“НООЛУУР” барьцаалан Хөгжлийн банканаас зээл авчээ
Хөгжлийн банкны зээлдэгч, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс хийгээд банкны зээлийн барьцааны талаар бид цувралаар мэдээлж байгаа билээ. Тэгвэл энэ удаад Хөгжлийн банкны барьцаанд хөдлөх хөрөнгө болон ноолуур зэргийг барьцаалж зээл аваад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлдэгч ангилалд ороод буй компаниудын
талаарх мэдээллийг хүргэж байна. Хөгжлийн банкны зээлийн барьцаанд дөрвөн компани нийт 30 гаруй тэрбум төгрөгийн үнэ бүхий ноолуур тавьжээ. Тодруулбал, “Монгол микрон кашмер” ХХК 28.9 тонн самнасан ноолуур, 45.0 тонн түүхий ноолуур зэргийг барьцаалж, 2017 онд 454 сая иен, 2018 онд 5 тэрбум төгрөгийн зээл
авсан байна. Гэсэн ч өдгөө зээл нь чанаргүй зээлийн ангилалд ороод байгаа аж. Тус компани нь Хил хааснаас борлуулалт хийж чадаагүй, ханшнаас өндөр алдагдал хүлээсэн хэмээн үзэж, Хөгжлийн банкийг шүүхэд өгсөн гэх мэдээлэл байна.“Монгол микрон кашмер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Ч.Баттогоо, гүйцэтгэх захирлаар нь Д.Галбадрах
ажилладаг аж. Харин“Пи си вай” ХХК 2,190 кг самнасан ноолуур, 7,353 кг бэлэн ноолууран утас, 13,527.20 кг самнасан ноолуур зэргийг барьцаалж, 2018 онд 4 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Гэсэн ч зээлийн үлдэгдэл нь 4.5 тэрбум төгрөг болж, мөн л чанаргүй зээлд оржээ.
Тиймээс уг зээлийн асуудал Дээд шүүх дээр яваа аж. “Пи си вай” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Б.Гантүлхүүр гэх хүн байх бөгөөд сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг хэмээн бүртгэгджээ. Мөн “Хатант интернэшнл” ХХК 58 мянган кг түүхий ноолуур зэргийг барьцаалж, 2017 онд 138 сая иен, 2018 онд 5.2 тэрбум төгрөгийн зээлийг
Хөгжлийн банкнаас авчээ. Харин зээлийн үлдэгдэл нь 8.3 тэрбум төгрөг болж, мөн л чанаргүй зээлийн ангилалд орсон байна. Тус компанийн хувьцаа эзэмшигчээр Б.Баярмаа, гүйцэтгэх захирлаар Д.Ганбат гэж хүн бүртгэлтэй байгаа юм.Харин “Говь” ХХК Хөгжлийн банкнаас зээл авахдаа
367,779.2 кг түүхий ноолуур бүхий зүйлс барьцаалж зээл авчээ. Өдгөө тус компанийн зээл хэвийн төлөлттэй явж байгаа юм байна. Ямартай ч чанаргүй зээлдэгч хэмээх ангилалд орсон 52 компанийн гурав нь хөдлөх хөрөнгө болох ноолуур зэргийг барьцаалж зээл авсан байх нь. Эх сурвалж :АйСи.МН