МэдээЦаг үе

Т.ДОРЖХАНД: САХАЛ Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Х.БАТТУЛГЫН ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮС ХӨГЖЛИЙН БАНКНААС ХАМГИЙН ИХ ЗЭЭЛ АВСАН

УИХ-ын гишүүн Т.Доржханд:  ЖДҮ-гээ бид мартсан. Харин энэ асуудлыг мартаж болохгүй. Хоёр төрлийн хариуцлага тооцох ёстой. Нэг нь хуулийн, нөгөөх нь улстөрийн хариуцлага. Зээл авсан нөхдүүд зээлээ төлөх ёстой. Мөнгө байхгүй гэж байна. Аль нэг газар барилга болчихсон л байгаа. Зарим нь банк бусаараа мөнгө угаачихсан байгаа. Эдгээрийг илрүүлэх ёстой.

Нүүрэн дээр өөр байх ч цаана нь Монголын улстөр, бизнесийн томчууд байдаг. Тухайлбал Худалдаа хөгжлийн банкны эзэн Сахал Д.Эрдэнэбилэг хамгийн мөнгө авсан. Тодорхой хэлье, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүс хамгийн их зээл авсан. Түүнчлэн МАН-ын 2020 он хүртэл эрх мэдэлтэй байсан бүх хүмүүс зээл авсан.

Тиймээс хуулийн хариуцлагаас гадна улстөрийн хариуцлага заавал яригдах ёстой. Хөгжлийн банкны хулгайтай холбогдсон бүх хүмүүсээ МАН болон АН гишүүнчлэлээсээ чөлөөл. Дахиж, сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй. Ингэж чөлөөлөгдсөн хүмүүсийг нь бусад намууд нь хүлээж авахгүй байх зөв.

Д.Амарбаясгалан: Иргэдийн боломжийг хулгайлж, дээрэмдэж байгаа хэсэг бүлэг хүмүүстэй бид эвлэрч суухгүй

“Тэдний өрийг бид төлөхгүй” хэлэлцүүлгийг Туушин зочид буудалд зохион байгуулж байна. Энэ үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН эв нэгдэлтэй байгаа. Гэхдээ олон нийт, улс орны эрх ашгийг давсан эв нэгдэл гэж байхгүй.

Үнэхээр олон нийтийн, улс орны эрх ашигт харшилсан, иргэдийн боломжийг хулгайлсан, дээрэмдэж байгаа хэсэг бүлэг хүмүүстэй бид эвлэрч суухгүй гэдгээ намынхаа 30 дугаар их хурал дээр ч зарласан, энэ үзэл баримтлал дээрээ ч тууштай байгаа.

Өнөөдөр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нь улс төржихгүйгээр нэг зүгт харах боломж бүрдсэн энэ цагт Хөгжлийн банк мэтийн энэ том луйвар, дээрмийн зарим нэг үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Зээлээ аваад ажиллаж хөдөлмөрлөөд шударгаар зээлээ төлөөд улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хэсгээ хэлмэгдүүлэхгүй байх нь чухал.

МАН баялаг бүтээдэг бизнесменүүдээ дэмжих тал дээр анхаарч ажиллана. Нөгөө талдаа татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг, эргэлдүүлдэг, угаадаг, тэр битгий хэл валютын ханшийн зөрүүн дээрээс хэдэн арван тэрбум төгрөг олдог бүлэглэл хүртэл бий болоод байгааг таслан зогсоох эр зориг гаргах цаг болсон.

Үүний ард нам хоорондын тэмцэл зөрчил, улс төрийн эрх ашиг гэх мэт жижиг зүйл ярьж сарниулах гэж оролдох нь зохимжгүй. Бид авлигатай, шударга бус байдалтай тэмцэхээ зарласан, мэдэгдсэн. Бусдыгаа уриалан дуудаж байгаа” хэмээн мэдэгдлээ.

