Тренд

Н.МӨНХШҮР ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЖ, МОНГОЛ УЛС БАГААРАА ТЭРГҮҮЛЛЭЭ

Монголын Оюун Ухааны академийн тамирчид дэлхийд нэрээ дуурсгасаар л байна. Тэдний амжилт жил ирэх тусам ахиж, дэлхийд гайхагдаж байна. Энэ удаа ч тэд өөрийн дэмжигчдийнхээ итгэлийг алдсангүй. Амжилтаараа гялалзаж яваа Оюун ухааны тамирчиддаа улам их амжилт хүсье.

Ингээд Монголын Оюун ухааны Академийн захирал Х.Хатанбаатарын хуваалцсан сайхан мэдээллийг та бүхэндээ хүргэе. 2022.02.21 өдөр “30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүн хараахан гараагүй байсан билээ.

Тэгвэл дөнгөж сая гайхалтай мэдээ хүлээн авлаа. Нийт 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр Дэлхийн хошой аварга болсон бол ОУ-ын Мастер Д.Хүслэн “Бага нас”-ны ангилалд түрүүллээ.

Мөн тэмцээний нийт 90 медалиас 33 медаль (10 алт, 12 мөнгө, 11 хүрэл) хүртэж, 21435 оноогоор Монголын баг тэргүүллээ. Монгол Улсаа төлөөлж нийт 19 тамирчин тус тэмцээнд оролцсоноос 5 тамирчин ОУ-ын Мастерийн цолны болзол хангалаа.

Бүх тамирчдадаа, багш дасгалжуулагч нартаа, тамирчдынхаа гэр бүл, дэмжигчдэдээ дахин баяр хүргэе! Тэмцээний хамгийн чухал зүйл болох тэмцээн зохион байгуулах байраар ивээн тэтгэж оюуны спортыг дэмжсэн International University Of Ulaanbaatar (Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль)-ийн удирдлагууд болон нийт хамт олонд чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлье.

Биднийг ойлгож тусалж дэмждэг хүмүүстээ бүгдэд нь талархал илэрхийлье. Ийнхүү манай ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг маань Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг гээд дэлхийн олон оронд зохион байгуулагдсан олон улсын 60 дахь тэмцээндээ амжилттай оролцож 1115 медаль, 101 цом хүртэж амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна” гэжээ.

Хандсүрэнгийн Хатанбаатар: Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан Х.Хатанбаатар нь Турк улсын Гази их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Нийтийн удирдлагын магистр зэрэгтэй.

Тэрээр 2006 оноос хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Монголын анхны тамирчин юм. 2008 онд Турк улсын хурдан уншлагын аварга шалгаруулах анхны тэмцээндээ оролцож мөнгөн медалийн эзэн болсноос хойш оюуны спортын тэмцээнүүдээс нийт 12 медаль хүртжээ.

Түүний гаргасан томоохон амжилтаас нь дурдвал 2011 оны Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медалийн болзол хангасан юм. Х.Хатанбаатар нь Монгол хүний оюуны потенциалыг дэлхийд таниулах хүсэл мөрөөдөлтэйгөөр академиа 2010 онд байгуулсан ба

өнөөдөр гар нийлсэн хамт олны хичээл зүтгэл, мэриймтгий суралцагчид болон тэдний гэр бүлийн дэмжлэгээр Монгол Улс оюуны спортын зарим төрлөөр дэлхийд чанараараа нэгдүгээрт бичигдэж эх орноо олон улсад амжилттайгаар сурталчилсаар байна.

Монголын Оюун Ухааны Академи:  Монгол эх орны маань ирээдүй болсон хүүхэд бүр оюунлаг, ёс суртахуунтай, эх оронч, бүтээлч сэтгэлгээтэй болж төлөвшинө гэдэгт Монголын Оюун Ухааны Академийн хамт олон бид бат итгэлтэй байдаг.

Тиймээс Монгол хүний оюуны чадамжийг хөгжүүлэх замаар Монгол улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэнэ гэсэн эрхэм зорилготойгоор 2010 оноос эрчимтэй үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.

Сургалтыг мэргэжлийн өндөр чадвартай, мэдлэгээ бусдад хуваалцах мэдрэмжтэй шилдэг залуу багш нараар шинжлэх ухааны үндэслэлтэй, онол практикийг хослуулсан суралцагч төвтэй сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж оюуны онцгой чадваруудыг эзэмшүүлж байна.

Монголын Оюун Ухааны Академи өнгөрсөн жилүүдэд: Монгол улсынхаа иргэн бүрийн оюуны чадамжийг хөгжүүлэх зорилготой Улаанбаатар хотын 5 дүүрэгт үндсэн болон гэрээт 8 салбар, мөн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод, Баянхонгор зэрэг аймгуудад гэрээт салбаруудаа нээсэн байгаа бөгөөд цаашлаад Монгол улсынхаа 21 аймагт нээж ажиллахаар зорьж байна.

Олон улсад Румын, Өвөрмонголд франчайз гэрээт салбаруудаа энэ 9 сард албан ёсоор нээж үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд Герман, Америк, Киргиз, Энэтхэг зэрэг улсад нээхээр төлөвлөж байна. Эх орны маань ирээдүйг атгалцах эрхэм дүү нарыгаа бага балчир наснаас нь хөгжүүлж онцгой чадварыг эзэмшүүлэн чадамж хэмээх гүүрээр зөв алхахад нь туслах зорилгоор

2017 оны 9 дүгээр сард “Ивээлийн найзууд” цэцэрлэгээ үүсгэн байгуулж ахлах, бэлтгэл 2 бүлэгтэй эхлүүлж байсан бол энэ хичээлийн жилд ахлах 2, бэлтгэл 2 тус тус 4 бүлэгтэй улам өргөжин тэлж үйл ажиллагаа нь эрчимжиж байна.

