Мэдээ

Н.ӨНӨРЦЭЦЭГ: “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэгт эрх бүхий хүмүүс а.й.ж, с.а.н.д.а.р.ч байна

-ОДОО Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН СЭТГҮҮЛЧ БОЛОХ ЮМ УУ, БҮҮ МЭД-Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгтэй “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн талаар болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Сэтгүүлч Ч.Лодойсамбуу та хоёр “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг үр дүнд хүргэхийн тулд хэрхэн ажиллаж байна вэ? -“Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэгт 200 орчим хүн оролцсон. Хэлэлцүүлгийн үеэр талууд олон санал гаргасан. Ч.Лодойсамбуу бид хоёр саналуудыг багцалж, нэгтгээд Үндэсний аюулгүй

байдлын зөвлөл, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт “Ажил хэрэг болгож өгнө үү” хэмээн өнөөдөр хүргүүлнэ. Тус хэлэлцүүлэг Монгол Улсын түүхэнд анх удаа бүх талын оролцоог хангасан шийдэл хайсан, монголчууд хэлэлцэж чаддаг гэдгийг харуулснаараа онцлог боллоо.-Оролцогчдоос ирсэн саналуудад анализ хийхэд ихэвчлэн ямар шийдэл гарч байна вэ. Хэлэлцүүлгийн үеэр олон шинэ баримт ил болсон байх?

-Хэлэлцүүлгийг анхааралтай ажиглавал, олон асуудал ил болсон. Ихэвчлэн “Тогтолцоогоор нь асуудлыг харъя, хуульд өөрчлөлт оруулах ёстой” гэх санал түгээмэл байна. Мөн хэлэлцүүлгийн үеэр хуулийн байгууллагын үйл ажиллагаа учир дутагдалтай байгааг ярилцаж, хуулийн байгууллагынхныг шүүмжилсэн. Тодруулбал, Хөгжлийн банкнаас зээл авсан “Монгол драй милк” ХХК зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг Хөгжлийн банк тогтоогоод Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг.

Харин тус хэрэг н.Уранчимэг гэх шүүгч дээр 11 удаа 28 сараар хойшилсон байгаа юм. Энэ нь ямар учиртай вэ гэхээр, компани зээлээ төлж чадахгүй шүүхэд шилжихээр хүү нь бодогддоггүй юм байна. Тэгэхээр тус компани хуурай сүүний үйлдвэр ч үгүй, мөнгө нь ч байхгүй шүүхийн хамгаалалтад ороод хоёр жил гацчихсан гэсэн үг. Хөгжлийн банк 2011 онд байгуулагдахдаа мөнгө угаах зорилготой байсан юм байна гэж хардмаар. Учир нь, Засгийн газар баталгаа гаргаж бондын мөнгө босгочихоод Хөгжлийн банканд төвлөрүүлсэн юм билээ.

Тэр үеэс л асуудал үүссэн. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 2015 онд УИХ-ын ажлын хэсгийг ахалж байхдаа олон зөрчил илрүүлж байжээ. Хамгийн ноцтой нь Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийг Монголбанкны зээлийн жагсаалтад оруулаагүй, мөн 1.5 тэрбум ам.доллар дутуу орж ирсэн гэдгийг илрүүлж байсан юм билээ. Ажлын хэсэг зөрчил илрүүлсэн ч Хөгжлийн банк зөрчлөө арилгаж чадахгүй байсаар өнөөдөр дампуурахад хүрч байна. Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч “Хөгжлийн банк 760 тэрбум төгрөгийн

эрсдэлийн сан байгуулах шийдвэр гаргасан ч эрсдэлийн сан байгуулаагүй” гэж ярьсан. Тэр үед Хөгжлийн банкыг шалгасан шалгалтын дүнгээ улсын нууц болгочихсон юм билээ. -Зарим хүний ярьж буйгаар сэтгүүлч Ч.Лодойсамбуу та хоёрыг МАН-ын генсектай хамтарч, зохион байгуулалттай хэлэлцүүлэг хийсэн гэх. Д.Амарбаясгалан танд хэлэлцүүлэг хийх санал тавьсан уу? -Би мэргэжлийнхээ хүрээнд баримт мэдээллийг олон нийтэд мэдээллэх үүрэгтэй.

