Ц.ЧИНБАЯР: АМЬДРАЛЫН ЭЦCИЙH ЗOГСOOЛOOC AВAPСAH ХҮНЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ ЯВААГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулгаж, эрүүл мэндийн ажилтнуудад төрийн дээд одон медаль гардууллаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч эмч Ц.Чинбаярт гавьяат эмч цол олголоо. Ц.Чинбаяр эмч нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ажлын гараагаа эхэлж байжээ. Тэрбээр ХӨСҮТ-д 24 дэх жилдээ ажиллаж байгаа аж.
Монгол Улс дэлхийн олон орноос коронавирусийн халдвар тархаагүй цөөхөн улсын нэг байлаа. Харин гуравдугаар сарын 10-нд Франц Улсын иргэнээс халдвар илэрсэн. Үүнээс хойш тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд халдвар авсан нь тодорхой болж ХӨСҮТ-д тусгаарлагдаж, эмчлэгдсээр байгаа.
Цаг наргүй, амрах завгүй, гэртээ харилгүй өвчтөнүүдээ эмчилж байгаа олон эмч бий.Түүний нэг нь ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр. Тэрбээр “Эмнэлгийн ажил гэдэг цэвэр багийн ажиллагаа. Ганцхан Чинбаяр гэж эмч мундагтаа хүмүүсийг эдгээгээд байгаа юм биш ээ.
ХӨСҮТ-ийн бүх ажилтны хөдөлмөр шүү дээ. Гэртээ харилгүй хэд л бол хэд хонодог. Гэхдээ өвчтөнүүд маань эдгэж байвал миний харих яах вэ, болох биз” хэмээн даруухан өгүүлсэн юм. Амсхийх завгүй ажлынх нь хажуугаар түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Манай улсад коронавирусийн халдвараар өвчилсөн 15 хүний дөрөв нь эдгэрчээ. Энэ бол танай баг хамт олны хичээл зүтгэл. Нойр хоолгүй зүтгэсэн хөдөлмөрийнх нь үр шим тод томруунаар гарч байгаад уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Баярлалаа. Оношлогдсон тохиолдлынхоо олонхийг нь эдгээгээд эмнэлгээс гаргасан. Хамгийн анхны тохиолдлоор бүртгэгдсэн хүний хувьд хүнд өвдсөн учраас нэлээн удаан хэвтэж байна. Одоо бараг 28 хонох гэж байгаа байх. Гэхдээ биеийн байдал нь сайжирсан. Мөн бусад хүний биеийн байдал сайжирч, хэвийн болж байгаа шүү. ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, асрагч нар 14 хоног гэртээ харихгүй ажиллаж байгаа. Бид нэг баг болж групплэгдээд 14 хоног эмчилгээгээ хийгээд, үүний дараа дараагийн багт ээлжээ хүлээлгэж өгдөг. Миний хувьд хоёр дахь багтайгаа ажиллаж байна. Одоо ажиллаж байгаа багийн ээлж маргааш (өнөөдөр) дуусна.
-Та тэгэхээр маргааш гэртээ харих нь ээ. Хүүхдүүд нь бөөн баяр байна уу?
-Манай гэр бүлийн хүн эмч. Манайх хоёр хүүхэдтэй, бага нь 12 настай. Хүүхдүүд маань аав, ээжийгээ цаг наргүй ажилладгийг мэддэг учраас хэдийн дасчихсан. Би эмнэлгийн байгууллагад 23 жил ажиллаж байгаа шүү дээ.
Тийм ч учраас ар гэр маань намайг хангалттай ойлгодог болсон. Албан үүргээ гүйцэтгэчихээд л харина даа. Өвчтөнүүд маань л эдгэрч байвал бидний харих яах вэ, болох биз. Манай ХӨСҮТ-ийнхэн ийм л нэг сэтгэлээр ажиллаж байгаа шүү дээ.
-Өвчтөнүүдийн сэтгэл санааны байдал тогтворжсон уу?
