Сошиалыг шуугиулсан пост мартагдсан ч……..
Хоёр жил орчмын өмнө ажил хэргийн шугамаар танилцсан залуугаас үүдэж цахим дарамтад өртөн ажил, амьдралын хар бараан дурсамжтай үлдсэн нэгэн бүсгүйд тохиолдсон явдлын талаар энд дэлгэрэнгүй өгүүлэх юм. Цахим дарамт магадгүй танд ч, таны ойр дотны хэн нэгэнд тохиолдох эрсдэл болзошгүй тул мэдээлэл, сэрэмж өгөхөөр эзнийх нь зөвшөөрөлтэй нийтэлж байна. Лиценз авах иргэдэд үйлчлэх нь түүний өдөр тутмын ажил. Нэг удаа лиценз авахаар ирсэн залуу түүгээр үйлчлүүлэхдээ бусад үйлчлүүлэгчээс арай өөрөөр хандсанаар энэ бүхэн эхэлжээ. Улаанбаатар хотод, тэр дундаа төрийн үйлчилгээний албанд түмэн хүний дунд ажиллаж байсан эмэгтэй А-гийн амьдралд санаанд оромгүй зүйл тохиолдох болно. Залуу эр албан хаагч эмэгтэйг “найрахын” тулд утсаар ярьж, хувийн асуудлаар мессеж бичиж, уулзах санал тавьсаар байлаа. Тэд нэг өдөр болзож, түүний дараа ч мөн нэг удаа болзлоо. Ийнхүү тэд ердөө хоёр удаа уулзсан байна. Хоёр дахь удаа уулзахдаа залуу эр өөрийнхөө утсаар бүсгүйн хамт сельфиджээ /өөрөг/. Бүсгүйд залуу таалагдаж эхлэв. Энэ уулзалтаас хойш дахиж уулзах тохироо нэг л бүрдэхгүй, хэсэг хугацаа өнгөрөөд байж. Гэтэл нэг өдөр А руу нэг эмэгтэй утсаар залган, өөрийгөө мөнөөх залуу эрийн эхнэр хэмээн танилцуулж, удахгүй гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж буйгаа ч дуулгаж. Залуу эр өөрийгөө гэрлээгүй, ганц бие гэж хэлсэнд итгэчихсэн байсан учраас тэрхүү эмэгтэйгээс ямар хүний талаар яриад байгааг нь лавлан асуув. Утасны цаанаас эхнэр нь түүнийг нөхөртэй нь “явалдсан” ичгүүргүй амьтан хэмээн загнаж, элдвээр хэлж, доромжилсон байна. А эхэндээ мэл гайхаж балмагдсан ч утасны цаана бачимдах эмэгтэйг тайвшруулах зүйл байсан юм. Тэдний хоёр удаагийн уулзалт энгийн болзоо байснаас, дотно харилцаанд ороогүй аж. А нэгэнт гэр бүлтэй эрэгтэйтэй уулзсан нь өөрийнх нь огт төсөөлөөгүй үнэн болж хувирахад эхнэр гэх эмэгтэйд энэ тухайгаа хэлж учирлахаас өөр аргагүй болсон хэрэг. Уг нь бол залуу бүсгүйн хувьд эр хүнтэй учраад юу хийсэн, юу хийгээгүй нь түүний хувийн хэрэг, хэн хүнд дэлгэх албагүй нууц юм. “Би та хоёрын харилцдаг нууц утсыг олсон. Та хоёрын зургийг ч харсан. Чи угаасаа явдалтай хүүхэн юм бишүү, хэнийг нь ч танихгүй аль нь вэ гэж асуулаа ш дээ” гээд халгаагүй байна. Ингээд А залуу руу залгаж, учир явдлыг хэлэхэд тэрээр “Манай эхнэр биш. Хүүхэд ч байхгүй. Намайг эргүүлж байгаа хүүхэн” гэжээ. Залуутай ярьсны дараа эхнэр нь залгаж, та хоёр дахиад ярьсан байна лээ хэмээн уур цухлаа үргэлжлүүлсэн байна. Энэ бүхний дараахан А-гийн найз нэг өдөр залгаад “Юу болоод байгаа юм бэ. Чи юунд орооцолдчихсон