Улаанбаатар хотод байрлах тухтай, заавал орж үзэх кофены газрууд
Өвлийн тэсгэм хүйтэн өдрүүдэд халуун кофе уунгаа өөрийгөө “цэнэглэж” тухлан суухыг хүсэхгүй хүн ховор. Улаанбаатар хотод маш олон кофены газрууд бий. Тэр бүгдээс хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй амттай кофетой, тухтай газруудын мэдээллийг таны амралтад зориулан онцоллоо. Амралтын өдрүүдэд найз нөхөд, гэр бүлийнхэнтэй тухлах тохитой, амттай кофены газар судлаж байгаа бол доорх мэдээлэл танд хэрэг болно гэдэгт найдаж байна.
SUPER SIZE COFFEE
Энэ намар шинээр их сургуулийн гудамд бүл нэмсэн кофены мухлаг бол Super Size Coffee. БНСУ-д төвтэй уг кофе шоп тун хурдацтай тав дах салбараа МУИС-ийн тавдугаар байрны урд нээжээ. Интерьэр болон зохион байгуулалтын хувьд жижиг талбайг сайн ашигласныг дурдах хэрэгтэй. Хүлээлгийн хэсэгт урсах усны чимээ тэрхэн зуур таныг тайвшруулах байх. Мэдээж энд кофены тансаг үнэр танд нөлөөлнө. Энэ салбараас гадна супер кофетой дахиад дөрвөн мухлаг Улаанбаатар хотод бий. Хамгийн тохь тухтай Энкантогийн салбарыг ахлах бариста санал болгосон юм. Хамгийн сонирхолтой нь кофены хэмжээнээс үл хамааран үнийн дүн хоёр төрөл. Та авч явах бол кофе илүү хямд, халуун, амттай. Хэрэв уух бол халуун, амттай, бага зэрэг нэмэгдэлтэй. Учир нь та тав тухтай зай талбайг илүү бүтээлчээр хэрэглэж байгаа шүү дээ. Нэрнээсээ л ялгарах давуу тал бол хамгийн том хэмжээ, боломжийн үнэтэй гэж бариста тайлбарлаж байсан юм.
COFFEE ESPERANTO MONGOLIA
Наадам Цэнтрийн замын эсрэг талд “Coffee Esperanto” кофены мухлаг бий. Тус газар өглөөний 07 цагаас шөнийн 01 цаг хүртэл ажилладаг. Хийх ажлаа бариад суухад хэн ч танд саад болохгүй тухтай орчин, цэлгэр том цонх, хөнгөн хөгжим, том дэлгэц гээд маш сайхан орчныг бүрдүүлж чаджээ. Өглөөний 07 цагт та хямдралтай үнээр кофегоо авах боломжтой. Гэхдээ өлөн дээрээ кофе уух нь сайн биш болохоор заавал ус + кофетой ууж байрыг зөвлөдөг. Энд төрөл бүрийн уух зүйлээс гадна, олон төрлийн амттангууд байдаг. Хамгийн сонирхолтой нь үйлчлүүлэгч өөрийн хүссэн зургаа өгөөд кофе дээрээ принтлүүлээд уух боломжтой юм. Баристагийнх нь хэлснээр үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн кофенууд моко (mocha) ба гар аргаар найруулсан американо гэлээ. Американо нь тун зөөлөн, гашуун биш байдаг учир үйлчлүүлэгчид их авдаг. Кофег устай зөөлөн хэмнэлээр найруулахад кофены уг чанар хадгалагдаж, илүү зөөлөн амттай болж, түлэнхий амтагддаггүй гэнэ. Харин моког ажлаа хиймээр байсан ч төвлөрөхгүй байх үедээ уухыг зөвлөсөн. Шоколад хүний аз жаргалын дааврыг нэмэгдүүлдэг бол кофе илүү төвлөрөхөд тусалдаг аж.
