Хэцүү өдрүүдийг даван туулахад туслах зургаан арга
Нью Йорк их сургуулийн тархи судлалын профессор, “Good Anxiety: Harnessing the Power of the Most Misunderstood Emotion” номын зохиогч Вэнди Сузуки сэтгэл зүйгээ хүчтэй, эерэг байлгахын тулд өдөр бүр хийх зургаан дасгалыг санал болгосныг “CNBC” сайтаас орчуулан хүргэж байна.
-Тархи судлалын лабораторитаа санаа зовнилын талаар судалгаа хийж эхлэх үедээ би өөрийгөө санаа зовнилд автсан хүн гэж нэг ч удаа бодож үзээгүй байлаа. Оюутнууд, найзууд, хамтран ажиллагсад маань өөрсдийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ “Бууж өгөхөд бэлэн байна”, “Санаа зовнилтой байна”, “Бухимдаад байх юм”, “Анхаарал сарничихлаа” гэсэн үгсийг ашиглаж байгааг анзаарч эхэлсэн. Олон жилийн судалгааны эцэст түгшүүрээ даван туулах хамгийн шилдэг арга бол сэтгэл зүйгээ хүчтэй, бат бөх байлгахын төлөө тууштай зүтгэх юм гэдгийг олж мэдсэн. Тиймээс өөрийн сэтгэл зүйгээ хүчтэй байлгахын тулд өдөр бүр хийдэг зургаан дасгалаа хуваалцахаар шийдлээ.
1. Эерэг үр дүнг төсөөлөх
-Өдөр бүрийн эхэнд ба төгсгөлд бидний амьдралд том болоод жижиг гарцаагүй нөхцөл байдал учирч, түүндээ шаналан өдрийг гунигтай өнгөрүүлэх нь бий. “Би киноны шүүмжээ сайн бичиж чадах болов уу.Хүүхдүүд минь сургуульдаа хэр байгаа бол. Ажлын ярилцлага өгсөн газраас утсаар ярих болов уу” гэсэн олон төрлийн бодол бидний толгойд эргэлдэж байдаг. Ийм үед эдгээр асуудлын үр дүн болоод нөхцөл байдлыг тохиолдож болох хамгийн эерэг, хамгийн өөдрөгөөр нь төсөөлөх хэрэгтэй. Ингэснээр ажлын ярилцлагадаа тэнцээгүй тохиолдолд урам хугарах бус дараа дараагийн шинэ хүсэл мөрөөдлийг бүтээх боломжтой. Учир нь үр дүнг эерэгээр төсөөлөх үед бидний булчингууд аливаа асуудлыг эерэгээр хүлээн авч, шийдвэрлэх арга зам бидний тархинд шууд орж ирдэг.
2. Сөрөг мэдрэмж бүхэн муу биш
-Сорилттой тулгарах бүрт бидний тархины уян хатан байдал бодлоо өөрчилж ухаалаг шийдвэр гаргах, тайвширч сурах, нөхцөл байдлыг дахин үнэлэх боломжийг олгож байдаг. Тиймээс сөрөг сэтгэл хөдлөл бүхэн муу биш гэдгийг өөртөө сануулах үед асуудлыг шийдвэрлэх амархан болдог. Тухайлбал, айдас нь өнгөрсөн алдааг эргэн сануулж, шийдвэртээ нухацтай хандах, алсын үр дүнг төсөөлөх, шинэ боломжийг олж харахад тусалдаг. Харин уйтгар гуниг нь хүрээлэн буй орчин, зан ааш, аливаа асуудалд хандах өнцгөө өөрчлөхөд тустай. Сэтгэлийн түгшүүр нь бидний зорилго болоод төлөвлөгөөгөө илүү бодитой, нарийн болгоход ашигтай. Харин бухимдал төлөвлөсөн зүйлээ илүү сайн болгоход тустай гэдгийг санаарай.
3. Шинэ чадварт суралцах
-Шинэ зүйл туршиж үзэх, цахим үйл ажиллагаанд оролцох, спорт клубүүдэд хамрагдах нь сэтгэл зүйд асар их эерэг нөлөөтэй. Эдгээр нь таньд мартагдашгүй, гайхалтай дурсамжийг бүтээж өгөхийн сацуу тархийг элдэв бодлоос чөлөөлж “хоосолдог”. Тухтай бүсээсээ гарч, өөр зүйл хийж үзэх нь тийм ч хэцүү биш.
4. Харилцаа холбоогоо сайжруулах
-Хэн нэгнээс тусламж гуйх, гэр бүлийнхэн, найзуудтайгаа уулзах зэрэг урам зориг өгөх харилцаа холбоонууд нь санаа зовнилыг бууруулаад зогсохгүй сөрөг сэтгэл хөдлөл ганцхан таньд тохиолдоггүй гэдгийг мэдрүүлдэг. Мөн бэрхшээлтэй, хэцүү өдрүүдэд таныг халамжлах хүн байгаа гэсэн итгэл үнэмшил нь сэтгэл санааг өөдрөг болгодог.
5. Урам өгөх үгс бэлтгэх
-Өөрөө өөрийгөө өөдрөг, эерэг болгох зүйлсийг санаачил. Үүнийгээ заавал олон нийтэд хуваалцах шаардлагагүй. Өдрийн эхлэл болоод төгсгөлд өөрийн сэтгэл санааг дэмжих өдөр бүр хийдэг зүйлтэй болоорой. Энэ нь таньд урам зориг өгөх үгс ч байж болно.
6. Байгальтай ойр бай
-Байгальд цагийг өнгөрүүлэх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэдгийг баталсан шинжлэх ухааны судалгааны тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна. Тодруулбал, байгальд, агаар салхинд гарах нь сэтгэл зүйг өөдрөг хүчтэй болгодог юм. Ингэхдээ заавал ой руу очих шаардлагагүй. Ойролцоох цэцэрлэгт хүрээлэн эсвэл чимээ багатай модоор хүрээлэгдсэн хүн багатай орчин ч байж болно. Шувуу болоод усны чимээ сонсох, байгалийг ажиглах, амьсгалаа чагнах нь биднийг амраадаг.