Мөн нэрнийх нь утга “Уг үндэс” гэсэн утгатай академийн дэргэдэх оюуны спортын төрөлжсөн сургалттай “Язгуур” бага сургуулиа 2018 оны 9 дүгээр сард нээж 24 сурагчтай эхлүүлж байсан бол энэ жил 50 орчим сурагчтай үйл ажиллагаагаа улам бүр тэлэн ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот болон 18 аймагт 35,000-аас илүү хүнд оюуны хөгжлийн цуврал лекцээ үнэ төлбөргүй уншиж, давтагдсан тоогоор 10,000 давсан хүүхэд, залуус ахмад үеийнхнийг оюуны хөгжлийн олон талт сургалтууд, төрийн болон хувийн хэвшлийн 300 гаруй байгууллагад богино болон урт хугацааны сургалтыг амжилттай удирдан явуулсан.

Мөн байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн боломжгүй нийт 163 хүүхдийг богино болон урт хугацааны сургалтанд суулгаж академийн дэргэдэх “Megamind” тамирчдын клубээрээ дамжуулан олон арван хүмүүнлэгийн ажлыг нийгэмдээ хийж гүйцэтгэжээ.

Бид эрхэм зорилгынхоо хүрээнд дотооддоо оюуны спортын 94 тэмцээнийг амжилттай зохион байгуулж давтагдсан тоогоор 11,000 гаруй тамирчдыг хамруулан Америк, Англи, Герман, Хятад, Хонг Конг, Тайван, Малайз, Турк, Энэтхэг, Филиппин, Швед, Сингапур, Австри, Япон, Солонгос, Казакстан, Киргиз, Индонези зэрэг дэлхийн 20 гаруй улсад зохиогдсон

55 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улсын, дэлхийн, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 78 цом, 1004 медалийг хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчлан оюуны спортын дэлхийн чансаанд Монголын баг тамирчид тэргүүлсээр байна.

Тухайлбал, дэлхийн ой тогтоолтын спортын нас насны ангилалын 54 дээд амжилтын 30-ыг нь манай тамирчид эзэмшиж байна. Мөн 2018 оны Геннисийн номонд 3 тамирчин маань бүртгэгдээд байгаа бөгөөд Саяхан Индонези улсын Бали аралд зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай баг тамирчид

Ази тивийн 3 дахь удаагийн аварга болж чадсан бахархам амжилтуудыг нэрлэмээр байна. Өнгөрсөн жил Спорт өрөлтийг улсын хэмжээнд хөгжүүлэх зорилгоор спорт өрөлтөөр хичээллэгч хүүхэд, залуусын хүрээг тэлж, хүйс болон насны ангиллаар улс, олон улс, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэж, эх орноо сурталчлах эрхэм зорилготой

Монголын Спорт Өрөлтийн Холбооны үйл ажиллагааг идэвхижүүлэн одоогийн байдлаар улсын болон хувийн нийт 85 цэцэрлэг, 20 сургууль, 8 ААН байгууллагатай хамтарч ажиллахын зэрэгцээ улирлын болон улсын аваргын тэмцээнүүдийг идэвхитэй зохион байгуулж байна.

Монголын Спорт Өрөлтийн Холбоо нь Дэлхийн Спорт Өрөлтийн Холбооны гишүүн бөгөөд орон даяар тэмцээн уралдаан зохиох болон спорт өрөлтийн албан ёсны бүтээгдэхүүн борлуулах эрхтэй цорын ганц байгууллага болсон байна.

“Хамтдаа хөгжье” зорилгын хүрээнд Академийн хүний нөөц болон сургалтын албанаас багш, ажилчдын ур чадварыг хөгжүүлэх, сэдэлжүүлэх, авъяас чадварыг нээн илрүүлэх зорилгоор Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан, Рубик шоо, Спорт өрөлт,

Ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн болон бусад уралдаант тэмцээнүүд зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд эдгээр ажлууд нь зөвхөн байгууллага дотроо төдийгүй нийгэмд манай хамт олны эерэг хандлага, дадлыг сурталчлахад чиглэгддэг билээ.

2018 оны 9-р сард Академийн Контентийн алба үүсгэн байгуулагдаж сургалтын хөтөлбөр агуулгыг сайжруулах, шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, оюуны бүтээл, бүтээгдхүүн үйлдвэрлэж олон нийтэд таниулан хүртээх зорилгын хүрээнд

Ой тогтоолтын хөтөлбөрийн шинэчлэлүүд, холбоотой дасгалын ном, онлайн хичээл зэрэг оюуны бүтээлүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ ‘Ой тогтоолтын аргаар гадаад үг цээжлэх’, ‘Ой тогтоолтын дасгалын онлайн програм’-ыг дэвшилтэд технологи ашиглан, аппликэйшн хэлбэрт оруулж, олон нийтэд хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байна.

Ийнхүү Манай академийн хамт олон Монгол ухааныг дэлхий дахинаа тамгалахын төлөө хичээнгүйлэн зүтгэж, оюун ухаан, хүч чадлаа дайчлан, сэтгэл зүрхээ зориулан, гар нийлэн, эрхэм зорилгынхоо төлөө шантралгүй урагш алхсаар байна. Оюунлаг ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button