-Энэ өвчнөөр өвдсөн хүн цочролд орохоос өөр аргагүй. Дэлхий олон орны хүмүүс өвдөж, цаашлаад амь нас нь эндэж байгаа учраас эхний үед эмзэглэж, цочирдох нь аргагүй. Харин эмнэлэгтээ хэвтээд, эмчтэйгээ ярилцаж, шаардлагатай бүх төрлийн эмчилгээг хийлгэж байгаа болохоор өвчтөнүүдийн маань сэтгэл санаа
харьцангуй тогтворжиж, дээрдсэн. Ямар ч хүн эх орондоо вирус зөөвөрлөөд ирэхдээ хямралгүй яах вэ. Бүгдийг л тэсээд гарч байгаа даа. Эхнээсээ хүмүүс эдгээд, эмнэлгээс гарч байгаа болохоор өвчтөнүүд маань “эдгэрэх юм байна” гэсэн дүүрэн итгэлтэй болсон. Өвчтөнүүд эмчилгээ хийлгэхгүй гэж янз бүр болохгүй, эмч, эмнэлгийн ажилтнуудад төвөг учруулахгүй байгаа нь сайн хэрэг.
Тэд эхний үед эмзэглэж байсан ч одоо “Би та нарын ажлыг хөнгөлөхийн тулд яах ёстой вэ” гэж хүртэл асууж байгаа. Өөрөөс шалтгаалах бүх зүйлд анхаарч ажиллаж байна. Тийм учраас хүмүүсийг эмчлэхэд тулгарсан бэрхшээл бол байхгүй. Эдгээд гарсан дөрвөн хүн маань “Эрт илрүүлээд, эмчлээд, эрүүл болгож өгсөнд маш их баярлалаа” гээд гарсан.
-Вирусийн голомтод ажиллаж байгаа болохоор гэрийнхэн тань санаа зовж байгаа байх даа?
-Ариутгагч, асрагч, сувилагч гээд бүх ажилтан өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Зөвхөн манай гэр бүл биш. ХӨСҮТ-ийн ажилчдын ар гэр сэтгэл зүйн хувьд өндөр бэлтгэгдсэн байдаг. Бид ямар нэгэн халдварт өвчний голомтод тусгаарлагдаж, байршиж ажиллаж сурсан учраас ар гэрийнхний сэтгэл санаа харьцангуй гайгүй байгаа.
-Таны мэргэжил хэцүүдээ хэцүү, сайхандаа сайхан байх. Мэргэжлийнхээ сайхныг мэдрээд, ажилдаа дурлаж, зүтгэх шиг сайхан зүйл гэж үгүй. Энэ удаад хэцүү гэхээсээ илүү мэргэжлийнх нь сайхныг асуумаар байна?
-Хэцүү үе зөндөө бий. Би чинь анх Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв гэж байхад тэнд зургаан сар ажилласан. Түүнээс хойш 23 дахь жилдээ ХӨСҮТ-дөө ажиллаж байна. Эмч бол үүрэг хүлээсэн, хариуцлага өндөртэй хүн.
Тэр тусмаа эрчимт эмчилгээнд ажиллахад хувь хүний идэвх зүтгэл, хариуцлага их шаарддаг. Амьдралын эцсийн зогсоолоос аварсан хүнээ аз жаргалтай явааг харах сайхан байдаг. Харин өвчтөнийхөө амь насыг аварч чадахгүй үе хамгийн хэцүү байдаг.
Давагдашгүй хүчин зүйл тулгараад, өвчтөндөө эрчимт эмчилгээ хийж чадахгүй, бүр мөсөн алдана гэдэг үнэхээр хэцүү шүү дээ. Энэ үеийг хамгийн ихээр мэдэрсэн үе маань 2015-2016 он. Тэр үеэр улаан бурхан өвчин дэгдэж, бага насны олон хүүхэд маш хүндээр өвчилж, цөөнгүй хүүхдийг бид алдаж байсан. Тэр үед зөвхөн надад гэлтгүй манай хамт олонд үнэхээр хэцүү байлаа. Бусад үед бол бүхий л боломжоороо зохицуулаад ажилладаг.