Харин тухайн мэдээллийг иргэд, олон нийт яаж ашиглахыг таамаглах аргагүй. МАН-ын даргын зөвлөх асан Ё.Отгонбаярын эхнэрийн хувьцаа эзэмшдэг “Нүүдэлчин групп” ХХК Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөгийн зээл авсан талаар бичихэд тэрбээр сэтгүүлчдийг “Ална” хэмээн заналхийлж сүрдүүлсэн. Хөгжлийн банкны асуудал түүний сүрдүүлгээр хүчээ авсан гэж болно. Олны анхаарлыг татсан Хөгжлийн банктай холбоотой асуудалд эрх баригч намынхан зууралдах юм бол албан тушаалынх нь асуудал хөндөгдөж болзошгүй учир

зарим нь улс төрийн ухаан сийлж, сэтгүүлчдийн олсон баримтаар тоглолт хийсэн байхыг үгүйсгэхгүй. Өмнө нь эрх баригч намынхан булхай, луйвраа үргэлж хамгаалдаг байсан. Гэвч энэ удаад нотой хүмүүсийг гаргаж ирэх юм бол хариуцлага тооцохоо МАН-ын Нарийн бичгийн дарга мэдэгдсэн. Тиймээс эрх баригчид зарим зүйлд нэгдэж чаддагийг энэ удаагийн хэлэлцүүлгээс харсан байх. Би Д.Амарбаясгалан даргыг нотой хүмүүст “Хариуцлага тооцно” гэх мэдэгдэл чинь цаас биш бол “Хэлэлцүүлэгт ирээрэй” гэж урьсан.

Д.Амарбаясгалан дарга хэлэлцүүлэгт ирж үзэл бодлоо илэрхийлсэн. –Иргэд Ч.Лодойсамбуу та хоёрын хэлэлцүүлгийн үр дүнг хэзээ гарах бол гэсэн хүлээлтэй байна. Та “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үр дүн хэдий хугацааны дараа гарна гэж бодож байна вэ? -Сэтгүүлчид энэ цаг үед дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгэж хууль, хяналтын байгууллагынхан ч анхаарч байгаагүй том бүлэг сүлжээг дэлбэлж чадсан. Тиймээс Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчид буюу эрх бүхий хүмүүс айж,

сандарч байна. “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгээс ажиглахад, иргэдийн дунд Ч.Лодойсамбуу бид хоёр өндөр хүлээлттэй байдаг юм байна. Бусад телевиз, сайтуудаар олон төрлийн хэлэлцүүлэг гардаг. Тэднээс ямар нэгэн үр дүнг шаарддаггүй. Гэхдээ иргэд хүлээлттэй байх нь зөв. Бид хоёр Хөгжлийн банкны хохирлыг барагдуулж дуустал хамтарч ажиллана. “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болоход 39.8 тэрбум төгрөг Хөгжлийн банканд төвлөрсөн байна лээ. Хэлэлцүүлгийн үеэр монголчууд Хөгжлийн банк, Монголбанк, хууль хяналтын

байгууллагынхан, УИХ-ын гишүүд, иргэний нийгмийн байгууллагуудын арчаагүй байдлыг харсан. Зарим нь хэн нэгнээс мөнгө авч тухайн хэлэлцүүлгийг юу ч биш болгох гэж оролдсон. Зарим сэтгүүлч асуудал, шийдэл сонсохоос илүү Д.Мөнх-Эрдэнэ, Б.Жаргалсайхан хоёрыг зодолдож байна уу, үгүй юү гэдгийг сурвалжилж байсан. Монголчууд асуудлаас айгаад ирдэггүй хууль, хяналтын байгууллагынхаа арчаагүй байдлыг харсан. Энэ бол хэлэлцүүлгийн нэг үр дүн шүү дээ. Ирэх жил Засгийн газар 2.1 их наяд төгрөг төлөх ёстой. Тус өрийг татвар

төлөгчдийн мөнгөөр бус Хөгжлийн банкнаас зээл авсан эрх бүхий хүмүүсээр төлүүлэх бүх бололцоог нь хангахыг шаардаж ажиллана. Дээр нь МАН-ынхан хэрэгт холбогдсон гишүүдээ үргэлж хаацайлдаг. Харин энэ удаад МАН-ын Нарийн бичгийн дарга “Хөөнө” гэж хэлсэн. Түүнийг нь биелүүлэхэд шахаж, шаардаж ажиллана. Улс төр рүү зээл авах гэж, бизнесээ цэцэглүүлж, халаасаа түнтийлгэх гэж ордог хүмүүсийг дахин төрд зүтгэхгүй байхад нь анхаарна. Энэ мэтчилэн үр дүн удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна.

-Ч.Лодойсамбуу та хоёрыг МАН-ын бодлогоор хэрэгжүүлж буй хэлэлцүүлэг, “Мэдээллийн урсгал” гэх мэтчилэн нэвтрүүлэгт хамтран ажиллаж байгаа болохоор халаас нэгтэй байж болзошгүй хэмээн хардаж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ? -“Мэдээллийн урсгал нэвтрүүлэг” МАН-ынх гэдгийг хэн нотлох юм. Сэтгүүлчид олон нийтэд танигдах гэсэн адилхан амбицтай. Өнгөрсөн жил Телевизүүдийн холбооны ерөнхийлөгч надтай уулзаад “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт сэтгүүлчээр ажиллах санал тавьсан.

