Б.Маралжингоо яаж турсан талаар үнэнийг хэллээ
Рок хөгжим, нүдний шил, чадалтай хоолой, шударга зангаараа олноо танигдсан дуучин Б.Маралжингоог танихгүй хүн ховор. Урлагийн тогоонд 20 гаруй жил “чанагдсан” тэрээр өөрийнхөө гоо сайхан, гоолиг биеийнхээ нууцыг нэгэн хэвлэлд хүүрнэжээ.Ингэхдээ өсвөр насандаа их жин хаяснаас болж бөөрний уургийн дутагдалтай болсон тухайгаа дэлгэсэн байна.
Тэрээр “Би 14 настайгаасаа жингээ хасаж эхэлсэн. Миний бөөрний уургийн дутагдалд орсон нь үүнтэй холбоотой. Тэр үед Монголд өнөөдрийх шиг гоо сайхны эмнэлэг олон байсангүй. Би 2-3 жил фитнесст явж, дэглэм барьсан. Заримдаа хоолоо хэт хасаж, буруу аргаар жингээ хасаж байсан.
Мэс заслын тухайд гэвэл би өмнө нь нэг нүдэндээ давхраатай, нөгөөдөө давхраагүй байсан. Тэгээд нэг нүдэндээ давхраа хийлгэж байснаас өөр мэс засал хийлгэж байгаагүй. Би аавынхаа талын монхордуу хамар, буржгар үс, ээжийнхээ нүдийг дуурайсан. Хайртай хүмүүсээ дуурайсан зүйлээ янзлуулчхаар би тэднээсээ өөр царайтай болчихно шүү дээ. Хүмүүс хаана нүүрээ янзлуусан юм бэ, хацрынхаа махыг хаана авахуулсан юм бэ гэж надаас их асуудаг. Энэ талаар сонирхож эмчээс асууж үзсэн. Гэтэл энэ хацрын мах, шанааг янзлахад миний дуу хоолойнд өөрчлөлт орох сөрөг нөлөөтэй юм билээ.
Амны хайрцгаас шалтгаалж тембр өөрчлөгдөж байдаг учраас түүнд мөн нөлөөлөх аюултай гэсэн. Би жижиг хацартай болохын тулд өөрийнхөө үнэтэй зүйлийг золиослохыг хүсээгүй бас хүсэхгүй.
Тэр үед би 89 кг жинтэй, аймар, бүр асар бүдүүн хүүхэд байсан. Өвчин зовлонгүй хэрнээ махлаг хүүхэд байдаг даа. Яг тийм төрөлхийн мяраатай байлаа. “Чамайгаа алдмааргүй байна” дууг дуулж, хүмүүс намайг мэддэг болж эхэлсэн. Автобусанд суухаар хүмүүс “Яана аа, ийм муухай хүүхэн байсан юм уу” гэж ярина. Бүр ээжийн маань насны хүмүүс хүртэл ярьдаг байсан. Миний нэг сайн зан гэвэл ямар нэг зүйлд зорилго тавьбал мэрийж байгаад хүрэхийг хичээдэг. Тэгээд л турахыг хүссэн” гэжээ.Мөн тэрээр махлаг охид бүсгүйчүүддээ хандаж шоколад амттан, газтай ундаа өөх тостой, их гурилтай хоол идэхгүй байхыг зөвлөсөн байна.