юм бэ” хэмээн цочирдож гайхсан, анхааруулсан өнгөөр ярьж, фэйсбүүкээ шалга гээд чатаар линк явуулжээ. Ороод үзтэл ээжүүдийн группүүдэд нэр, зураггүй нууц хаягаас (залуугийн эхнэр) өнөөх сельфи зургийг нь чатласан чаттай нь, А-гийн фэйсбүүк хаягийг скрийншот хийж оруулахдаа шинэ жилийн баяраар авахуулсан гоёлын даашинзтай зэрэг энгэр, хөл ил гаргаж хувцасласан зургуудыг нь хавсаргаж нийтлэхдээ “угаасаа я**** царайтай” гэх мэтээр доромж тайлбарууд зүүсэн байжээ. Сельфи дээрх нөхрийнхөө царайг “шар смайл”-аар тагласан байв. Энэ постоо ээжүүд, эмэгтэйчүүдийн группүүдэд тавьсан нь хэдэн мянган сэтгэгдэл дагуулж, шэйр авсан байлаа. Түүний фэйсбүүк чат тав хоногийн турш таньж мэдэхгүй хэдэн зуун хүнээс доромжилсон мессежүүдэд тасралтгүй булагдав. Сошиалд түүнийг газрын гаваар ормоор болтол үгийн муугаар хэмлэжээ. Зах зухаас нь дурдвал, “Үйлийн үрээ чи хүнтэй суухаараа хүртэнэ дээ”, “Чи хүүхэдтэй болохоороо өөрөө ингэж хаягдана даа”, “Жирэмсэн болоод гэдсэндээ хүүхэд чинь эндээсэй”… А ингэхэд л хүмүүс ямар аймаар хараал хэлдгийг, тэдгээр хатуу яхир үгс бие сэтгэлийг үхүүлж болдгийг мэдэрчээ. Түүнд фэйсбүүк хаягаа бүрмөсөн устгахаас өөр арга олдсонгүй. Цахим орчин дахь эл дарамт хүчирхийлэл түүний бодит амьдралыг бүрэн нурааж орхисон юм. А-гийн аав нь хүртэл охиндоо итгэхгүй “Чамайг арай ч ингэж бодсонгүй. Ийм болгох гэж өсгөөгүй” гээд нас биед хүрсэн охиндоо гар хүрч зодов. Бодит биш цахим ертөнцийн ховоос болж аав нь хүртэл түүнд сэтгэлийн шарх нэмж байлаа. А ажлаасаа халагджээ. Ажлын шугамаар танилцсан залуутай “явалдсан” нэрийн дор түүнийг ажлаас нь халахдаа “Ур чадварт тэнцэхгүй” гэсэн үндэслэлээр тушаал гаргасан юм. 7-10 хоногийн турш сошиалд эрчийг авч, нэг бүсгүйн ажил, амьдралыг хөмөрснийхөө дараа тэр пост зүгээр л “мартагдчихсан”. Дараагийн сенсаци, дараагийн үйл явдал, дараагийн постуудад зүгээр л арчигдчихсан юм. Сошиал орчинд энэ бүхэн дууссан ч А ажилгүй болж, аав ээждээ ч өршөөгдөшгүй буруутан болж үлдэх нь тэр. Цахим дарамт, ялгаварлалаас зугтахын тулд хаягаа устгачихсан болохоор ганц ч тайлбар тавьсангүй, өөрт тохиолдсон явдлын үнэн мөнийг хэнд ч нотлох боломжгүй хоцров. А одоо эр хүнтэй болзох талаар бодохоос айдаг. Эхнэртэй үгүйг нь мэдэхийн тулд яаж шалгуулах вэ, бас өөрт нь хүн итгэх болов уу гэх асуултуудаасаа өөрөө ч цэрвэнэ. А хуульч болон сэтгэлзүйчид ханджээ. Хуульч “Би түүнээс яг үнэнээ хэлэхийг хүссэн. Үнэнийг мэдэж байж чамайг хамгаалж болдог гэдгийг хэлсэн. Тэгэхэд А “Үнэхээр тэр залуутай эр эмийн харилцаанд ороогүй. Би тэр хүнтэй чаталж, хоёр удаа уулзсанаа буруу гэж бодохгүй байгаа” гэсэн. Залуус