COFFEE TERIA
Эспрессог ууж чадахгүй байсан америкчууд усаар шингэлж уудаг болсноор өнөөгийн бидний дуртай американо үүссэн гэдгийг та мэдэх үү? Мөн нэгэн ямаачин эр ямаанууд нь нэгэн төрлийн ургамал идээд эрч хүчтэй болж байгааг анзаарснаар анхны кофег нээн илрүүлсэн гэдгийг дуулж байсан уу? Өнөө үеийнхний соёлын нэгээхэн хэсэг болсон кофены төрөл янз бүр. Үүнтэй адил кофе шопуудын дизайн, өнгө төрх ч өөр, өөр. Үүний нэгэн жишээ бол “Coffee Teria” юм. Бидэнд хамгийн их үгүйлэгддэг залгуурын шийдэл, гэрэлтүүлэг, тухтай суудал, цэлгэр танхим гээд олон зүйл энэ газрын дизайныг онцгой болгожээ. Хамгийн их таалагдсан хэсэг бол танхимын баруун захад байрлах хэлбэрждэг буйдан (beanbag). Танд хэзээ ч гармааргүй тухтай байдлыг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
COFFEE TERIA кофе шоп нь 120 мянгатын Зүчи зочид буудлын нэг давхарт байрладаг
CAFFIENE
“Caffiene” кофе шоп нь багшийн дээдийн хойд талын Азхур номын дэлгүүртэй барилгын хоёр давхарт байрладаг. Тус кофе шоп нь номын сантайгаараа онцлог юм. Адал явдалт, уран зохиолын, алдартай, намтарчилсан, хувь хүний хөгжил руу чиглэсэн таны уншихыг хүсэж буй бүх л ном энд бий. Энэ жил нээлтээ хийсэн уг кофе шоп тав тух, амтат кофег санал болгож, өдөржин дуртай номоо унших таатай нөхцөлийг бий болгожээ. Хана дүүрэн номын сантай танхимаас зайдуухан байх 10-15 хүний хурлын өрөөнд нь жижгэвтэр уулзалт хийхэд тохиромжтой юм. Хоёр том танхимтай болохоор цэлгэр, тухтай.
CHUU CHUU
Өглөө эрт босоод, ажилдаа явах замдаа кофе эсвэл өглөөний цай ууя гэхээр СU, Circle K зэрэг сүлжээний дэлгүүрээс өөр газар нээлттэй байдаггүй. Тэгвэл өглөөний зургаан цагаас шөнийн 12 цаг хүртэл ажиллах өвөрмөц сонин содон шийдлээр орчноо бүрдүүлсэн “CHUU CHUU Travel Club” үйл ажиллагаагаа эхлүүлжээ. “CHUU CHUU” руу хаалгаар орохоор таныг тэс өөр зургаан ертөнц угтан авна. Учир нь хойморьт байрлах авдар, эсгий ууттай шагай, уламжлалт оньсон тоглоомууд, авдрын наана байрлах өнгө өнгийн олбогууд, бүрэн тоноглолтой эмээл зэргийг харахаар Монголын ёс уламжлалыг харуулсан газар юм болов уу гэж сэтгэлд бууна. Монгол хүмүүс нээсэн шүү, өв соёлоо ингэж дээдэлж хүндэлж, уламжлуулан түгээж байна гэдгийн илэрхийлэл болжээ. Харин зүүн талын ханан дээр өөрийн аяллын төлөвлөгөө гаргахад туслах Монгол орны газрын зургийг томоор дэлгэсэн нь бас сонин өвөрмөц шийдлийнх нь нэг байлаа. Харин хойд талынх нь хананд гэрэл зурагчдын бүтээл өлгөөтэй байх бөгөөд хүссэн хүн бүр тухайн зургийг худалдан авах боломжтой юм. Гар аргаар бэлтгэсэн кофеноос гадна хөхүүрийн айрагаар үйлчилдэг аж. Мөн пянз тоглуулагч дээр хөгжим сонсож, ханын проектор дээр кино үзэж, гэрэл зурагчдын бүтээлүүдийг сонирхож, үнэгүй принтер ашигласан ч болох юм байна.
Хаяг: Monnis Tower, Үндэсний номын сан хоёрын зүүн талд.