ЭЕШ-д бүртгүүлэгчдийн хамгийн ахмад нь 58 настай
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчдын хамгийн ахмад нь 58 настай. Мөн 50-аас дээш насны 13 хүн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Иргэдэд насан туршдаа суралцах боломжийг нээж өгөх нь боловсролын салбарын гол зорилго юм.
Өнгөрсөн долоо хоногт БШУ-ны сайд шийдвэр гаргаж 1-3 дугаар ангийн сурагчдын амралтыг эхлүүлсэн бол энэ 7 хоногт хичээллээд 4-12 дугаар ангийн сурагчид амрах гэж байна. ЕБС-ийн сурагчид хавар
- Анги дэвших шалгалт /3,4,6,7,8,10,11 дүгээр ангийн сурагчид/
- Улсын шалгалт /5,9,12 дугаар ангийн сурагчид/
- ЭЕШалгалт / 12 дугаар анги төгсөгчид/ өгдөг.
- Цар тахлын нөхцөл байдал, зайнаас удаан хугацаанд хичээллэсэн зэргээс хамаарч анги дэвших болон улсын шалгалтыг цуцалсан. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид одоо элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах ёстой
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ
Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилж 40420 суралцагч шалгалтад бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 34811 сурагч төгсөж байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргаад байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй байна. ЭЕШ-д газарзүйн хичээл сонгосон 1235 сурагч байгаа нь хамгийн цөөн үзүүлэлт бол, 27951 сурагч математикийн хичээлийг сонгосон нь хамгийн их үзүүлэлт болж байна. ЭЕШ-д орох сурагчдын насны бүтцийг авч үзвэл
- 15-16 настай 27 шалгуулагч
- 17 настай 1675 шалгуулагч
- 18 настай 25082 шалгуулагч
- 19 настай 13636 шалгулагч байна.
- Шалгуулагчдын дийлэнх нь насанд хүрсэн учир дархлаажуулалтад хамрагдаж эхэлсэн байна.
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ
2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг 7 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулна.
- 2021.07.01. Монгол Улсын түүх, Англи хэл
- 2021.07.02. Хими, Газарзүй, Нийгэм судлал
- 2021.07.03. Биологи, Математик
- 2021.07.04. Физик, Орос хэл, Монгол хэл
- ЭЕШ-аас өмнө шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдах ёстой байдаг. 2021.05.12-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар энэ шалгалтыг цуцлах шийдвэр гаргав. Мөн 2021.05.17-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд ЭЕШ-д орох сурагчдыг танхимаар давтлагад хамрагдах боломжоор хангахаар боллоо. Сурагч сайн дурын үндсэн дээр ЭЕШ-ын сонгосон хичээлүүдээр давтлагад хамрагдаж болно.