чаталж, холбогдож байж уулзаж, болздог болохоор энэ бүхэн энгийн л зүйл. Хэн ч өөрийгөө танилцсан хүнээсээ болж ийм дарамт, цахим халдлагад өртөнө гэж бодохгүй шүү дээ. А тэр залуутай дотносоогүй нь үнэн. Хэрвээ эхнэртэйг нь мэдэж байсан бол уулзахгүй байсан гэдгээ ч надад хэлсэн. Тэр залуугийн фэйсбүүк хаягийг харахад гэр бүлтэй гэдэг нь мэдэгдэхээргүй, өөрийнх нь зургууд л байсан. Нууц хаяг нь байх” гэв. Хүмүүс түүнийг зүхэн харааж, фэйсбүүкээр бичиж, постолж, мессеж бичиж байхдаа үнэн, худлыг нь ерөөсөө нягтлаагүй нь А-д хамгийн хэцүү санагджээ. “Чат болон зургийг нь постлоход л хүмүүс хэт нэг өнцгөөс туйлшран харж, бүсгүйг буруутгаж байснаас биш агуулгын хувьд тэнд сүйдтэй зүйл байгаагүй” гэж хуульч хэлсэн юм. Хуульч түүнд ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба болон гүтгэх, доромжлох, хувь хүний зураг, хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацсан үндэслэлээр шүүхэд хандахыг зөвлөсөн ч А асуудлаа бүрэн шийдвэрлүүлэхээр цагдаагийн газар, хууль шүүхээр яваагүй байна. Ковидын хөл хорионы үе ч таарч, ажил төрлөөсөө ч халагдав. Нөгөөтэйгүүр нэр төрд нь халдсан эмэгтэй гурав дахь хүүхдээ төрүүлэх дөхсөн, жирэмсэн байсан болохоор нялх биетэй хүнийг хүндэтгэх үүднээс эл асуудлыг дахин сөхөхгүйгээр цэг тавихаар шийджээ. Сэтгэлзүйчид хандсанаар гурван сарын хугацаанд суурь эмчилгээ хийлгэжээ. А энэ тухай “Сэтгэлзүйчтэй ярилцсаны үр дүнд үйл явдал болоод нэгэнт ард өнгөрснийг ойлгож, айдсаасаа салж чадсан. Гэхдээ сэтгэлзүйч болсон явдлыг, хүмүүс намайг буруугаар ойлгосныг өөрчилж хэзээ ч чадахгүй шүү дээ” хэмээлээ. Таны хэн байхаас үл хамаарч цахим орчинд нэвтэрч л байгаа бол цахим дарамт, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй. Энэ нь цахим орчинд буй хүн рүү чиглэсэн халдлага юм. Тодруулбал, цахим орчинд хүнийг илтэд заналхийлэх, айлгах, дарамтлах, дорд үзэх нь цахим хүчирхийлэл юм. Ийм төрлийн хүчирхийлэл нь хүний сэтгэл санааг төдийгүй бие махбодийг гэмтээх үр дагавартай байдаг. Хэсэг бүлэг хүмүүс болоод хэн нэгэн түгээмэл ашиглагддаг нийгмийн сүлжээгээр дамжин санаатайгаар, удаа дараалсан байдлаар бусдыг гүтгэх, хорлох үйлдэл хийх, айлган сүрдүүлэхийг ч хэлж болно. Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар бүх төрлийн хүчирхийлэл нь гэмт хэрэг болно. Иймд цахим орчинд ямар төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж буйг тодорхойлох хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд “заналхийлэх” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон. Заналхийлэх гэдэгт бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдэл хамаарна. Мөн 