-Аюулт өвчний голомтод ажиллаж байх энэ хугацаанд тулгамдаж байгаа асуудал байна уу?
-Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ халдварын талаар эртнээс мэдээлэл аваад, хамгаалах үйл ажиллагаагаа дэс дараалалтайгаар гүйцэтгээд явж байгаа. Цаашид олон тохиолдол гараад, нийтийг хамарвал яах талаар төлөвлөгөө боловсруулсан.
Эмнэлгийн тоног төхөөрөмж, тусгаарлалтын байр зэргийг бэлдэж байгаа. Манайх коронавирусийн үед дэлхий нийтээр хэрэглэж байгаа гурван төрлийн эмийг хэрэглэж байна. Хамгийн сүүлд гэхэд л өчигдөр Япон Улсаас вирусийн эсрэг эм авчирсан.Одоогоор тулгамдаж байгаа бэрхшээл байхгүй.
Гэхдээ халдвар хурдацтай тархаад, олон нийтийг хамрах юм бол амьсгал орлуулах аппарат гээд шаардлагатай тоног төхөөрөмжүүд олноор хэрэг болно. Ийм учраас бид хэрэгтэй тоног төхөөрөмжийнхөө тоо, судалгааг гаргаад эхнээс нь захиалж байгаа. Эмч бол үүрэг хүлээсэн, хариуцлага өндөртэй хүн.
-Монголд коронавирусийн анхны тохиолдол илрэхэд юу гэж бодогдож байв?
-Халдвар авсан өвчтөнүүдээ эмчилж байгаа нь ганцхан миний хийгээд байгаа зүйл биш ээ. Миний оронд хэн ч байсан энэ үүргийг гүйцэтгэх байсан. Эмч болгоны хийдэг өдөр тутмын ажлаа л бид хийж байна. Эмнэлгийн ажил гэдэг цэвэр багийн ажиллагаа.
Эмч хүн гэдэг сувилагч, асрагч, лабораторийн оношлогч, эм зүйч, эм тариагүйгээр хэн ч биш. Тэгэхээр ердөө л багийн ажиллагаа. Анхны тохиолдлыг оношилхоор Дорноговь аймаг руу явах багийг ХӨСҮТ-ийн захиргаа, ЭМЯ гээд л бүх байгууллага тооцож, шийдсэн. Энэ багт ямар хүмүүсийг явуулах уу, хэдэн хүн явах зэргийг бүгдийг нь
дээрээс гаргасан.Тэгээд очоод, тархалт судлаач эмч маань дахиж халдвар тархахгүй байх талаарх бүх төрлийн ажлыг хийсэн. Харин биднийг тийш нь жолооч аваад явдаг. Тэгэхээр жолооч хүртэл бидний багийн нэг хэсэг. Тэгээд шаардлагатай бүх арга хэмжээг авсны дараа анхны өвчтөнөө ХӨСҮТ рүү аюулгүй тээвэрлэж авчирсан.
Маш олон хүн зохион байгуулсан учраас бид өвчтөнөө аюулгүй авчирсан.Энд хүрээд бидний яриа өндөрлөсөн юм. Учир нь, түүний өвчтөнүүдээ үзэх цаг нь болчихсон. Тэрбээр “Надтай хамт баг болж ажилласан бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлье.
Бүх өвчтнөө эмчлээд, эрүүл саруул болгоод гаргана” гэсэн юм. Харин одоо Монгол Улсад дэлхий нийтийг цочроосон коронавирусийн халдварын 324 тохиолдол бүртгэдээд байгаагаас 312-ыг нь манай эмч нар бүрэн эмчлээд байгаа юм.Өвчтөнийхөө амь насыг аварч чадахгүй үе хамгийн хэцүү байдаг. Давагдашгүй хүчин зүйл тулгараад, өвчтөндөө эрчимт эмчилгээ хийж чадахгүй, бүр мөсөн алдана гэдэг үнэхээр хэцүү шүү дээ.