Мэдээ

Х.Булгантуяа: Хорин хэдтэй залуу тэтгэвэрт гартлаа НДШ төлөөд өнөөдрийн тэтгэвэр авч байгаа хүмүүс шиг амьдарна гэвэл үнэхээр харамсалтай

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Та нар хэлэлцэж байгаа хуулийн төслөө зөв ойлгуулах хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах гэж байна гээд байх юм. НДШ-ийг бууруулж байгаа юм байхгүй. НДШ-ийг таван хувиар нэмэх гэж байгаад гурвыг нь нэмчихсэн. Үлдсэн хоёр хувийг нь цар тахлаас болоод нэмэхээ больё л гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: А.Ариунзаяа сайд, УИХ-ын гишүүн Н.Учрал нартай хамтраад өчигдөр буюу тавдугаар сарын 12-нд clubhouse-д 400 гаруй иргэнийг хамруулан нийгмийн даатгалын шимтгэлийн талаар хэлэлцүүлэг хийсэн. Тэнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж хаалттай байгууллага байдаг, хэн юу хийдэг нь тодорхойгүй. Гаргаж байгаа шийдвэр нь хариуцлагагүй. НДШ төлөгч бидний мөнгийг системийн бус эрсдэлтэй банканд байршуулаад, алдсан гэдэг зүйл ярьж байна.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар хангалтгүй ажиллаж байна. Хянаж шалгадаг, олон байцаагчтай хэр нь иргэдийг нийгмийн даатгалд хамруулах гэж явдаггүй. Нийгмийн даатгал төлж байгаа хүмүүст ямар давуу тал бий болж байгаа нь тодорхойгүй. 20-н хэдтэй залуу ажилд ороод, тэтгэвэрт гартлаа НДШ төлөөд өнөөдрийн тэтгэвэр авч байгаа хүмүүс шиг амьдарна гэвэл үнэхээр хэцүү харагдаж байна. Нийгмийн даатгал төлөөд ямар үр шим хүртэх вэ гэдгээ Баялгийн сан ч гэдэг юм уу бусад зүйлтэйгээ уяж өгөөгүйгүй өнөөдрийг хүрсэнд иргэд бухимдаад байгаа юм. НДШ төлөгч цаашид ямар үр шим хүртэх вэ гэдгийг тодруулъя.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын реформын тухайд олон давхаргат тогтолцоонд шилжин хуримтлалын нэгдсэн сан, Байгалийн баялгийн сан гэсэн тусдаа ажлын хэсэг ажиллаад тэтгэврийн тогтолцоонд байгалийн баялгаас үр шим хүртээх, эргүүлээд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын өгөөжийг илүү сайжруулах тал дээр бид анхаарах ёстой. Нөгөө талдаа хөрөнгө оруулалтаа илүү сайн хөгжүүлэх ёстой.

Нийгмийн даатгалын хуулиар Нийгмийн даатгалын сангийн мөнгөн үлдэгдлийг арвижуулах гурван арга байдаг. Нэгдүгээрт, арилжааны банканд байршуулах, үнэт цаас, бонд худалдаж авах гэсэн гурван төрлийн хөрөнгө оруулалтын боломж бий. Монголд өнөөгийн нөхцөлд арилжааны банканд байршуулах нь хүүгийн өгөөжөөрөө илүү найдвартай хөрөнгө оруулалтын хэлбэр юм. Өнгөрсөн хугацаад 630-аад тэрбум төгрөгийг зөвхөн хүүгийн орлогоос олсон байдаг.

Капитал банканд анх 2007 оноос байршуулж эхэлсэн. Тухайн үед найдвартай банканд тооцогдож байсан. Харин эрсдэл үүссэн нь 2019 он. Бид олон нийтийн өмчийг эргүүлэн авах асуудалд хичээнгүйлэн ажиллаж байгаа. Яг одоогоор шүүхийн процесс үргэлжилж байна.

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

2017 онд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 14 хувь буюу тус бүр долоон хувь байсныг 19 хувь буюу тус бүр 8.5 хувьд хүргэсэн.

Ингэхдээ ажил олгогч болон даатгуулагчид дарамт учруулахгүй байх үүднээс тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд нэг хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд нэг хувиар гэхчлэн үе шаттай нэмэгдүүлэх болсон юм. Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьснаар 2021 онд мөрдөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 9.5 хувь болгох асуудлыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулж, 2020 онд 8.5 хувь хэвээр мөрдсөн.
Ийнхүү 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл 9.5 хувь болж нэмсэгдсэн. Гэхдээ энэ хугацаанд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн учраас нийгмийн даатгалын шимтгэлийг энэ оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 17 хувьд хүргэхээр тооцсон.

Өөрөөр хэлбэл, 2021 оны долоодугаар сарын 1-нийг хүртэл ажил олгогч, даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлээс зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөнгөрүүлсэн хэлбэрээр буюу 8.5 хувиар төлөх зохицуулалт хэрэгжиж байгаа.

Харин Т.Энхтүвшин нарын гишүүдийн санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүнд нөхцөлд байгаа учир нийгмийн даатгалын шимтгэлийг нийт хоёр хувиар бууруулах асуудлыг тусгасан байна. Ингэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр 8.5 хувиар тооцохоор буюу НДШ-ийг нийт хоёр хувиар бууруулах тухай уг хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөхөөр заасан байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооноос уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн билээ.

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийн анхны хэлэлцүүлэг, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариу сонсоно.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button