Л.Энх-Амгалан: МАН-ын 26 гишүүн Хөгжлийн банкны асуудлыг шалгуулахаар АТГ, прокурорт өргөдөл гаргаж байсан 

Хөгжлийн банкнаас нийтдээ 960 тэрбум төгрөгийн зээл аваад эргүүлж төлөхгүй байгаа томоохон бизнесменүүд, нэр бүхий улс төрчидтэй холбоотой асуудал олны анхаарлыг ид татаж байна. Бондноос орж ирсэн мөнгийг зээл нэрээр авч, зориулалтын дагуу ашиглаагүй, эргүүлж төлөхгүй байгаа эдгээр улс төрчид, томоохон бизнесменүүдтэй хариуцлага тооцохыг олон нийт шаардаж,

өнөөдөр “Өрийг нь өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг Туушин зочид буудалд зохион байгуулж байна. Энэ хэлэлцүүлэгт Монгол банк, Хөгжлийн банкны удирдлагууд, Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн гишүүд, улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож байна. Энэ үеэр Хөгжлийн банкыг 2015 онд шалгах ажлын хэсгийг ахалж байсан

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Л.Энх-Амгалан ноцтой мэдээлэл өглөө. Тэрээр “ Хөгжлийн банкны энэ асуудал өнөөдөр дурьдагдаж байгаа асуудал биш. Өмнө нь яригдаж байсан бөгөөд анх удаагаа олон нийтийн анхаарлыг татаж байна. УИХ-аас 2015 онд ажлын хэсэг байгуулагдаж шалгалт хийсэн. Энэ үед маш ноцтой зөрчлүүд илэрсэн.

Тухайлбал, Самуурай бондны мөнгө Монголд орж ирэхдээ 50 сая ам доллар дутуу орж ирсэн. Үүнээс гадна Засгийн газрын тогтоолгүйгээр маш олон зээл гаргасан. Гаргасан зээлээ Монгол банкны мэдээллийн санд бүртгээгүй. Үүнээс болж энэ зээлүүд эрсдэлд орсон. Мөн бондны мөнгийг мөнгө хүүлэх эх үүсвэр болгож байж болзошгүй байсан.

Мөн 1.5 тэрбум долларыг Худлаа хөгжлийн банк, Улаанбаатар банк гэсэн хоёрхон банкинд маш бага хүүтэйгээр байршуулсан. Ажлын хэсэг энэ мэтчилэн маш олон алдаа завхарлыг илрүүлж дүгнэлт гаргасан. Гэвч ажлын хэсэгт орж ажилласан гишүүд дүгнэлтэн дээр гарын үсэг зураагүй. Тиймээс тухайн үед сөрөг хүчнээр ажиллаж байсан МАН-ын 26 гишүүн гарын үсэг зурж, ажлын хэсгийн дүгнэлтийг АТГ,

Прокурорт өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН олонхи болж, Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ажлын хэсгийн дүгнэлтээ хүргүүлсэн. Тухайн үед Ж.Энхбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг дахин байгуулсан. Яг л өмнөх ажлын хэсэгтэй адилхан дүгнэлт гарсан хэмээн мэдээлэл өглөө.

“Х.Баттулга зөвлөх, найз нөхдөдөө хэдэн зуун тэрбумын зээлийг Хөгжлийн Банкнаас авч өгсөн. Шалгах хэрэгтэй”

Тэрбээр “Энэ хулгай луйвар олон жил үргэлжилж байна. Зээлээ хэвийн төлж буй хүмүүсийг хэлмэгдүүлэх вий гэдгийг анхааруулмаар байна. Улстөрчдийн нөлөө оруулаад ямар ч барьцаагүйгээр зээл аваад төлөхгүй байгаа хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Ажлын хэсэг хамгийн түрүүнд улстөрчдийн нөлөө оруулж зээл авсан эсэхийг тодруулах ажлыг хийгээсэй.

Жирийн банк таван хувийн эрсдэлд ороход шуурхай арга хэмжээ авдаг бол Хөгжлийн банкны 55.3 хувь нь эрсдэлтэй болсон байна. Бид энэ зээлийг төлөхгүй. Бид Х.Баттулга гэдэг хүнээс эхэлж ярих ёстой юм билээ. Энэ хүний туслах асан Ууганбаяр гэж хүн 142 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй. Шүүх дээр очоод барьцаагаа суллуулсан тохиолдол бий.

Х.Баттулга яасан ханаж цаддаггүй хүн бэ. Төмөр замын асуудал, ах дүү нартаа ЖДҮ-ийн зээл авч өгснийг бүгд харсан. Зөвлөх, найз нөхдөдөө хэдэн зуун тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авч өгсөн байна. Шалгах хэрэгтэй. Тиймээс жараахай биш томоос нь хөөцөлд гэж хэлмээр байна. Ингэвэл шударга ёс тогтоно” гэлээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button