Мэдээ

Морьтой байгаль хамгаалагч С.БАТБААТАР: Эх дэлхийнхээ ширхэг чулууг ч хөндчихгүй, нэг модыг нь ч сүйтгүүлчихгүй байх сан

Коронавирусийн халдвартай холбоотойгоор энэ жил Сар шинийн баярын өдрүүдээр улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоож, бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Ийн монголчууд Цагаан сараа гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Хөл хорионы энэ үед Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Шинийн 1-ний өглөө морьтойгоо хотын төвөөр явсан нь цахим орчинд олны анхаарал татсан.

Түүнийг С.Батбаатар гэдэг. Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагчаар 20 гаруй жил ажиллажээ. Сар шинийн өдрүүдэд цахим орчинд олны хайрыг татсан түүнтэй цөөн хором ярилцлаа.-Сайн байна уу, та. Сайхан шинэлж байна уу?-Амархан сайн байна. Та бүхэнд, уншигчдад сар шинийн мэнд дэвшүүлье.-Сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэж байна вэ. Байгаль хамгаалагч хүн хэдийд ч бэлэн ажиллах үүрэг хүлээсэн байдаг бололтой.

Шинийн 1-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваа харагдсан?-Тэгэлгүй яах вэ. Сар шинийн баярын өдрүүдэд миний ажил их байдаг юм. Учир нь шинийн 1-ний нарыг харахаар нийслэлийн иргэд олноороо Хийморийн овоог зорьдог уламжлалтай. Тиймээс Богд уул орчим Цагаан сараар жигтэйхэн хөл хөдөлгөөнтэй болчихдог юм. Харин сүүлийн хоёр жил коронавирус гэх аюулт өвчин гарснаас хойш уламжлалт баяраа монголчууд тэмдэглэсэнгүй.

Ингээд нар харахаар ирэх иргэдийн хөл хөдөлгөөн бага, ажил хөнгөн байлаа. Хөл хорионы өдрүүдэд цагдаа, онцгой байдлын алба хаагч нартайгаа хамтран ажиллаж байгаа юм. Би Богд уулын Зайсан орчмын Богдын ам, Чандманийн амыг хариуцдаг. Байгаль хамгаалагчаар 20 гаруй жил ажиллаж байна.-Шинийн 1-ний өглөө морьтойгоо ажилдаа ирсэн зураг нь цахим орчинд олны анхаарал нэлээд татлаа.

Хөл хорио тогтоосноос болоод морьтойгоо хотын төв орсон уу?-Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгаль хамгаалагч нараа морьтой ажиллах боломжоор хангаж өгдөг юм. Бид өдөр тутамд уул, овоо руу явж шалгалт хийхэд мориор явах шаардлага гардаг учраас тэр. Гэхдээ хотын төв рүү тэр бүр орохгүй. Харин Шинийн 1-ний билэгт сайн өдрийг бэлгэшээгээд тэр өдөр суурьшлын бүс орчмоор морьтойгоо явсан.

-Морьтой явааг тань хараад хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?-Зүг мөрөө гаргаж байсан хүмүүс морьтойгоо явааг хараад бэлгэшээж, хамт зургаа авахуулж, зарим нь моринд мордож зургаа даруулсан. Хөл хорионы үед нийтийн тээвэр, автомашин явахыг хориглосон учраас морьтой явахад саадгүй байлаа. -Таны унаж явсан морь номхон бололтой. Та өөрөө сургасан хэрэг үү? -Тийм ээ. Тухайн өдөр унаж явсан морь миний унаган адуу.

Би Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн. Суугуул нутаг маань Төв аймгийн Баянцогт, Атар сум. Малчин айлын хүүхэд учраас багаасаа мал маллаж, морь уядаг байв. Харин сүүлийн үед төрийн ажил гүйцэтгээд морио уяж чадахгүй байгаа. Уясан морьд маань аймаг, сумын наадамд айраг, түрүү авч байсан түүхтэй. Одоо эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд минь бүгдээрээ л хурдны морь унаж өссөн дөө.

-Байгаль хамгаалагчаар ажиллаж эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юү. Энэ мэргэжлийн үнэ цэн юунд оршдог вэ?-Би хөдөө өссөн болоод ч тэр үү, байгаль дэлхийтэйгээ ойр байхыг боддог юм. Дэлхий нийтээрээ даяаршиж байгаа энэ үед байгаль, эх дэлхийгээ хүмүүс өөрсдөө л хамгаалах нь чухал байна шүү дээ. Энэ мэргэжлээр ажиллаж эхэлснээсээ хойш эх дэлхийнхээ ширхэг чулууг хөндчихгүй, нэг модыг нь сүйтгүүлчихгүй байх сан гэж санаа зовдог болсон.

Би монгол түмний шүтээн болсон Богд уулын Хийморийн овоо орчмын байгаль хамгаалагчаар ажиллаж байгаараа маш их бахархдаг. -20 гаруй жил байгаль хамгаалагчаар ажилласан гэлээ. Одоо та Богд уул орчмын ан амьтан, ширхэг чулууг ч андахаа больсон биз?-Би 20 гаруй жил ажиллахдаа Богд уулын гурван аманд байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Эхлээд Бумбатын аманд, дараа нь Богинын аманд байлаа. Одоо Хийморийн овоо орчимд

ажиллаж, эндээ 10 гаруй жил амьдарч байна. Энд ан амьтан элбэг. Бор гөрөөс, тарвага, зурам зэрэг зэрлэг амьтад нь биднээс бараг айхаа больчихсон. Харин заримдаа золбин ноход сүйтгэчих гээд байх тал бий. Сүүлийн жилүүдэд нийслэл, дүүргээс нохой устгалын ажлыг зохион байгуулж, тарвага, зурам нь өсөх хандлагатай байна. Би чинь энэ ойр орчмынхоо амьтдыг андахгүй шүү дээ. Аль тошин дээр ямар тарвага байна гэдгийг нь мэддэг болтлоо ажиллажээ.-Байгаль

хамгаалагчаар ажиллахад хүндрэлтэй, бэрхшээлтэй мөч тулгарч байв уу?-Байгаль хамгаалагчийн хамгийн хэцүү улирал нь хавар, намар. Ой хээрийн түймэр л бидний сэтгэлийг түгшээсэн хэцүү ажил байдаг юм.-Та уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?-Монголын байгаль орчны салбартажиллаж байгаа мэргэжил нэгт нөхөд болон нийт ард түмэндээ Сар шинийн мэнд дэвшүүлье. Эх сурвалж: Эргэлт.мн

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button