Шууд нэвтрүүлгийн үеэр албаны хүмүүсээс хүссэн асуултаа асуух боломжтой байсан учир би татгалзаагүй. Тухайн үед өөрийгөө болон сайтаа олон нийтэд таниулах зорилготой орсон. Түүнээс “Мэдээллийн урсгал” нэвтрүүлгээс мөнгө харж ороогүй. Тэр нэвтрүүргээс нэр хүнд олж, олон хүнд танигдсан. Ч.Лодойсамбуу ямар зорилготой орсныг мэдэхгүй. Олон нийтэд танигдсан нэр хүндтэй, мэдлэгтэй, бодлоготой, сэтгүүл зүйг мөн чанараар нь хардаг сэтгүүлч бол Ч.Лодойсамбуу. Тийм учраас Ч.Лодойсамбууд “Өөрөөр нь төлүүлье”

хэлэлцүүлэг хамт хийх санал тавьсан. Бид амжилттай хамтарч ажиллана гэдгээ ч мэдэж байсан. Бид хоёр нийтийн эрх ашигт нэгдэж чаддаг. Харин хэн нэгний даалгавраар түүнтэй нэгдээгүй. -Ажил мэргэжлийнхээ хүрээнд аливаа баримтыг олон нийтэд ил болгоход тухайн сэтгүүлчийг дарамтлах, айлган сүрдүүлэх тохиолдол элбэг болжээ. Сүүлчийн үед танд ямар нэгэн дарамт, шахалт ирэв үү?-Олон төрлийн дарамт, сүрдүүлэг ирдэг. Тэр бүхнийг олон нийтэд ил болгодоггүй. Харин хэлэх ёстой гэж бодсоныгоо

хэлдэг. Надад ирдэг гурван төрлийн дарамт бий. Хамгийн сүүлд Ё.Отгонбаяр “Ална” гэж заналхийлсэн. Хоёрдугаарт, “Монполимет” ХХК-ийн зүгээс “Мэдээллээ зогсоогооч” гэх гуйлтын чанартай сүрдүүлэг удаа дараа ирж байсан. Мөн ТЕГ-ын дарга асан генерал Д.Гэрэлийн алтны уурхайн талаар сурвалжилсаны дараа “Бичлэгийг чинь задална шүү” гэж сүрдүүлж байсан. Олны хэл ам гэдэг хэцүү. Гэвч нэгэнт ажил, амьдралаа мэргэжилдээ зориулчихсан болохоор эцсийг нь хүртэл ажиллана гэж боддог.

-Иргэд хэвлэл мэдээллийн редакц бүрийг заавал нэг даргынх байх ёстой гээд автоматаар ойлгочихсон байдаг. Үүнтэй адил таныг Х.Нямбаатар сайдын сэтгүүлч гэж олон жил ярьж, та үгүйсгэж байлаа. Гэхдээ Х.Нямбаатарын сэтгүүлч биш гэдгээ эцсийн байдлаар ямар баримтаар нотлох вэ?-Сэтгүүлч аливаа асуудлыг хөндөхөд нэгэнд нь ашигтай нөгөөд нь ашиггүй байдаг. Х.Нямбаатарын сэтгүүлч гэх яриаг анх Ц.Гарамжав гаргасан. Яагаад гэвэл Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар Ц.Гарамжавын тухай

бичсэн миний нийтлэлээс болж түүнийг тойрогтоо нэр дэвшүүлээгүй юм шиг байна лээ. Тиймээс Ц.Гарамжав намайг Х.Нямбаатарын сэтгүүлч гэж цоллох болсон юм. Үүнээс гадна би Ц.Элбэгдоржийн сэтгүүлч, Ж.Эрдэнэбатын сэтгүүлч, Б.Хурцын сэтгүүлч, Н.Учралын сэтгүүлч гэх мэт нэр авч байсан. Одоо Д.Амарбаясгалангийн сэтгүүлч болох юм уу, бүү мэд. Иргэд “Х.Нямбаатар сайдын талаар яагаад бичдэггүй юм бэ” гэж асуудаг.

Х.Нямбаатарыг ЖДҮ-тэй холбоотой асуудлаар өмнө нь зөндөө бичиж, хойноос нь хөөж яриулж байсан. Иргэд амархан мартчихдаг юм байна. Х.Нямбаатар ямар хэрэг тарихыг мэдэхгүй. Тэр цаг үед нь би сэтгүүлч шиг баримттай бичнэ. Х.Нямбаатарын сэтгүүлч мөн эсэхийг цаг хугацаа харуулах байх.-Цаг гарган ярилцанд баярлалаа. -Баярлалаа. Эх сурвалж: Эргэлт.МН

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button