ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ АВЧ ӨГНӨ ГЭЖ 55 САЯ ЗАЛИЛЖЭЭ
Төрийн одон медаль гаргаж өгнө гэж иргэдийг залилж байсан этгээд хэрэгт шалгагдаж байхдаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн 29 настай, эмэгтэй, С нь 2020 оноос хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай утсаар холбогдон “Ерөнхийлөгчийн тамгын газрын Шагналын тасгийн ажилтан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн байна. Танд, төрийн одон медаль гардуулах боллоо, “Танай компанид дэмжлэг болгож тоног төхөөрөмж нийлүүлэх боллоо” тэмдэгтийн хураамж, тоног
төхөөрөмжийн урьдчилгаа, гаалийн татварыг шилжүүлнэ үү” хэмээн 100 гаруй удаагийн үйлдлээр бусдыг залилж, иргэдээс 100 мянгаас хоёр сая төгрөгийг дансаар шилжүүлэн авч, бусдад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 2021 оны зургадугаар сард цагдаагийн байгууллагаас илрүүлж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан 2021 оны 12 дугаар сард шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч С нь хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд дээрх аргаар дахин залилах гэмт хэрэг үйлдсэн нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тул иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, албан ёсны эх сурвалжаас тухайн мэдээллийг тодруулж, нягталж байхыг анхааруулж байна. Хэрэв энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон мөн дээрх төрлийн асуудлаар сэжигтэй байдлаар хүн холбогдсон бол цагдаагийн байгууллагад хандана уу.