Хавар мацаг барьж болохгүй
Хаврын сүүл сар буюу луу, зуны эхэн сар буюу могой сард хийн бэлгэ чанарууд ихсэж хөдлөхөд хүний сэтгэл санаанд өөрчлөлт ордог.
Учир нь хүний сэтгэл санаа, оюун ухаан нь хийн судсыг хөлөглөж үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс энэ үед сэтгэлийн гутралд орох, санаа зовинох, сэтгэлийн хэт хөдлөлд автагдах зэрэг сэтгэл санааны буруу, муу үйлдлүүдийг хийх, нойр алдах, хоол ундаа хэт сойх, мацаг барих, шимгүй идээ унд үргэлж хэрэглэх зэрэг нөхцлөөр хийн бэлгэ чанар хямарч сэтгэцийн өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг. Үүнээс урдчилан сэргийлж дээрх нөхцлүүдийг бүрдүүлэхгүй байх, сэтгэлийн үйлээ сайтар хянамгайлж амар амгалан, тайван байж, бие, хэл, сэтгэлийн зохистой үйлийг идэвхи чармайлттай хийх хэрэгтэй.
Энэ улиралд зайлшгүй анхаарах ёстой зүйлүүдийн нэг бол завсрын улирал болох хаврын улиралд бадган, хийтэй уялдаад гараг сааны өвчин буюу цус харвалтанд өртөх магадлал өндөр байдаг. Амьдрал дээр ч ажиглаад байхад хаврын улиралд цус харвалт их тохиолддог. Тиймээс гараг саа гүйдэг өдрүүд буюу сар бүрийн шинийн 4, 8, 11, 15, 18, 22, 25, 29 гэсэн эдгээр найман өдрүүдэд даралт ихэсдэг хүмүүс маш тайван байж, дээшээ хөөрч, даралт ихсэхээс урдчилан сэргийлэх хэрэгтэй.