Сүүлийн үеийн автомашинууд тэр дундаа ПРИУС худалдан авсан хүмүүс нүүрсэн янданг нь шалгаж аваагүйн улмаас хохирч байна. Энэ талаар мэдээлэлгүй иргэд гадаад үзэмж нь таалагдсан автомашин худалдан аваад дахин нэмэлт зардал гаргаж байна.
Өөрөөр хэлбэл, нүүрсэн яндангүй автомашин худалдан авсан иргэн авто оношлогоон дээр бяцхан хэмжээний хахууль өгч, оношлоогоо даруулдаг. Мөн дахин нүүрсэн яндан шинээр худалдан авахад 450 мянгаас хоёр сая төгрөг хүртэл үнээр худалдан авдаг. Өөрөөр хэлбэл, 2008 оноос өмнөх Приус автомашины нүүрсэн яндан илүү үнэтэй байдаг байх нь.
Нүүрсэн яндан гэж юу вэ?
Нүүрсэн янданд цагаан алттай маш нарийн технологи бүхий яндангийн нүүрсэн шүүлтүүр байдаг бөгөөд энэ нь төрөл бүрийн хорт хий, тэр дундаа хүхрийн хийг шүүх үүрэг функцтэй. Ямар зорилгоор машины янданг Хятадууд сонирхон, ченжүүдээс аваад байгааг тайлбарлая. Хятадууд агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор замын хөдөлгөөнд утаа их хаядаг автомашин оролцуулахгүй байх маш өндөр торгуультай хууль гаргажээ. Хятад яндан угаасаа утаа сайн шүүдэггүй шүү дээ. Харин япон автомашины яндангийн шүүлтүүрт бүх элемент байдаг учир маш сайн шүүдэг. Тиймээс Хятадад яндангийн оригинал шүүлтүүр их эрэлттэй болсон. Нэг яндан дангаараа бараг таван сая төгрөгийн ханштай ч Японоос дангаар нь авахад хэцүү. Ингээд Монголоос авч, ориг янданг Хятад яндангаар солиод зөрүүнд нь 100 000 төгрөг өгөөд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн машинаа өөрсдөө тонож байна гэсэн үг. Нүүрсэн яндангийн хулгай ганцхан Монголд ч байдаггүй аж. Дэлхийн олон улс оронд автомашины нүүрсэн яндангийн хулгай бүртгэгддэг бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд огцом өсч, Их Британид 2019 онд л гэхэд катализаторын хулгайн 2,894 гомдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос даруй хоёр дахин өсчээ. Энэ бүх хулгай Хятадад импортлогддог гээд бод доо. Нүүрсэн яндан гэдэг нь автомашины катализатор юм. Энэ нь дотроо хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металл агуулдаг учраас түргэн хугацаанд NOx буюу азотын ислийн долоон нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгах зориулалттай. Нөгөө талдаа үйлдвэрээс гарсан машинд илүү зүйл нэг ч байхгүй. Бүгд инженерийн ухаанаар бүтсэн нарийн уялдаа холбоотой зүйл байдгийг ойлгох хэрэгтэй. Яндангийн бүтцийг өөрчилснөөр карбираторын хөдөлгүүр болоод шатахуун зарцуулалтанд сөргөөр нөлөөлөхийг анхаарах хэрэгтэй.
НҮҮРСЭН ЯНДАНГҮЙ АВТОМАШИНЫ ХӨДӨЛГҮҮР АМАРХАН МУУДДАГ, БЕНЗИН ЗАРЦУУЛАЛТ ИХ БОЛДОГ.