13.8 дугаар зүйлд “Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах” үйлдлийг, 13.10 дугаар зүйлд “Хувь хүний нууцад халдах”, 13.11 дүгээр зүйлд “Хувь хүний нууцыг задруулах”, 13.12 дугаар зүйлд “Хууль бусаар мөрдөж мөшгих”, 14.1 дүгээр зүйлд “Ялгаварлан гадуурхах”, 14.3 дугаар зүйлд “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах” үйлдлийг тус тус гэмт хэрэг гэж тооцсон. Тийм болохоор Та цахим хүчирхийллийн төрөл, үр дагавраас хамааран дээр дурдсан гэмт хэргийн аль нь болохыг тодорхойлж, оршин суугаа хаягынхаа харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргах хэрэгтэй. Мөн цахим дарамт, хүчирхийллийн улмаас нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирол учирсан тохиолдолд иргэний хэргийн шүүхэд хандаж, хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
1.Эерэг пост, сэтгэгдэл бичих Өнөөдрийг юу аз жаргалтай болгож буй тухай, хүн бүхэн тэр бүр анзаардаггүй ч баяр баясал төрүүлж байдаг жижиг зүйлсийн тухай бусадтай хуваалцаж, сэтгэгдлээ бичээрэй. Хэн нэгэнд гэрэл гэгээ түгээх ч юм билүү.
2.Бусдад туслах Тусламж хүссэн, мэдэхгүй зүйлээ асуусан хүмүүст чадах чинээгээрээ мэдээлэл өгч тусалж болох юм. Цаг тулсан үед хамгийн ойр байгаа хэн нэгнээс л хүмүүс тусламж хүсдэг гэдгийг санаарай.
3.Талархлаа илэрхийлэх Гэр бүл, найз нөхөд, хамт олон, танил биш ч Танд гараа сунган тусалсан хүмүүст талархлын үгээ заавал хэлж, чин сэтгэлээ илэрхийлээрэй.
4.Хөгжилтэй гэрэл зураг, видеогоо хуваалцах Бид өдөр тутамдаа хангалттай худал болоод сөрөг мэдээлэлтэй “нүүр” тулдаг. Тиймсээс сошиал орчинд буй бусадтайгаа гэгээлэг, үнэн бодитой, түр зуур ч гэсэн инээд бэлэглэх хөгжилтэй үйл явдал, зураг, дүрс хуваалцах нь Танд ч сайхан сэтгэгдэл төрүүлэх болно.
5.Бусдын пост, сэтгэгдлийг дэмжих Хэн нэгний бичсэн талархлын, ухаарлын болоод бусадтай мэдээлэл хуваалцсан пост, сэтгэгдэлд лайк дарж, дэмжиж буйгаа илэрхийлж болно.
6.Сэтгэгдэл үлдээхээсээ өмнө тунгаах Үзэл бодол нийлэхээргүй пост, сэтгэгдэлд уурласан, бухимдсан үедээ хариу бичихээсээ өмнө азнаж, сошиал орчинд ямар үйлдэл гаргах гэж буйгаа анзаараарай. Таны бичсэн нэг өгүүлбэр бусдын зүрх сэтгэлийг үүрд шархлуулах, ойр дотны хэн нэгэн таниас дөлж одохвий гэдгийг эхлээд сайтар бодох хэрэгтэй.
7.Урмын үг үлдээх Найз нөхөд, гэр бүлийнхнээс нь хэн нэгэн шалгалтаа амжилттай өгсөн, шинэ зүйл сурч мэдсэн, том ажлын ард гарсан тухайгаа нийтэлсэн байвал магтаж сайшааж, баяр хөөрийг нь хуваалцаж байгаарай. Бусдын хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлж, магтаж урамшуулах нь найрсаг, сайхан зангийн илрэл юм шүү. Таны сэтгэл ч цэлмээд л ирнэ.