийн байдлын мэдээлэлд дүгнэлт хийхэд, газар дээр нь явж үзэхэд ч анхаарах асуудлууд байна. Энэ хүрээнд эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг Үндсэн хууль хийгээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлж сайжруулна. Улсын хэмжээний тусгай хамгаалалттай газар нутгуудаас Богдхан уулын дархан цаазат газар,
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах гэрчилгээ олгож, эдгээрт ашиглах гэрчилгээ олгосон газар нутгийн хэмжээ нийт газрын харилцаа үүссэн газар нутгийн 97 хувийг эзэлж байна.
Тиймээс эдгээр газруудад дахин ашиглах гэрчилгээ өгч, хүрээг нь тэлэхгүй байхад онцгой анхаарах ёстой. Одоо эрүүл байгаа газрыг хамгаалалтын бүс рүү оруулж, хамгаалагдах газрын хэмжээг тэлэн, аль болохоор унаган байдлыг хадгалахад гол анхаарлаа хандуулна.
Тулгамдсан эдгээр асуудлыг зөв харж, шийдэх талаас ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаж, шийдвэрлэх талаас ажиллана” хэмээн ярив. Ажлын хэсэг Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Богдхан уулын Нүхтийн ам, Жаргалантын ам, Тайны ам, Түргэний ам, Ташгайн амуудад очиж нөхцөл байдалтай танилцсан.
“ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ГЭРЧИЛГЭЭ ОЛГОДОГ Ч ХАУС ХОРООЛОЛ БАРЬЖ, ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ ӨӨРЧИЛДӨГ”
Энэ үеэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжав “Дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглах гэрчилгээ олгож, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулна гэдэг ч
хаус хороолол барьж худалддаг болон хамгаалалтын бүсийг өөрчилдөг байдлыг бүрмөсөн зогсоохгүй бол ан амьтан тархан байршиж чадахгүй, Богдхан ууланд нийслэлчүүд зорчих боломжгүй болно” хэмээж байлаа. Ажлын хэсэг ирэх Даваа гаригт
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын газар ашиглалт болон ажлын хэсгийн чиг үүргийн хүрээний бусад асуудлаар ажиллана. Мөн орон нутагт очиж ажиллахын зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийх зэргээр ажиллах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААР: ХОЖИМ ХАРАМСАХГҮЙН ТУЛД ОДООНООС ХҮҮХДҮҮДЭЭ БИТГИЙ ДААМ ГАРГА
Энэ түүхийг эмээ минь олон удаа ярьж байсан санагдана. Хайчаараа тоглож байгаа эрх хүүгээсээ аав, ээж нь хайчаа авчихаж гэнэ. Гэтэл хүү уйлж аав, ээжийгээ дийлээд хайчаа авч тоглож байгаад нүдээ сохолчихож гэнэ. Хожим нь хүү аав, ээждээ
-Хайчийг минь булаагаад авчихгүй дээ. Уйллаа уйллаа гээд нүдээ сохортол уйлав л гэжүү дээ гэж хэлсэн гэдэг. Энэ бол орчин цагийнхан сонсож мэдүүштэй түүх. Утсаа маажиж, гаазтай ундаа ууж, бэлэн гоймон идсэн хүүхдийн эцэг эхчүүд ойлгож ухах түүх.
Аав ээжүүд уйлж байгаа хүүхдээ сатааруулах гэж юуны туханд хүрэлгүй утсаа нүднийх нь өмнө барьж байна. Зарим нь бүр хүүхдийнхээ эрхшээлд орчихсон, дориухан хоёр үг хэлчихэж чадахгүй өдөр шөнөгүй утсаар наадуулна. Өөд уруугүй телевиз үзүүлнэ. Өөгшүүлнэ. Залуусын утас ядаж байхад чихэвчтэй.
Дөрвөн настай хүүхэддээ таблет бариулчихаад технологийн дэвшилтэй эртхэн танилцуулж, үеийн хүүхдээс нь хоцроохгүй гэж байгаа юм хэмээн тайлбарлах тэнэг ч гэх үү,аархуу,атаархуу ч гэх үү ээжтэй таарч л байлаа.
Юмны наадах цаадахыг мэдэхгүй үр хүүхэддээ эцэг эх нь хэлж, ойлгуулж, бүр болохгүй бол хүний аав, ээж шиг загнаж зандраад ч болов ухааруулахгүй бол дээрх түүх нэг л өдөр давтагдаж, хүүхэд тань таныг зэмлэж, гомдож бүр яллах болно.
Чихэвчнээс болж машинд дайруулсан, гоймонгоос болж ходоод нь цоорсон, утаснаас болж хараа, ой ухаан нь муудсан, бүр цаашлаад тархины, нүдний хорт хавдартай болсон тухай судалгаа, мэдээлэл энэ тэрүүгээр зөндөө харагдана.
Даанч хүүхдийн балчир ухаанд энэ мэдээлэл боловсруулагдаж, ойлгогдохгүй байгаа. Та ч хүүхэд байхдаа бас тийм л байсан. Нас таныг ухаажуулсан. Тийм болохоор бид аав, ээж байх хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлж эрүүл саруул хүүхдээ элдвээс хамгаалж боол шиг нь биш, эцэг эх шиг нь байхсан.
Сохортлоо уйлав л гэжүү дээ, Сахарын өвчтэй болтлоо уйлав л гэжүү дээ, Хавдартай болтлоо уйлав л гэжүү дээ, Ходоодоо цоортол уйлав л гэжүү дээ, Дүлий болтлоо уйлав л гэжүү дээ, Шүдгүй болтлоо уйлав л гэжүү дээ гэж таныг ЯЛЛАХ эрх хүүхдэд бий.